2024年5月31日金曜日

Модны нууцлаг амьдрал 2

Тодруулснаасаа ганц нэгийг эндээ бичиж үлдээе дээ. 

  • Модыг өвдөлт мэдэрдэг, ой санамжтай, эцэг эх мод нь хүүхдүүдээ тойруулан бүлчлэн ургадаг гэдгийг мэдэх болсон хүн хайр найргүй тайран унагаж, аварга мунаг техникээр туучин сэндийчиж зүрхлэхээ болих юм билээ. 

Нээрээ л тийм байх тийм ээ? Бид амьтдыг үр төлөө хайрлан өсгөхөд нь өхөөрддөг, хайрладаг шүү дээ. Яг түүн шигээ моддыг ч, ялангуяа унаган ой моддыг ийнхүү хайрлан энэрэх ёстой юм билээ. 

  • Мод яагаад өөр хоорондоо шим тэжээлээ хуваалцаж, тэр бүү хэл өрсөлдөгчөө тэтгэж тэжээдэг юм бол? Шалтгаан нь ердөө! л хүний нийгмийнхтэй адил аж. Хамтдаа хүчтэй! Ганц мод ой болохгүй, хэсэг газрын тааламжтай уур амьсгалыг бүрдүүлж чадахгүй, бас салхи шуурга, цаг агаарын эрхшээлд хүчин мөхөстөнө.

Хамтдаа хүчтэй! Энэ гоё үг байгаа биз дээ? Ганц хүн төрөлхтөнд энэ хэлц үг хэрэглэгддэггүй байх нь. Ургамал, мод, амьтад тэгээд хүмүүс бидэнд бүгдэд нь хамаатай байх нь. 

  • Мод огт өөр замаар буюу үнэрт бодисоор өөр хоорондоо харилцдаг аж. Өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл нь үнэрт бодис. ...Шинжлэх ухааны үүднээс үзвэл, хөлсөнд агуулагдах феромон хэмээх бодис хүнд хэнийг хосоороо сонгох буюу хэнээс хүүхэдтэй болохоо хүртэл шийдэхэд нөлөөлдөг гэнэ. Тэгэхээр хүн бидэнд үнэр хэмээх далд хэл байна. 

Бодоод байсан чинь тийм ч юм уу? Аавын минь үнэр нэг л дотно байдаг юм. Яагаав? "Гарын таван хуруу" кинонд охин аавынхаа зангиаг үнэрлэдэг хэсэг байдаг даа. 

Ургамал ч өөрсдийн үнэртэй, түүгээрээ хоорондоо харилцдаг байх нь. 

  • Эх мод хүүхэд моднуудтайгаа үндсээрээ холбогдсон байх ба түүгээрээ дамжуулан сахар болон шим тэжээлийн бодисоосоо илүүчилдэг. 
Тийм л болж таарах нь. Газар дор, хөрсөнд маш том, бүхэл бүтэн нэгэн "гараг" оршиж байдаг байх нь. Тэгээд ч энэ хөрсний амьдралыг тун бага, муу судалсан байдаг гэнэ. 

  • Ойн хөрсний ганцхан атга шороонд дэлхий дээр амьдарч буй хүний тооноос олон амьд организм байдаг. Ганц халбага цайны шороонд л гэхэд километр гаран урт болох дайны мөөгний утаслаг агуулагдах аж. Энэ бүх организм хөрсөнд нөлөөлж, түүнийг өөрчилж, хөрсийг модонд тийм үнэ цэнэтэй болгон баяжуулж байдаг ажээ. 

Миний мэдэхийн чийгийн улаан хорхой нь хөрсийг хагалж, зөөрүүлж байдаг гэж уншиж байсан юм даг багадаа. Тэрнээс цааш миний мэдэх гадаад хэл дуусаа гэдэг шиг ер нь л юу ч мэдэхгүй. 

Гэтэл хөрс үгүй бол ой үгүй. Мод нь үндсээрээ хөрсийг барьж тогтоон байдаг, ингэснээр хөрсний элэгдэл, эвдрэл бараг үүсдэггүй гэнэ. 

  • Ойг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хэрэгсэл болгон ашиглая гэвэл хүн бид түүнд урт наслах боломж олгох ёстой. 

Учир нь мод хөгшрөх тусам ургалт нь хурдасдаг юм байна. Нэг метрийн бүдүүн голчтой мод түүний талын дайны нарийн модноос 3 дахин их биомасс бий болгодог гэдгийг судалж тогтоосон байдаг юм байна. 

Гэх мэтчилэн ой модны ашиг тус асар их. Тэр дундаа унаган ой, хүний гар бага хүрч, бага хөндөгдсөн ой мод нь цаг уур, байгаль орчны өөрчлөлтөд асар том үүрэгтэй байдаг юм байна. 

Үргэжлэлийг дараагийн дугаарт. Дахин нэг бичвэр оруулна аа. Үнэхээрийн сонирхолтой сэдэв. 

Зүгээр л ой мод хэрэгтэй, мод тарьцгаая гэж өнгөцхөн ярьж хэлцгээх биш, нэлээд гүн гүнзгий мэдлэгтэй болж, мэдэрсэн байх хэрэгтэй юм байна. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Унаган ой модоо хайрлацгаая. Бидний эх орон ой модны нөөц баялаг тун бага шүү дээ...

0 件のコメント:

コメントを投稿