Мартсанаас номын баяр болоод, хэд хоног бужигнав тийм үү? Би ч нэлээд олон ном хүнд захиад, энд авчруулах гээд тохирсон байгаа тул энэ удаад шунал минь бага хөдөлсөн. Хо хо.
Мөн уншаагүй номнууд минь тэр бүр цөөрөхгүй л байна. Нэмж авчруулаад л өрөөд тавьчихдаг. Нэг нартай өдөр уншиж дуусгана даа тийм ээ? Ямартай ч авчихсан байхад учиртай...
Зээ, модныхоо тухай үргэлжлүүлж бичээд, энэ бичвэрээр өндөрлөнө дөө.
- Борооны дусал хөрсийг хүчтэй балбахгүйгээр иш мөчрөөр дамжин зөөлөн газардаж байхыг мод хариуцна. Газрын хөвсгөр хөрс усыг бүрэн шингээж авснаар нарийн горхи үүсгэж юу юугүй урсаж алга болохоос сэргийлэн, ус чийгийг хөрсөнд тогтоож үлдээнэ. Хөрс усаар ханаж, модны нөөц сав дүүрээд ирсэн цагт илүүдэл ус аажим аажмаар, олон жил дамжин доошилсоор газрын гүний давхаргад улам бүр лав нэвчинэ.
Манай орон шиг ой мод цөөтөй газар хөрс нь усаар бүрэн хангагдаж байдаг уу? гэдэг асуудалтай тийм ээ. Мэргэжлийн хүн биш тул хар ухаанаар л бодоход борооны ус нь хөрсөндөө шингэхгүй, урсаад явчихдаг, тэгээд л тэр шар усны үер гээч нь болдог байх тийм ээ?
Мод үхсэнийхээ дараа ч горхинд ач тусаа өгсөөр байдаг.
Үхсэн мод хүртэл зүгээр л тэр газраа байгаагийнхаа төлөө үнэ цэнийг бий болгож, амьд модны усны тэнцэлд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулдаг.
Мөн сонин сонин нэртэй амьтан, шавьж их гарна аа. Ургамлын бөөс, булгийн эмгэн хумс, гүлмэрийн авгалдай, урын ялаа, урын хэдгэнэцэр, эрвээхэйн хүрэнцэр, төөлүүр, холтосч цох гэх мэт.
Эдгээр шавжнууд бүгд дор бүрнээ өөрсдийн гэсэн үүрэгтэй. Хөрсөндөө, модондоо. Мэдээж зарим нь хор хөнөөлтэй. Хүмүүс бидэнд бол огтхон ч хөөрхөн харагддаггүй тийм ээ? Хи хи.
Гэснээс энэ япон хүүхдүүд багадаа хорхой шавжтай их ойрхон өснө өө. Зарим нэг хорхойг бүр тэжээдэг. Бага зулзага одоогоор хорхой тэжээнэ гэхгүй л байна. Үе үе нэг эвхрээд бөөрөнхий болчихдог хорхойг барьчихсан гүйж явдаг юм.
Энэ хорхойны тухай нэг бичиж байсан санаад, нэрийг мартчихсан байна өө.
- Мод наранд өөрийгөө чадлаараа цэнэглэж, нарны гэрлийн тусламжтайгаар сахар болон бусад нөөц бодисыг бий болгож авна. Энэ нөөцөө баавгайн адилаар "арьсан" доороо нөөцлөн хадгална. Ихэнх зүйл мод нөөц тэжээлийн бодисоо навчнаасаа иш, үндэс лүүгээ эргүүлэн татаж авах ёстой.
- Нохойны шээс модны ишийг түлж, үндсийг үхүүлэх аюултай. Үүний дайны гэмтэл хохирлыг өвөл цацдаг замын давс учруулна. Давсны хэмжээ өвлийн хатуу зөөлнөөс шалтгаалж кв метр газарт 1 кг гаруй ноогдохуйц байдаг. Бас болоогүй, шилмүүст модны өвөл гээгдээгүй шилмүүс машины дугуйнаас үсэрсэн нойтон давсанд чөлөө зайгүй шүршигдэнэ. Ингээд давсны дор хаяж 10% нь агаарт цацагдаж, мод гэх мэт дээр эргэн буухдаа түлэгдэл үүсгэдэг.
Энэ нохойны шээсний тухай "Гудамжны хүүхдүүд" бүлэгт бичигдсэн. Нээрээ л нохой энд тэндгүй шээж харагддаг тийм ээ? Модны ишийг түлдэг тухай бодож байсангүй. Ихэвчлэн энэ хэсгийг жаахан хүүхэд гараараа бариад, түшээд, гар хүрэх байхдаа гэж бодоод, бага зэрэг сэжиглэдэг юм.
Аз болоход японд хүүхэд тоглодог цэцэрлэгт хүрээлэнд нохойгоо салхилуулж болохгүй гэсэн дүрэм бий. Түүнээс ч манай монголд бол хүнд байтагуй модондоо хүртэл маш их халгайтай юм аа тийм ээ? Хүмүүсийн ухамсрыг л дээшлүүлэх, иймэрхүү мэдлэг мэдээллийг түгээх хэрэгтэй юм даа.
За тэгээд мод бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой. Улиангар, улиас, шилмүүст мод, гацуур, эвэрлэг мод, бургас, жодоо мод, нарс, царс, хус, агч мод, хүйрс, дуглас гээд л. Худалч хүнд би өөрөө энд нэрлэсэн олон моднуудыг гаднаас нь хараад бас нэрлэж чадах уу? гэвэл нэрлэж чадахгүй ээ. Ичиж байна өө.
Жишээ нь гацуур гэхэд л байгалиасаа жинхэнэ ус сорогч мод гэнэ шүү.
Зарим нь хүйтэнд тэсвэртэй, зарим нь хуурайшилтанд ажрахгүй. Нэг хэсэг нь шавжнаас нь өөрийгөө хамгаалах чадвартай. Нөгөө нэг хэсэг нь байнгын чийгэнд ч огт тоохгүй гэх мэт.
Одоо гудманд тааралддаг моддыг хараад, ой дахь модыг хараад өрөвдөн энэрэх гэдэг болжээ. Мөн хорхой шавжийг ад үзэх минь багасах байх. Хэ хэ. Хөдөө нутагт амьдардагийнх, харьцангүй ой модтой ойр гэж өөрийгөө зөвтгөөд байгаа.
Түүнээс заримдаа ч хот газрын гялалзсан хүүхнүүдийг харахаар хот гүйгээд орчихмоор санагддаг байлаа. Одоо бол харин ч ой мод, байгальтайгаа ойр байгаадаа талархан суунам.
Мөн бага багаар энэ моднуудыг нэр усаар нь тогтоохыг хичээнэ ээ. Хи хи.
Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿