2024年6月27日木曜日

Хирошима

Хамгийн сүүлд хэзээ Хирошима хот явснаа санахгүй байна өө. Найзууд ирэхээр л ихэвчлэн явдаг юм. 

Энэ удаад эх орноос минь танилцах дадлагаар ирсэн 10 сурагчидтай хамт явав. 

Зугаатай байлаа. Сайн дурын хөтчөөр тайлбарлуулсан тул сонирхолтой байлаа. Мэддэггүй зүйлсээ ч мэдэж авлаа.

Зээ, алдартай барилга шүү дээ. "Гэнбакү доом" буюу дэлбэрэлтэд өртсөн барилга. Үнсэн товрого болчихоогүй ганц барилга. Мэдээж нурсан, эвдэрсэн. Ерөнхий араам нь хэвээр үлдсэн цорын ганц байшин. 

Тухайн үед "Аж үйлдвэрийн танхим" нэртэйгээрээ ашигладаг байж.

Энэ довцог дотор амь үрэгсдийн чандар хадгалаастай байдаг гэнэ. Хэн гэдэг нь тодорхойгүй хүмүүсийн чандар. 

1945 оны 8 сарын 6-ны өдрийн дүр зургийг сонсоод үнэхээр зүрх шимшрэм. Хотын жирийн иргэдийн цогцсон овоо, хүүр шатаах үнэр, амьдаараа хайлан урсан буй хүн...

Энэ солонгос хүмүүсийн дурсгалын хөшөө. Солонгост хийгээд, зөөж авчирсан гэсэн. Амь үрэгсдийн тоог нь санадаггүй ээ. Солонгосчууд их ирж залбирдаг гэсэн. 

Би сонирхоод та монгол хүмүүст хэр олон удаа хөтөч хийв? гэсэн чинь анх удаагаа гэсэн шүү.

За энэ Сасаки Садако охины тухай бол манайхан сайн мэднэ тийм ээ? Гэхдээ насан бага хүүхдүүд бас тэр бүр сайн мэдэхгүй байсан. Түүхийн хичээлд нь заадаг гэсэн байх аа?

Нэг барилгын газар доорх өрөө. Эндээс баримт бичиг авахаар орсон нэг л хүн амьд гарсан. Номүра Эизоо гуай. Цөмийн зэвсэг унасан төвөөс 170 метрийн зайд байрлах энэхүү ажлын байранд нь 37 ажилчид өглөө ажилдаа цуглаад байж. Номүра гуайгаас бусад нь бүгд амь үрэгдсэн байна.

Гарч ирээд харсан дүр зургаа бас бичиж, зурж үлдээсэн байдаг юм билээ. За тэгээд Хирошима хот орохоор бол үзэж сонирхоно биз дээ? Одоогийн нэр нь Rest House гэнэ.

Гоёхон цэнхэрхэн бөмбөрцгөөс минь цөмийн зэвсэг устаасай гэж л хүсье дээ. Цөмийн зэвсэгтэй улсууд нэг уур нь хүрээд хаа нэгтээ бас унагаачихыг үгүйсгэхгүй шүү дээ. Уран хэрэгтэй энэ тэр гээд байдаг хүмүүс нэг очоод үзчихвэл тийм ээ? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿