2024年7月9日火曜日

Одоогийнхоосоо арав дахин хурдтайгаар 2

Зээ, энэ ном нэг л урагшилж өгдөггүй. Бас тэр арга чаргыг нь тунгаан бодож, төвлөрч унших санаатай ч чадахгүй, хий дэмий бухимдах гээд байхаар нь ярьшиг зүгээр гүйлгээд уншчихлаа. 

Өч төчнөөн ном өөдөөс хараад тормолзоод байхад, ганцтайгаа зууралдаад байх бас дэмий юм. Эсрэгээрээ сэтгэл санаа ч төвлөрөхгүй. 

Ямартай ч энд ганц нэг зүйл бичье. Сүүлд л энд хэлээд байгаа арга чаргыг нь туршиж үзэхийг хичээнэ ээ. 

Photoreading аргыг хэрэгжүүлэхэд 5 алхамтай гэсэн дээ. Тэдгээрийг эхнээс нь хальт дурдана. 

1. Preparation буюу бэлтгэл

Энэ нь аливаа зүйлийг уншихад зорилго хэрэгтэй. Юуны төлөө уншиж байна, үүнийг уншсанаар надад юу үлдэх үү? Ямар ашигтай вэ гэх мэт тодорхой зорилго хэрэгтэй. 

Тухайлбал хэрэгтэй гэсэн зүйлээ аль болох амархнаар толгойдоо оруулмаар байгаа юм уу? Асуултын хариуг хурдан олмоор байгаа юм уу? Ажлаа амжилттай дуусгахын тулд шинэ санаа оноо эрэлхийлж байгаа юм уу? гэх мэт. 

Унших зорилгоо тодорхойлсны дараагаар биеэ суллан тайван амгалан төлөвт шилжих. Анхаарлаа төвлөрүүлсэн сургалтын хэв байдалд шилжих гэсэн үг юм нэг ёсондоо. Энд хийцгүйрэл, санаа зовнил гэж байх ёсгүй. Мөн дараагийн үр дүнг бодох хэрэггүй. 

Та жаахан хүүхдийн тоглож байхыг анзаарч байсан уу? Тэд тоглож байхдаа маш тайван бөгөөд тодорхой зорилготой тоглож байдаг. Энэ л бидний хүсээд байгаа зүйл юм. 

2. Preview буюу урьдчилан үзэх

Энэ нь их чухал зарчим дээр тулгуурласан зүйл юм. Тэрхүү зарчим нь юу вэ гэхээр "Үр дүнтэй суралцах гэдэг нь ихэнхи тохиолдолд "бүхлээс хэсэг рүү" чиглэсэн байдаг". Өөрөөр хэлбэл эхлээд нийт ерөнхий зураглалыг нь харж ойлгосны үндсэн дээр улам дэлгэрүүлж, нарийвчлан судлах гэсэн үг юм. 

Юуны өмнө унших зүйлээ ерөнхийд нь судлана. Үүний гол зорилго нь бүгдийг нь ухаж ойлгох бус, зөвхөн ерөнхий нэг дүр зураг, ойлголт авахыг хэлнэ. Ерөнхийд нь нэг гүйлгээд харна гэсэн үг. Ингэснийхээ дараагаар түлхүүр зүйлийг олж гаргана. 

Энэхүү түлхүүр зүйл гэдэг нь уншигч сүүлд тэр тухай улам дэлгэрүүлж унших зүйл байна. Энэхүү урьдчилан үзэх буюу ерөнхийд нь нэг гүйлгээд харах үйлдэл нь хийгээд сурчихсан тохиолдолд их амархан бөгөөд нэг номыг ойролцоогоор 5 минут, нэг тайланг ойролцоогоор 3 минут, нэг нийтлэлийг ойролцоогоор 30 секунд гүйлгэж харахад болно. 

Ингэх явцад бид зорилгоо дахин нэг тодорхойлоод, түлхүүр зүйлээ хайж олоод, тухайн өгүүлбэрийг унших хэрэгтэй юм уу? үгүй юм уу гэдгээ шийднэ. Хэрэв бидний зорилгод нийцээгүй гэж шийдэх юм бол уншихаа зогсооно гэсэн үг. 

Уг гүйлгэж харах үйлдлийн гол зорилго нь тухайн номынхоо ерөнхий зураглалыг харах бөгөөд ингэснээр дараагийн шатны суралцах үйл явцад юуг урьдчилан мэдэх ёстойгоо ойлгож мэдэж авна гэсэн үг. 

3. Photoreading буюу ?

Энэ арга нь бие сэтгэлийн хувьд маш амар тайван байхын зэрэгцээ анхаарлаа төвлөрүүлэн "Хурдацтайгаар суралцах төлөв"-т шилжихээс эхлэнэ. Ийм төлөвт шилжиж чадвал элдэв саад, санаа зовнил, биеэ барих зэргийг мэдрэхгүй болно гэсэн үг. 

Үүний зэрэгцээг харааг тань "photofocus" байдалд оруулна. Энэ нь нүдээ ашиглах шинэ арга бөгөөд үг нэг бүрчлэнд хараагаа төвлөрүүлэх бус эсрэгээрээ хараагаа бага зэрэг бүрэлзүүлж байгаад харах гэсэн ойлголт юм. Ингэснээр харин ч харааны хүрээ тэлж тухайн хуудас бүхэлдээ таны хараанд багтана гэсэн үг юм. 

Нэг нэг үгэн дээр хараагаа тогтоох бус хуудсыг бүхэлд нь хараандаа багтааж харна гэх юм уу даа. Ингэснээр таны толгойд хуудас бүхлээрээ орж, баруун тархины мэдээлэл боловсруулдаг систем рүү шилжүүлдэг юм байна. 

Энэ арга нь унших цоо шинэ арга юм шүү. 

4. Postview

Энэ нь preview аргатай нэлээд төстэй. Нэг ялгаа нь "асуулт бэлдэх" юм. Эхлээд унших зүйлээ ерөнхийд нь харна. Чухал гэсэн зүйлээ олж харсны дараагаар зохиолч, бичигч нь юуг илүү чухалчилж, юуг хэлэх гэсэн байна гэдгийг бичнэ. Сүүлд нь унших зүйлээ дахин нэг гүйлгэн хараад анхаарал татахуйц, сонирхол татахуйц хэсгийг хайна. 

Ингэж анхаарал, сонирхол татахуйц зүйлийг олонгуутаа асуулт бэлдэнэ. Энэ явцдаа гүйцэт уншаад хариултаа олох гэж яарах хэрэггүй. Ингэж унших эрмэлзлэлээ бага зэрэг "тэвчих" нь танд улам сонирхолтой санагдаж, танд сэдэл төрүүлнэ. 

Энэхүү 4 дэх арга буюу postview-ийг хэрэгжүүлэхэд зарцуулах хугацаа нь 5-15 минут байхад хангалттай. Ингэснээр дараагийн шатны "activation"-д бэлдэж байна гэсэн үг юм.  

5. Activation буюу идэвхижүүлэлт 

Тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд авсан мэдээллээ ухамсартайгаар ойлгохыг хэлнэ. Эхлээд мэдээллийг ухамсартайгаар хүлээн авахаас эхлэнэ. Улмаар тэр агуулгынхаа талаарх ойлголтоо бага багаар гүнзгийрүүлж явсаар, мэдэхийг хүсч байсан мэдлэг мэдээллээ олж авна. 

Гэхдээ энэ арга нь уламжлалт унших аргаар уншсаны дараагаар агуулгыг нь санах гэдэг үйлдлээс ихээхэн ялгаатай. Photoreading аргаар боловсруулагдсан шинэ мэдрэлийн системийн мэдээлэл дамжуулах замыг дахин өдөөх арга техник юм. 

5 алхмыг нь хальт дэлгэрүүлж бичихэд ийм байна. Гэхдээ яг энэ уншиж буй номон дээр 4 дэх, 5 дахь алхам нь арай өөр байсан. Postview аргыг activation аргын танилцуулга дотор багтааж өгсөн байсан. 

5 дахь алхам нь Fastreading гэдэг аргыг танилцуулсан байна блээ. Ингэхдээ бас дотор нь Superreading гэдэг ухагдахууныг танилцуулаад, ялгааг нь хэлсэн байсан. 

Дараагийн бичвэрт номноос өөрт таалагдсан ганц нэг аргыг товч танилцуулаад, энэ номны тухай тэмдэглэлээ өндөрлөнө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿