2023年10月27日金曜日

Халуурав

Бага зулзага халуурсан. Ээж амарсан. Эмнэлэг явсан. Эм авсан. 

Нэг шингэн эмийг уух гэж байна гээд, маяглаж огьж асгаад загнуулсан. Бага зулзагатаа амь ээж нь уурласан чинь зулзага өөрөө сонин болоод бусдыг нь маш дуулгавартай уусан. Хэ хэ. 

Заримдаа ч маяг нь дийлдэхгүй юм. Эдний хүүхдэд бичиж өгдөг эмнүүд бол хачин гоё амттай. Тан л биш бол. Тэгсэн маяглаад байхаар уур хүрнэ шүү дээ. 

Үргэлж блогтоо гоё зүйл бичдэг шигээ сайхан ааштай биш. Ааш минь орно оо, гарна аа. Солонгон ааштай шүү дээ. 

За тэгээд өдөржин нялуурсан хоёр. Бэлээхэн ор байхад заавал ээжийнхээ дээр гарч мөөмдөж хэвтээд. Орноос нь илүүтэйгээр хөвсгөр зөөлөн байна гэсэн үг үү? Энэ чинь одоо. 

Хөвсгөртөө гол нь биш, хоёр жижигхэн мөөмөндөө л байна гэж өөрийгөө жаахан тайвшруулав. Түүнээс сая найзуудтайгаа идэж уугаад байсан чинь маш амархан жин нэмсэн. 

Нэмэх нь хурдан, хасах нь удаан...

Эгчийгээ бодвол харьцангуй цөөн тоотой эмнэлэг яваад байгаа ч. Эмээ өвөөд нь даатгаад ажилдаа явчихаж чадахгүй болохоор аль болох битгий өвдөөсэй, битгий ханиад хүрээсэй гэж залбирах нь холгүй явна өө...

Зулзагаа бага зэрэг дугхийхэд нь блогоо сөхөж байна. Номоо ганц хоёр мөр уншив. Нэг дор унших завдал гарахгүй ч жаахан л амсхийх цаг гарвал ингэж ганц хоёрхон мөр уншсаар одоо бараг дадал болчихож. 

Бүр зам гарах гээд минут хэртээ зогсохдоо хүртэл номоо дэлгэдэг болсон. Ха ха. Бараг гэрэл солигдоход баярлаад байгаа юм биш үү? Өө ашгүй гээд л...

Сэрүү ороод, ханиад томуу дэлгэрэх янзтай. Бага зулзагын алба мэр сэр бий гэсэн, ханиадтай хүүхдүүд. Одоо жаахан тэсчихвэл ч сургуульд орох гээд байдаг. Тэгвэл ээжид ядаж 10 минут тухтай сууж номоо унших цаг зав гарах гээд байдаг...

Дунд зулзага уу? Байж л байна. Ха ха. Заримдаа ч таван үг солилцоогүй ч байх шиг. Нэг л их завгүй хүн, нэг л их шилжилтийн насандаа яваа хүн. Ууртай, ааштай гэж юүхэв л байна. 

Ийм үед нь хамгийн их тэвчих ёстой нь ээж аав нь гэсэн. Хо хо. 

Бишгүүр хөгжим дарахаар болсон, хэцүүг нь л гайхаад байсан. Багш нь л томилсон юм гэсэн. Удахгүй урлагийн үзлэг болно. Ажлын өдөр. Чөлөө аваад явна даа. Сайндаа ч биш ээ, эцэг эхийн зөвлөлд сонгогдчихсон тул арын албанд туслах үүрэгтэй. Оролцоё өө гээд саналаа өгчихсөн.

Гэртээ өнжсөн нэг өдөр иймэрхүү. Юу ч биччихэв. СБА шүү. Маргааш ажилдаа явж амжих нь уу? Халуун буусан л бол явуулна гэж үзнэ дээ. 5-с 7 хоног амрах ёстой гэдэг заалтгүй л бол эмийг нь цүнхэлж өгөөд явуулчихдаг. 

Эмчээс эм уух ёстой гэсэн тамгатай бичиг авна. Өдөр бүр цэцэрлэгт нь ийм эм уух ёстой гэж цаас бөглөнө. Ажиллагаа ихтэй ч, зарим нэг тогтолцоо нь бас ажилтай эцэг эхийг их дэмжинэ ээ. Талархана. 

Хүүхдийнх нь нэр бичээстэй цаасан дээр эмийг нь уутлаад өгдөг нь талархууштай. Эм нь үнэгүй олгогддогт талархууштай. Эмнэлгийн үйлчилгээ нь түргэн шуурхайд талархууштай. 

Нас яваад олон зүйлд талархалтай ханддаг болоод байна шүү. Хэ хэ. 

Ингээд блогоо бичээд сууж буйдаа ч талархууштай...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. Эрүүл энхийг хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿