2023年5月14日日曜日

Мөнгөний боловсрол

Энэ удаагийн ном "Мөнгөний боловсрол хэрхэн олгох вэ?" гэдэг  ном. Санаандгүй тааралдаад зээлчихсэн. 

Бага, дунд сургуулийн эцэг эхийн хурал цуглааны лекцийн их эрэлт, хэрэгцээт сэдэв гэсэн байхаар нь сонирхов. 

Бага зулзага дээрээ л туршихаас, дээд 2 нь ч одоо лөөлөө болсон байх. Хэ хэ. 

Олон зүйл нуршихгүй ээ. Шууд эхэлнэ. Аль болох бага ангийн 1-3 ангид нь мөнгөтэй харьцуулж эхлэх. 

Ингэж өгөхдөө гэрийн ажлаас туслалцвал маш бага хэмжээгээр өгөх. Жишээ нь ванн угааж өгвөл 50 иен. Хог асгаж өгвөл 10 иен гэх мэт. 

Гэрийн ямар нэг ажилд туслалцуулаад мөнгө өгөхдөө аль болох бага хэмжээнээс эхлэх.

Үүрэгт хийх ёстой ажлаа цалгардуулсан, оромдсон гэх мэт үед мөнгө өгөлгүй өнжих. Энэ нь ямарваа нэг ажлыг муу хийвэл, сэтгэлээсээ хийхгүй бол мөнгө олддоггүй байх нь гэж ухаарна. 

Ингэж гэрийн ажилд туслалцуулаад мөнгө өгөх нь хэдийгээр мөнгө авч байгаа ч гэсэн гэрийнхэндээ багахан ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулж байна гэж итгэл төрнө. 

Мөнгөтэй харьцаад ирэхээр хүүхдийн тань өмнө нь харж байгаагүй зан чанар илэрнэ. "Хөөх манай энэ ийм харамч билүү? Ийм нарийн билүү?". Эсвэл "Ийм үрэлгэн билүү?, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй нь ээ" гэх мэт ааш араншинг нь олж харна.

Энэ мэт үүрэгт ажлаа сайн бөгөөд тогтмол хийгээд ирэхэд нь сар бүр тодорхой хэмжээний гарын мөнгө өгдөг болох. Энэ үед мэдээж анги ч дэвшинэ. Мэдээж гэрийн ажлыг үргэлжлүүлэн хийлгэнэ. 

Магтахаа мартаж болохгүй. 

Гарын мөнгөө өөрөө зохицуулж хүссэн юм аа авдаг болгох. Бага байхад нь бол ээж оролцох, үе үе өөрт нь тохирсон жижиг зүйлийг даалгах. Хамгийн их хүссэн зүйлээ авах. 

Юуг ээж аав авч өгөх, юуг өөрийн мөнгөөр авах гэх мэтийг ярилцаж тохиролцох. Сар бүр өгдөг мөнгө нь гэрийнх нь санхүүгээс илүүчилж өгдөг гэдгийг сайн ойлгуулах.

Мөнгөгүй болчихлоо гээд дараа сарынхаа мөнгийг урьдчилан авах гэхэд нь өгч болохгүй. Мөнгөгүй байх үеийн мэдрэмж, яагаад мөнгөө дуусгачихав? гэж тунгаадаг болно. 

Мөн ирэх сарын мөнгө өгтөл тэснэ, тэвчинэ, ирэх сарыг хүлээнэ гэх мэтээр хүүхэд тань хөгжиж байна л гэсэн үг.

Сар бүрийн мөнгөний хэмжээгээ нэмэхийг хүсэхэд нь учир шалтгааныг сайтар асуух, өөрөөр нь тайлбарлуулах. Томроод хэрэглээ ихэссэн байж мэднэ, нэг бол юмны үнэ нэмэгдсэн ч байж магад учир. 

Ингэхдээ гол нь таныг буулгаж авах, таныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэх тайлбар тавиулах хэрэгтэй шүү. 

Хүүхэд чинь мөнгөө дэмий зүйлд үрээд дуусчихсан, тэгсэн дахин хүссэн зүйд нь гарч ирээд түүнийгээ авч чадахгүй, мөнгө нь хүрэхгүй гэж урваганаад, уйтгарлаад, шалсан ч авч өгч болохгүй, мөнгө өгч болохгүй. Нэг ёсондоо өрөвдөж болохгүй. 

Алдаж онож байж хөгжинө. Энэ сарынхаа мөнгийг дэмий зүйлд үрчихлээ дээ, хойшид мөнгөө ариг гамтай хэрэглэнэ ээ гэж боддог болно. 

Хаа нэгтээ уур хүргэсэн тохиолдолд мөнгөний хэмжээг багасгаж болно. Жишээ нь хийх ёстой ажлаа цалгардуулсан гэх мэт тохиолдолд. 

Хүссэн болгоныг нь авч өгөхгүй байх. Хүний амьдралд хүссэн болгоноо авч чадахгүй байх, хүссэн болгон нь биелэхгүй байх нь их гэдгийг ойлгуулах. 

Хүүхэд ээж аавыгаа дуурайдаг учир та өөрийн мөнгөний хэрэглээндээ, мөнгөнд хандаж буй хандлагандаа ч мөн анхаарах. Хэрэв үрэлгэн зантай бол бүр ч болгоомжтой хандах хэрэгтэй...

Эмээ өвөө нар ач зээгээ эрхлүүлэх гээд байдаг тул гэр бүлийн дүрмээ сайн тайлбарлаж ойлгуулах. Нэг дор их мөнгө өгч болохгүй гэж хэлэх. Харин төрсөн өдөр, зул сарын баяраар жинтэйхэн бэлэг өгч болно гэж хэлэх. 

Хүүхэд заримдаа ээж аавын түрийвчнээс дур мэдэн мөнгө авчих тохиолдол байдаг. Энэ үед яагаад авсныг нь асууж ярилцах. 

Найзууд нь хүссэн зүйлээ авахуулдаг байхад би чаддаггүй, манай ээж аав авч өгдөггүй гэж гомдоллох тохиолдол байдаг. Энэ үед айл бүр өөр өөрийн гэсэн орлого зарлагатай, манай гэрийн хувьд ийм ийм байдаг, ийм ийм зүйлд мөнгө зардаг, ийм хэмжээний орлоготой гэх мэтээр ярьж ойлгуулах. 

Заавал шинэ зүйл гэлтгүй зарим үед хуучин зүйл худалдаж авч, хэрэглэсэн ч болно гэж ойлгуулах. 

Хүүхэддээ амласан бол та ч гэсэн амлалтаа биелүүлж байх. Ингэснээр хүүхэд тань танд итгэж, юмаа нуулгүй ярьдаг болох. 

Юм худалдаж авч өгөхдөө тэдэн төгрөг дотор л авч өгнө шүү гэж хэмжээ тогтоох. 

Мөнгөө хэрэглэсэн талаар нь дэвтэр хөтлүүлэх. Ингэснээр мөнгөнийхөө үлдэгдлийг мэдэж, худалдаж авах зүйлээ ч дэс дараалалд оруулж, зарим нэгийг нь больж сурна. 

Хадгаламж чухал гэдгийг хэлж ойлгуулах. Өөрийнх нь мөнгөнөөс тодорхой хэмжээг нь данс нээж хадгалах. Амьдралд юу ч тохиолдож болно гэдгийг хэлж ойлгуулах. Тэр үед хэнээс гуйлгүй өөрсдөө яаж ийгээд хадгаламжаараа төлөх хэрэг гардгийг ойлгуулах. 

Ирээдүйд нь мөнгө нэлээд хэмжээгээр хэрэг болох тухай, мөрөөдлөө биелүүлэхэд ч мөнгө тодорхой хэмжээгээр хэрэг болдог тухай ярилцаж, дэмжих.

Мөнгөнд талархаж сургах. 1 төгрөг байсан ч хүндэтгэлтэйгээр, талархаж хандахыг хэлж ойлгуулах. 

Гэх мэтээр бичжээ. Комик хэлбэрээр бас хөөрхөн ээж хүү, ээж охин, ээж аав хүүхэд, үе үе эмээ өвөө гарч ирнэ. Хэ хэ. Зохиолч нь Такэя Кимико. 2012.4.20-нд хэвлэгдэж гарсан ном. 

Өөрийнхөө мөнгөнд хандах хандлагыг нэг тунгаан бодлоо. Нэлээд хэмнэлттэй талдаа. Үрэлгэн зан нь гайгүй. Гэхдээ мэдээж үе үе доргино. Хэ хэ. Хадгалах хэрэгтэй гэж үглэдэг талдаа. Хэ хэ. 

О. зулзагадаа ахлах ангид ороход нь өгдөг болсон. Гэхдээ сар бүр тогтсон мөнгө ч бас биш юм байна. Хэрэгтэй үедээ хэлээд авдаг байсан. Одоо ганцаараа бие дааж амьдраад, залуу ч байна, үрэлгэн талдаа санагдсан. Ккк. 

Дунд зулзагын мөнгө овоо болсон. Жаахныг аваад бусдыг нь ээж хадгалдаг. Дансанд бол хийгээгүй л байна. Ээж ч авахгүйг хичээдэг. Заримдаа бэлэн мөнгө хэрэг болоод нууцаар авчихаад, маргааш нь гялс буцааж хийдэг. Хи хи. 

Бага зулзага одоогоор мэдэж юм алга, үлэг гүрвэл авахуулна, ээжид мөнгө байхгүй бол эмээ өвөөгөөс асууя гэдпэг. Хэ хэ. Азаар өнөөдүүл нь хол, дээрээс нь ханшны зөрүүтэй тул тэтгэврийн насны 2 хөгшинд ахдана. Ганц нэг хүмүүсийн өгсөн мөнгийг нь хадгалахыг хичээдэг. Төрөхөд нь өгсөн мөнгийг үрчихсэн. Жавхлан юм дөө. Одооноос хадгална аа яс.

За тэгээд хичээгээрэй, ижий аав, эмээ өвөө нар минь. Манай монгол хүүхдүүд харьцангуй гайгүй байх өө, хэт тансагуудыг эс тооцвол...

Түр баяртай, бүгдэд нь мөнгө, эрүүл энх, аз жаргал гээд бүхнийг хүсье.

0 件のコメント:

コメントを投稿