Тэгэхээр энэ хүмүүсийн уншсан номынхоо тухай бичсэн тэмдэглэлийг уншихаар, дотроос нэг хүн "бич, бич, бичээч ээ" гэж хатгаад, өдөөд байх юм гэхгүй юу? Хи хи.
За юун дээр зогслоо?
2. Хүүхэдтэйгээ өдөр тутамдаа маш энгийн зүйлээр ярилцдаг байх. Ингэж чадвал хоорондын итгэлцэл аяндаа л бий болно.
Миний хувьд хүүхэд бага байхад бол үүн шиг амархан зүйл алга дөө. Томроод ирэхээр, шилжилтийн насанд бол нэлээд төвөгтэй асуудал болж ирнэ. За энэ хэсгийг даваад гарчихвал бас ч гэж гайгүй.
Одоо дунд зулзага яг шилжилтийн нас нь ирчихэж. Хаяанд биш бүр тулж ирээд, хаалга тогшоод ороод ирсэн. Ядардаг байх, нэг л их ууртай, хэг ёг гэсэн охин байна энд.
Өөрт нь таалагддаг юм, амттайхан идэх юм гэх мэт байвал ааш гэж хайлсан тугалга шиг. Өөрийн дургүй, өөрт таалагдахгүй юм бол за тэгээд хамарт нь баас наачихсан аятай л байна шүү дээ.
Ингэхэд уншигч олны өсвөр насны, шилжилтийн насны зулзагууд хэр ааш гаргаж байна даа? Туршлага судлах юмсан. Ганцхан манайд ийм байвал ч ээж миний арга барил, хатан ижий ухаан энэ тэрд асуудал байна тийм үү?
О.зулзага бас иймэрхүү зан ааш, авир гаргаж л байсан байх даа? Блогтоо бичиж байлуу? Олж унших хэрэг гарах нь...
3. Хүүхдийнхөө өнгөрсөнд инээмсэглэлийг хангалттай дүүрэн үлдээх. Өөрийн эрхгүй инээмсэглэн дурсахаар дурсамжийг ихээр үлдээх юм болов уу даа.
Би ингэж чадаж буй билүү? Аз жаргалтай дурсамж гэж яг юуг хэлэх үү? Ойрд зулзагуудаа, ялангуяа шилжилтийн насандаа яваа зулзагаа дагуулан орж гарч чадахгүй л байна. Тэгэхээр бага сургуульд байхад нь сайн дагуулж ийш тийш явах хэрэгтэй шүү.
4. Хүүхэд тань инээж байвал амар амгалан байна аа л гэсэн үг.
Нээрээ л хүүхэд багадаа их инээнэ. Томрох тусам хэр баргийн зүйлд инээхээ байчихдаг шиг. Найз нөхөдтэйгөө байхдаа бол инээдэг байх. Гэртээ бол багынх шигээ инээх тоо нь цөөрсөн байна шүү.
Яавал инээдийнх нь тоог гэртээ нэмэх вэ? Бодолцоно оо. Огт инээхгүй бол биш шүү. Намайг аашлаад, огт инээлгэдэггүй, токсик ээж гээд ойлгочихов доо. Хо хо. Гэхдээ токсик ээж талдаа байх шүү. Энэ тухай номыг бид ирэх жил уншихаар сонгосон байгаа юмсан, наана нь унших хэрэг гарч магад шүү, энэ янзаараа ч...
5. Хүүхдэд тань хэрэгтэй зүйл бол дэмжих биш хүлээн зөвшөөрөх явдал. Эцэг эхчүүд хүүхдээ дэмжиж байна гээд илүү их хичээхийг шаардаад байдаг. Үгээрээ хэлэхгүй ч үйлдэл нь тэгж шаардаад байдаг.
Түүнийхээ оронд хүүхдийнхээ яг одоо цагт хичээж байгаа зүтгэлийг нь үнэлэх, хүлээн зөвшөөрөх.
6. Бусад хүүхэдтэй харьцуулахгүй байх. Бусад хүүхдийг мундаг гэж хэлэхгүй байх. Өөрийн хүүхдийнхээ өнгөрсөн болон одоог харьцуулж хэлж ярих. Өмнө нь чаддаггүй байсан зүйлээ одоо чаддаг болсон байна шүү дээ гэж хэлж ярьж, магтах.
7. Зүгээр л, зүгээрээ гэж хэлсэн мөртлөө танд ямар нэгэн байдлаар хандах. Үүний цаана "зүгээргүй шүү, ямар нэгэн зөвлөлдөх зүйл байна шүү, таны туслалцээ хэрэгтэй байна шүү, таны дэргэд тантай хамт баймаар байна шүү" гэсэн дохиолол нуугдаж байдаг.
8. Хүүхдийнхээ нүдний өмнөх амжилтыг бус дараа дараагийн амжилтыг нь хүлээгээд байгаа юм биш биз? Энэ бол бидний гэм биш зан болчих гээд байдаг. Хэрэв иймэрхүү зүйл ажиглагдвал өөрөөсөө асуух хэрэгтэй. Яг одооных нь амжилт, өсөлтийг харж бахархах, хүлээн зөвшөөрөх.
9. Хүүхдэдээ зугтаах (хойшуулах) зам, завсарлах газрыг олгож өгөх. Хүүхэд өөрийн ядарсныг, амралт хэрэгтэй байгаагаа тэр бүр мэддэггүй. Ядарсан бол унтаж амрах, түр хойшлуулах хэрэгтэй гэж хэлж ойлгуулах.
Хэт хичээж өөрийгөө зовоохгүй байх гэдгийг ойлгуулах.
10. Хүүхдээ хүндлэх хүндлэл үгүй бол тоглоом дууслаа л гэсэн үг. Энэ нь хүүхдээ үл хүндэтгэх аваас захиргаадсан, тушаасан, хүч хэрэглэсэн хандлага ихсэн, хүүхэд та хоёрын харилцаанд ан цав үүснэ.
Хэдийгээр таны хүүхэд ч гэсэн хүн гэдэг үүднээс хандаж, хүндлэн харьцах.
Өнөөдөртөө ингээд дуусгая. Энгийн юм шиг мөртлөө, бас өөртөө үе үе сануулж байх хэрэгтэй гэж үзсэнээ түүж бичлээ.
Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿