2024年5月30日木曜日

Хүүхдийн хүмүүжил 4

21. Хүүхдийнхээ SOS-ыг хэрхэн хурдан мэдэх вэ? Хүүхэд өөрөөсөө тусламж хэрэгтэй байгаа шүү гэдгээ хэлж чаддаггүй. Тийм болохоор томчууд бид тэрхүү тусламжийг олж мэдэх шаардлагатай. 

Ингэж олж мэдэхэд юу хамгийн их хэрэг болох вэ гэвэл өдөр тутамдаа гаргадаг ааш араншин, байр байдлаасаа нэг л өөр байна даа гэдгийг мэдрэх. 

Хүүхэд тусламж хэрэгтэй үедээ "хүчтэй болох", "нэмэгдэх", "багасгах", "сул дорой болох". Жишээ нь ердийнхөөсөө илүү ямар нэг үйлдэл нь нэмэгдэх, эсвэл цөөрөх, нэг бол би чадна хэмээн өөрийгөө хүчлэх, нэг бол би чадахгүй хэмээн дорой байдалд орох гэх мэт. 

Тэгэхээр өдөр тутамдаа гаргадаг зан ааш, үйлдэл зэргийг нь сайн ажиглаж байх. Нэг л өөр болчихлоо гэх үедээ хүүхэдтэйгээ ярилцах, тусламжийн гараа сунгах.

22. Гэмтээн байж хөгжүүлэх нь булчин л байхад болно. "Бэрхшээл амсаж байж хөгжинө, зовж байж хөгжинө, гэмтэж байж хөгжинө" гэх мэтээр хэлж ярьдаг хүмүүс бий. 

Гэхдээ байна шүү дээ, хүүхдийн зүрх сэтгэл гэмтлээ гээд тэр нь хөгжлийн эхлэл болно гэж бодохгүй л байна шүү. 

Зарим хүмүүс би зовлон бэрхшээлийг даван тууж амжилтанд хүрсэн, өдий зэрэгтээ болсон гэх мэтээр ярих нь элбэг. Энэ нь тэр л хүнд тохиолдсон, тэр хүн даваад гарсан тохиолдол байж болно. 

Харин нүдний өмнө сэтгэлийн шарх олсон хүүхдүүдийн хэд орчим хувь нь даван гарч чадна гэдэг амлалт, хувь хэлж чадахгүй шүү дээ. Баталгаа ч байхгүй шүү дээ. 

Сэтгэлийн шарх тийм амархан эдгэчихдэг зүйл ч биш. 

Ингэхэд таны яаж өссөн, хүмүүжсэн, хөгжсөн чинь ердөөсөө ч падлий байхгүй. Харин энэ хүүхэд хэрхэн яаж өсмөөр байна, яаж хөгжмөөр байна гэдэг нь чухал. 

23. "Туслаач" гэж хэлэхэд нь, ингэж хэлж чаддаг болоход нь туслах. Хүүхдэд туслалцаа хэрэгтэй цаг нь ихэвчлэн шилжилтийн нас нь байдаг. 

Хүүхэд хэн нэгнээс өөрөөсөө тусламж хүсэхэд нэлээд өндөр ханатай тулгардаг. Ингээд хэлчихвэл уурлах болов уу? Тэгээд хэлчихвэл шоолох болов уу? Би гэрийнхэндээ төвөг удчих вий гэх мэтээр санаа нь зовдог. 

Хүүхдээрээ туслаач гэж хэлүүлэх биш, хүүхэд өөрөө туслаач гэж хэлж чадах орчин, нөхцлийг бүрдүүлж өгөх нь чухал. 

Хэрэв хүүхэд туслалцаа хүсвэл эелдэг зөөлнөөр туслалцаа хүссэнд баярлалаа гэж хэлэн хамтдаа ярилцах, зөвлөлдөх. Хамгийн гол нь тэвчээртэй сонсох.

24. Зүгээр үү? гэдэг асуултын хариулт нь "зүгээр ээ" л байдаг. Томчууд бид хүүхдээсээ "зүгээр ээ" гэдэг хариулт сонсоод тайвшрах гээд л "зүгээр үү?" гэдэг асуултыг өөрийн эрхгүй тавьдаг талтай. 

Бидний зүгээр үү? гэдэг асуултанд зүгээргүй байсан ч зүгээр гэж хариулахаас өөр аргагүй байдалд хүрдэг. 

Арай өөр асуулт, бодит асуулт тавьж сурах хэрэгтэй болох нь бид. 

Мөн инээж байвал зүгээр, бүх зүйл нь ок гэсэн үг ч бас биш. Бидний санааг зовоохгүй гээд албаар, хүчилж инээж байж юуны магад. 

Мөн хүүхэд чинь бухимдаад, стрессдээд байвал юунаас болж байна гэдгийг нь хамтдаа ажиглах. Гаргалгааг нь хамтдаа хайх. 

25. Унтахгүй байхаас илүүтэйгээр өглөө босч чадахгүй, босохдоо муу байх тохиолдол их ажиглагддаг. Шилжилтийн насанд голцуу тохиолддог. Орой эрт унтахгүй болохоор ингээд өглөө босохгүй байгаа юм шүү дээ гэж загнахаасаа өмнө юмыг яаж мэдэхэв шалтгааныг нь хайх хэрэгтэй. 

Ямартай ч эвтэйхэн, зөөлөн аргаар "өглөө босох ч хэцүү шүү тийм ээ?" гэх мэтээр арга эвээр хэлж үзэх. 

Мөн англиар Orthostatic Dysregulation гэдэг өвчин байж магад  тул оношлуулж үзэх. Энэ нь хүүхдийн бие том хүний биед шилжин хувирах өсөлтийн насанд ихэвчлэн тохиолддог бөгөөд бага сургуулийн ахлах бүлгээс ахлах сургуулийн сурагч болох үеийг хамарч илэрдэг. 

Шинж тэмдэг нь өглөө босч чадахгүй байх, босохоор толгой эргэх, нүд эрээлжлэх, бие нэг л сул байх, толгой болон гэдэс өвдөх гэх мэт олон янз. 

26. Хүүхдээ өөрчлөх биш хүүхдээ хамгаалах гэж оролдох. Хүүхдээ дэмжиж байна гээд хэт их хичээх нь эсрэгээрээ хүүхдэдээ сөрөг нөлөөтэй гэдгийг олон жилийн туршлагаас мэдэж авсан. 

Зарим үед дуугүйхэн, чимээгүйхэн л байдлыг харах, ажиглах, зүгээр л ярилцах. Хүүхэд өсгөнө, хүмүүжүүлнэ гэдэг нь алгуурхан, аажуухан, зөөлөн аргаар л явах ёстой гэж үзэж байна. 

Хэт хурдтайгаар, хэт идэвхитэйгээр харьцах юм бол эрч хүч ч асар богино хугацаанд "дуусна" гэсэн үг. 

27. Хүүхдийнхээ өсөлт, хөгжилтийг мэдрэхээрээ өөрийгөө ч бас урамшуулж байгаарай. Таны нөр их хөдөлмөрийн үр дүн шүү дээ. Өдрийн их ажлаа дуусгаад орой нь хүүхдийнхээ унтаж буй царайг хараад тайвширч байгаарай. Өнөөдөр ч эв найртайгаар, амар амгалан өдрийг давж чадлаа гэж өөрийгөө магтаж, талархаж байгаарай. 

28. Томчууд ч гэсэн алддаг, бүтэлгүйтдэг гэдгийг хүүхдэд үе үе харуулж, мэдрүүлж байх. Том хүн ч гэсэн төгс хүн биш тул алдаа гаргадаг, бүтэлгүйтдэг,  мартдаг гэдгийг хүүхэд харвал бага зэрэг ч гэсэн санаа амрана. 

Адилхан л хүн юм байна гэж өөртөө итгэх итгэл нь бага хэмжээгээр ч гэсэн нэмэгдэнэ. 

29. Хүүхэд ч, томчууд ч төгс төгөлдөр биш, ногооноороо гэж мэддэг байх. Ингэж чадвал харилцан бие биенээ хүндэтгэн харьцах болно. Мөн томчууд бид хүүхдийг яагаа ч үгүй, түүхийгээрээ байна гэж хандаад байвал нэг талыг барьсан, дээрээс харьцсан харьцаа үүсэх нь их. Би ч өөрөө төгс төгөлдөр биш дээ гэж бодон, хүүхэдтэйгээ хувь хүн гэж харьцах. 

Мөн томчууд өөрсдийн алдаж байсан, хөгтэй явдал зэргээ ярьж өгч байх. Томчууд бидний хөгтэй явдал, алдаа зэрэг нь хүүхдэд бага ч гэсэн тайвшралыг өгнө. Урам зориг өгнө. 

30. Томчууд бид амарч чаддаг, амралтаа зөв зохистой өнгөрүүлж чаддаг гэдгээ хүүхдэдээ харуулах. Хүүхдүүд томчуудыг хэрхэн ажиллаж байна гэдгийг ажиглахаас гадна хэрхэн амарч байна гэдгийг минь ч ажиглаж байдаг. 

"Ажил амралтаа зохицуулж чадаж байна уу? Цагаа олж амарч чадаж байна уу? Эсвэл хэт ядарсныхаа дараагаар л амарч байна уу?" гэх мэт...

Тэгэхээр хүүхдэдээ амралтаа, хичээлээ зохицуулж сур гэж үглэхээсээ өмнө томчууд бид өөрсдийнхөө ажил, амралтыг маш зөв зохицуулах шаардлагатай байх нь ээ. 

Зээ, ингээд өндөрлөе. Хойшид санаж байх минь гэсэн зүйлсээ бичиж үлдээлээ. та бүхэнд ч гэсэн ганц нэг зүйл нь аятайхан санагдвал болох нь тэр дээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿