2023年10月28日土曜日

Дуртай өнгө ба цэцэг

Дуртай өнгө зөндөө л дөө. 

Хувцас авахдаа харин бараандуу өнгийг голцуу сонгодог болжээ. Гол нь сүүлийн хэдэн жил хөвсийсөнтэй минь холбоотой. 

Гэхдээ сая ногоон өнгийн автобус гээд баахан шуугив даа. Тэгсэн ногоон юбка хэд хэд байна лээ. Тод ногоон, хар ногоон гээд. Хи хи. 

Залуудаа харьцангуй тод цамц, хүрэм өмсдөг байжээ. Тэр үед өөрийгөө хөвсгөр гэж бодож явсныг минь бурхан өршөөг. Ха ха. 

Ороолтнууд минь харьцангуй тод өнгө олон. Улбар шар, цайвар, усан цэнхэр, тод хөх, сая найзууд гоё тод шар өнгийн ороолт бэлэглэсэн. Удахгүй сэрүүсхээр гоёно доо. 

Бага зулзага жаахан томроод хүзүүнээс зүүгдэхээ байхаар ороолтнуудаараа гангарна даа. Одоохондоо заримыг нь зүүж амжихгүй өвөл дуусна. Зулзага зүүгдэхээр ороолтнууд минь энд тэндээ утас нь хөврөөд, татагдаад гээд урагдчихдаг юм.

Гэснээс олон хувцас гэрт хөглөрөөд ирэхээр жаахан уур хүрээд, зөндөө ороолтоо монгол руу явуулчихсан. Хөдөө гадааны хүмүүст хуучин гэж голохгүй бол өгчихөөрэй гээд. Ноолууран ороолт голцуу...

Энэ хүрэн улаан өнгөнд бас дуртай. Нэг ийм өнгийн юбка байна. Бүсэлхийгээрээ жаахан бариад байна аа. Буцаж жингээ хасмаар байна аа. Тэгэхгүй бол дахиад л хүнд өгчихнө шүү дээ. Хо хо. 

Цаанаа нэг тийм тансаг өнгө байгаа биз дээ? Мөн ирээдүйд ийм өнгийн машинтай болно гэж мөрөөддөг. Одоогоор хар өнгийн л машинтай л даа. Хэ хэ. 

Би ийм өнгийн малгай өөртөө нэхэж байсныг санаж байна уу? Олон жилийн өмнө. Өнгөрдөг өвөл бага зулзага өмсөөд, гангарсан. 

Мөн оюутан байхдаа ийм өнгийн бээлийн нэхэж байсан юм даг. Бүр таван хурууны бээлий шүү. Ямар ч уйгагүй байсан юм. Одоо бол залхуураад нэхэхгүй ээ. 

Сая зун хайрцагнуудаа ухаж байсан нэхсэн бээлий минь гарч ирсэн. Ёстой дурсамжтай санагдсан. Бас болоогүй ээ, нэхэж зардаг байлаа. Хо хо. 

Гэснээс нэг хэсэг их нэхдэг байж. Ороолт, оймс. Одоо бол онгод бууж ирэхээ байсан. Мөн хэрэглээ нь ч тэр, хэрэгцээ нь ч тэр багассан. Минималист байх хандлага буй ч зулзагууд жаахан тул амжихгүй. 

Өөрийн минь хэрэглээ бол цөөн цөөн. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿