2024年2月29日木曜日

Жюгэмү буюу мөнх нас

Их хөөрхөн ном оо. Зулзагууддаа уншиж өгдөг. Одоо бага зулзагын ээлж. Ээж бол тэр шүлэг шиг уншигддаг хэсгийг бол цээжилчихсэн шүү дээ. 

Тэгсгээд мартана. Санахаараа зээлж авчраад, уншиж цээжлэнэ. 

Аман хошин урлагийн нэг болох ракүго. Ракүго гэдэг нь хошин зүйл ярьж үзэгчдийг инээлгэдэг урлаг. Нэг төрөл нь манайд бас нэлээд түгээд байгаа даа. 

Stand up comedy маягийн зүйл юм. 

Эхэндээ ч мэдээж ойлгохгүй, сонсоод инээж мэддэггүй байсан. Хурдан ч ярина, үг яриа нь нутгийн аялгуу гэх мэт холилдоод ирэхээр нь ойлгохгүй л дээ. 

Мөн японы соёлыг, заншлыг сайн мэдэхгүй бол бүр ч ойлгохгүй. Жишээ нь тогоруу, яст мэлхий урт наслалтыг бэлэгддэг. 

Энэ хошин ярианы агуулга нь нэгэн гэр бүлд хүсэн хүлээсэн хүүхэд нь төржээ. Хүү ч байж. Тэгээд нэр өгөхөөр лам дээр очжээ. Лам ч мэдээж энэ ч зүгээр мянга наслахыг, тэр ч зүгээр бум түм наслахыг бэлгэддэг гэж хэлжээ. 

Аавд хангалтгүй санагдаад, ламаас сонссон нэрсүүд бүгд л аятайхан санагдаад ламаас дуулсныгаа бүгдийг нь хүүдээ нэр болгоод өгчихдөг юм. Ха ха. 

Би ч зулзагуудаа дуудахдаа тэрхүү уртаас урт нэрийг нь цээжээр хэлж байгаад л хамгийн сүүлд өөрийх нь нэрийг оролцуулаад л дуудна, хааяа. Жуумалзаж өгнө өө, өнөөдүүл чинь. Хи хи. 

Мэдээж томроод  ирэхээр нь ингэж тоглохгүй л дээ. Эсрэгээрээ залхсан байдалтай өөдөөс харна. Ха ха. 

Заримдаа ч би сахилгагүй ээж болчихдог талтай. Заримдаа үнэнхүү чухал царайтай ээж, үе үе юу ч чаддаггүй залхуу ээж, үе үе чухам үйлэнд уран ээж гээд л надад их олон нүүр байна аа. 

Өмнөх эмэгтэй номонд гардаг шиг, ганган даашинз л өмсөхгүй. Гэснээс өөрт зохидог ганган даашинзтай болдог ч юм билүү. Эсвэл ногоон торгон дээлтэй болох уу? Дуунд гардаг шиг "ногоон торгон дээлээрээ хичнээн ч жил гоёлоо доо" гэж үр зулзагууд минь дурсана. Хэ хэ. 

Гэм нь монгол уу маруухан мэднэ, яалтай...

Юу ярьж явлаа? Аан тийм ракүго буюу шог яриа. 

Япон хэл анхлан суралцаж буй хүмүүс нэг зээлж аваад чанга дуугаар уншаад, цээжлээд үзээрэй. Тун дажгүй дасгал болно шүү. 

Би ингэж үе үе өмнө нь уншиж байсан номнуудаа зээлж ирээд, зулзагуудтайгаа хамт уншдаг юм. Томорчихсон нь тоохгүй л дээ. Гэхдээ дотроо бол аан нэг ийм ном уншиж байсан шүү дээ гэж боддог байх. 

Бас нэг хөөрхөн ном зээлээд ирсэн. Өөрөө нэг уншиж өгөөд л, ааваар нь нэг уншуулаад л. Дараа танилцуулахыг хичээнэ ээ, марталгүй. 

Япон хэл хэрхэн сурах уу? гэж асуудаг хүмүүст зурагт ном сайн унш, өдөр бүр хүүхэдтэйгээ хамт унш гэж хэлдэг дээ...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿