Дунд сургуулийн эцэг эхийн хурал болов. Хурал ч гэж дээ, би л тэгж орчуулаад байгаа юм. Түүнээс баштай нь ганцаарчилж уулздаг.
Хичээлийн явцын шалгалт, анги дээрх байр байдал, хичээж буй зүйлс, гэртээ хэрхэн хичээл хийх цаг гаргаж байна гэх мэтээр харилцан ярилцдаг.
Дунд сургуульд ороод хичээлийн агуулга хүндэрдэгийг мэднэ л дээ. Эхний хэдэн шалгалт бол тааруухан л дүн хэлсээр орж ирдэг. Туршлагатай хүн шүү дээ би чинь.
Дүрмийн дагуу л явж байна лээ. Хэ хэ. Хичээл эхлээд улирал бүр нэг шалгалт авдаг. Хамгийн анхны шалгалтаас сүүлийн шалгалт хүртэл онооны хувьд буужээ.
Багш нь ч хэлж байна лээ. Сайхан доошоо уруудаад гэж авсан. Хо хо.
Яалтай? Ядаж байхад ангийн дарга, сурагчдын зөвлөл энэ тэр гээд хэнхэг царайлаад. Дээрээс нь ханын сонин билүү? Дээхний хэллэгээр бол. Тиймэрхүү зүйлд зураг зурж өгч мөгөөд.
Цагаа дэмий зүйлд зарцуулаад байгаа юм шиг санагддаг ч энэ удаад багшид хэлсэнгүй ээ. Тувт хичээл гэж гүйж байхаар гар хөлөө зэрэг өргөөд, нийгмийн идэвхи зүтгэл гаргаад явж л байг даа гэж дотогшоо өмөлзөнө. Хи хи.
Ааш араншингийн хувьд нэлээд шулуухан хэлчихдэг, таалагдаагүй зүйлсээ заримдаа ч хэтрүүлээд нэлээд ширүүн, бүдүүлэгдүү хэлбэрээр хэлчихдэг гэнэ шүү. Угаасаа гэртээ ч бас нэг тиймэрхүү байгаад байгаа юм.
Өөдөөс цор цор гээд. "Хийж л байгаа шд, хичээж л байгаа шд, яагаад тулгаад байгаа юм, яагаад хардаад байгаа юм?" гэдэг хариулт ихэссэн.
Эгчийгээ бодвол арай л ширүүн байгаад байна уу даа? гэж бодсон ч, харьцуулж болохгүй, нэг эхээс төрсөн ч хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой шүү дээ гэж өөрийгөө тайвшруулаад, хүүхдийн хүмүүжлийн тухай олж уншсан, сонссон зүйлсээ тархиндаа эргэлдүүлээд л явж байна.
Мэдээж эх хүн л болсон хойно уурлана, үглэнэ, бухимдана.
Ном унших дадал бол сайн. Гэм нь сүүлийн үед шинэ ном гэхээсээ илүү Харри Поттер л дахин дахин уншаад байхаар нь сонирхол татахуйц ганц нэг ном зээлж авчирлаа.
Өө тийм, бас нэг авууштай нь гэрийн номын санд буй эгчийнхээ болон ээжийн худалдаж авсан номнуудыг уншиж харагддаг, сэтгэгдлээ хэлдэг. Энэ жилийн шагналт байрын номыг худалдаж авч тавина аа, их дажгүй гэж сонссон.
Аан тийм, ангийнхан дундаа нэлээд манлайлагч талдаа гэнэ шүү. Ангийн ямар нэгэн арга хэмжээн дээр түүний амыг харах тохиолдол бий гэнэ шүү.
Анги даасан багш нь хэлж байна лээ, японы нийгэмд бас хэт шударга хэлчихдэг хүн ад үзэгдэх гээд байдаг, арай зөөлөн аргаар хэлж сурах хэрэгтэй байгаа юм. Нэгнийхээ сэтгэлд юм хийчихэлгүйхэн шиг эвтэйхэн хэлэх хэрэгтэй гэж би болон бусад багш нар бас хэлж ойлгуулахыг хичээж байгаа" гэсэн.
Бурхан минь энэ зан нь өөрт нь нөлөөлчих вий гэж санаа зовчихлоо. Дунд сургуулийн 2 дугаар ангиас сурагчдын шилжилтийн нас гээд зан ааш, авирын хувьд ихээхэн өөрчлөлт ороод, нэгнийгээ дээрэлхэх, ад шоо үзэх явдал ихэсдэг гэж байнга л уншдаг болохоор, ирэх жил анги дэвшээд ангийнх нь хүүхдүүд хоорондоо солигдоод, тэрэн дунд нь өөр шиг нь ижил ааш авиртай нэгэн гарч ирээд үзэлцээд унах вий? Адлагдах вий гэж битүүхэн санаа зовоод өө.
Одоогоор ядарсан ч хичээлдээ яваад, идэвхитэй оролцоод байгаад нь талархаад л байдлыг харахаас өөр аргагүй. Мэдээж харьж ирээд бас үглэлээ үглэлээ. Арай аядуухан шиг ярьж хөөрч бай гээд.
Багаасаа л хэл ам нь гүйцэгддэггүй байсан юм, томорсон чинь бүр гаарах шинжтэй шүү. Аав нь ширүүн тулдаа нэг юм хандыг нь дарж байх шиг, одоогоор ч.
3 дугаар ангид ороод жаахан номхрох байгаа? Ахлах сургуульд элсэх элсэлтийн шалгалтанд бэлдээд, юун тэгж хүмүүстэй зөрчилдөөд явж байх манатай болох байгаа?
Зулзагууд нь шилжилтийн насан дээрээ яваа ээж аавуудад амжилт хүсье. Би ч хэсэгтээ энэ шилжилтийн нас гээч юмтай зууралдана, нэг нь арайхийж гараас гарахаар л дараагийнх нь. Ха ха.
Ямар ч зүйл хоёр талтай юм даа, зайтай төрүүлсний ач холбогдол их ч энэ мэт асуудлууд нь хэсэгтээ л ундарч өгөх бололтой...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿