2024年4月30日火曜日

Япончуудын бүтээсэн боловсрол 2

Уншаад дуусгалаа. Бас ч гэж усыг нь ууж, хоолноос нь хороож буй газар юм болохоор мэддэг нэр ус, үйл явдал гардаг учраас тэр байх, нэг их цаг зарцуулалгүй, боссон ч суусан ч барьж гүйсээр дуусгав.  

Аан ийм учиртай байх нь, хөөрхийс минь, бас л юм юм үзэж туулж буй ард түмэн шүү гэж бодон бодон уншлаа. 

Бидэнтэй адил охид бүсгүйчүүдийн эрхэм ёс, хөвгүүд эрчүүдийн эрхэм ёс гээд л сургадаг байж. 

Японы боловсролд түүхэндээ 3 том "хар хөлөг онгоц" ирсэн гэж зохиогч үзнэ. 

1. Перригийн хар хөлөг онгоц. Энэ нь үгийн үндсэн утгаараа Бакүмацүгийн үед Үрага хэмээх газар үзэгдсэн хөлөг онгоц.  

2. Америкийн эрхшээлд орсон нь буюу удаах "хар хөлөг онгоц". 

3. Хөөсөрсөн эдийн засгийн төгсгөл ба даяаршлын цаана буюу гуравдахь "хар хөлөг онгоц". 

Бидний оросын боловсролыг хуулбарласан шиг япончууд мөн л америкийг хуулбарлахаас өөр аргагүйд хүрч байсан бололтой. Америкаас хяналтын баг ирж "санаа оноо" хэлж "зохицуулдаг" байж. 

Яг л "орос ах" нар шиг. 

"Японы боловсролын тогтолцоог хянах бодлого" гэгчийг хэрэгжүүлж, "ёс суртахуун, японы түүх, газар зүй" гэсэн 3 хичээл нь милитарист идеологийг ард түмэнд түгээх гол хэрэгсэл болж байсан тул уг хичээлүүдийг хааж, сурах бичгүүдийг татан авч байжээ. 

Мэдээж энэ бүхэнтэй сөргөлцөж, уламжлалт боловсрол хүмүүжлийн аргыг хослуулах хэрэгтэй гэж үздэг зүтгэлтнүүд байсаар ирсэн. 

"...Нобелийн шагнал хүртсэн япончуудын дийлэнх нь хуучны япон маягийн их сургуульд боловсрол эзэмшсэн гэдгийг бодсон ч, одоогийн Их сургуулиудын шинэтгэл үнэхээр Япон улсад үр өгөөжтэй байж чадах уу гэдгийг эргэж харах шаардлагатай..." 

Хэмээн тэртээ 20 жилийн өмнө бичиж байж. Эдүгээ хөрхэн өөрчлөгдсөнийг би сайн мэдэхгүй байна л даа. Боломж гарвал олж унших хэрэгтэй шиг бодогдов. 

Хүүхдийн тоо илт цөөрөн, цэцэрлэг сургуулийн төлбөрийг хөнгөлөх, төлбөргүй болгох гэх мэт шийдлүүдийг хэрэгжүүлж эхлээд буй ч яг бодлого, хэтийн төлөв нь хэрхэн өөрчлөгдөв гэдэг нь сонин.

"..."Хүүхэд бол эцэг эхийн тусгал" гэдэг үг бий. Үүнийг "хүүхэд бол эх орны тусгал" гэж өөрчилсөн ч болно..." 

Хэмээн номын төгсгөл хэсэгт шигтгэжээ. Өнөөгийн манай эх орны минь нөхцөл байдалд ч ихэд тохирох үг шиг санагдаад...

Хүүхдийг ганц сургууль биш нийгмээрээ, тосгоноороо, нийтээрээ хүмүүжүүлж, боловсруулах арга, шийдлийг хослуулах хэрэгтэй гэж үздэг шиг байна. Энэ ч үнэний ортой үг тийм үү? 

Дан ганц сургуульд найдна гэвэл нэлээд өрөөсгөл л дөө. Бид ч нэг асуудал гарвал дан ганц багшийг, сургуулийг буруутгах гэдэг. Олон өнцгөөс нь харах чухал...

"...Ижимэ буюу дээрэлхлийг алга болгох нь багш ч, эцэг эх ч, цагдаагийн байгууллага ч биш, үнэндээ хүүхдүүд өөрсдөө билээ. Хүүхдүүдэд дээрэлхлийг үл тэвчих ухамсар суулгахын тулд ардчиллын суурь зарчим руу буцаж очих шаардлагатай..."

Энэ асуудал одоо ч нэг мөр шийдэгдээгүй л байна. Яг яах ёстойг хэлж мэдэхгүй ч, хүүхдүүдтэйгээ тулж ажиллах ёстой байх даа, эцэг эхчүүд. Миний өөрийн зулзагууд иймэрхүү асуудалтай мэр сэр тулгардаг...

Уншиж дуусаад, америкийг "зэвүүцэх" сэтгэл төрөв. Түүхэндээ эд ч өөрсдөө хүн шиг байгаагүй тул америкчууд япончуудыг байранд нь тавьсан гэж үздэг ч хамгийн их хохирдог нь "хүүхдүүд" юм аа. 

Өнөө үед ч бидний гэм буруу, тэнэг шийдлүүд, сонголтын уршгаар ирээдүй хойч үе-хүүхдүүд минь хохироод, биднийг тусгалаа болгоод яваад эмзэглэнэм. 

Дор бүрнээ л хичээх нь чухал цаг үе тулгарчихаад байна шүү, тийм үү? 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿