Зээ бид Хирошима дахь Сасаки Садако охины хөшөөг үзэж, цаасан шувуу өлгөсөн.
Замдаа автобусанд явахдаа бас дуугай явчихгүй санаатай энэ талаар, атомын бөмбөгдөлтийн талаар жаал жуул уншив.
Тэгээд нэгэн олзуурхууштай түүх олж уншсан нь бидний мэдэх "Цаасан шувуу" дуу бүтсэн түүх.
Энэхүү тогорууны дүрстэй олон зүйл байсан. Нэг хөөрхөн ээмэг авах гэснээ сэтгэлийн хөөрлөө хэсэг дарж байгаад бодоод үзсэн чинь дотор хүн минь "чамд болон ээмэг бий, тэдгээрээсээ бараг зүүдэггүй шүү дээ" гэж хэлсэн.
Харин зүүн мөрөн дээрх чөтгөр билүү? тэр маань нэлээд ятгасан шүү. Ха ха.
Худалдаж аваагүй ээ. Дараа очихдоо дахиад л нүд минь явах байх. Гол нь миний дуртай "сувд"-тай байсан юм аа.
Энэ шилэн хоргонд бид богино хэмжээтэй тогоруу өлгөсөн. Богино гэдэг нь цаасан шувуугаа жижигхэн нугалсан гэсэн үг. Яг ориг хэмжээгээр нь нугалбал энэ зурган дээрх шиг урт хэмжээтэй болно.Энэ их дажгүй зураг байхаар нь оруулчихлаа.
Бөмбөгдөлтийн дараагаар дахин өвс ургамал, цэцэг ногоо ургахгүй гэж цуурч байсан энэ газар миний эх оронд ч тэр бүр харагдахгүй гоёмсог цэцэгс ургаж, модон төгөл үргэлжилж байна дөө.
За тэгээд өнөөх дуу бүтсэн түүх?
1978 оны намар их зохиолч Б.Явуухулангийн хүү Я.Энхээ нь Тэрэлжийн амралтанд нэгэн Япон залуугаас Садако охины түүхийг сонссон байна. Монгол хэлтэй Япон залуугаас сонссон гунигт түүхээр дуу хийхээр шийдэн үгийг нь бичин аяыг Д.Дашням гэж хүнээр хийлгэсэн байдаг. Энэхүү дуу нь 1979 онд “Улс төрийн дууны уралдаан”-д тэргүүн байр эзэлж байжээ. Энэ дуугаар дамжуулан Монголчууд анх Хирошимагийн цөмийн бөмбөгний аюулын талаар мэдэж авсан. Хамгийн сонирхолтой нь энэ түүхийг Я.Энхээ гуайд ярьж өгсөн Япон залуу нь элчин сайд асан Шимизү Такэнори байжээ.
Үг Я.Энхээ Ая Д.Дашням
Цаасан шувуу
Өвчинд нэрвэгдсэн өнчин охин
Өрөвдөм хүслээр шувуу хийжээ
Хийсний тоогоор нас нь уртсан
Хуучны домгийг итгэн биширчээ
Зуун мянган шувуу хийвэл
Ямар ч зовлонгоос салдаг гэжээ
Зургаан тивээс хүүхэд бүхэн
Япон охинд шувуу илгээжээ
Хөөрхий охины амьдрах хүслэн
Хүн төрөлхтөний мөнхийн хүслэн
Хийсэн шувууд нисэн дүүлээд
Хүй орчлонд ингэж хэлэхдээ
Эрүүл явах хосгүй сайхан
Эрхэм дээдийн жаргал гэжээ
Дайн дажингүй амар тайван
Даяар олны жаргалан гэжээ
Арван хаврыг үдсэн охин
Алтан дэлхийгээс үүрд хальжээ
Тэсрэх бөмбөг дайны эсрэг
Тэмцэх хөшөө болон мөнхөрчээ
Хөшөөн дээр ингэж сийлжээ
Хөөрхий охины хүслийг бичжээ
Цацраг хордлого надаар дуусаг!
Цаасан шувуу нисэн хэл! гэжээ.
Энэ тухай мэдээллийн эх сурвалж нь https://www.japanguide.mn/v1/9/news/31 шүү. Орж уншина биз ээ?
Цаасан шувууны түүхийг ярьж өгөөд, дараагаар нь бид дуулсан.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿