Бас нэгэн сонихон ном уншаад дууслаа. Эхэндээ яг юу уншаад байна аа, унших хэрэг байна уу даа, гэж бодсон. Нуугаад яахав.
Гэхдээ байна аа, гүндээ ороод, бясалгаад ирэхээр миний зарим нэг үзэл бодолтой хачин их санаа нийлээд байна шүү. Хэрэв би энэ номыг насан багадаа уншсан бол өдийд гон бие гозон толгой явж байх байсан...
Уг номыг гэнэт л уншихаар шийдсэн, манайхан. Бас хэд хэдэн ном бий. Бид ирэх жилийнхээ унших номнуудыг тогтоод, ихэнх нь надад бий.
Ганц нэгийг нь нэлээд дээхэн уншчихсан. Дахин уншина даа.
Хавтасны зургийг нь харахад их хөөрхөн энэ ном өсвөр насны охидын сэтгэл зүйн асуудал, ер нь л эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн тухай өгүүлсэн ном.
Угтаа гараагаа их аятайхан эхэлсэн Эстер. Гаднаас нь харахад шүү дээ. Гял цал, дэлхийн олон олон сая хүмүүсийн мөрөөдөл болсон Нью-Иорк хотод нэгэн томоохон чамин сэтгүүлүүдийн нэг "Ladies Days"-д 1 сарын турш дадлага хийнэ. Америк улсын өнцөг булан бүрээс сонгогдон, шалгарсан үе тэнгийн охидтой хамт.
За тэгээд дадлагаа хийх явцдаа адал явдал хайн, охид л болсон хойно бас үлгэрт гардаг шиг учрал хүсэн орж гарч шоудна. Зурагтаар кино зэрэгт их гардаг сахилгагүй хөвгүүд охид цуглаад ууж идээд, үнсэлцээд байдаг дүр зураг.
Эстер ч мөн дүрмийн дагуу болзоно, үнсэлцэнэ. "Онгон"-оо цоолох тухайд бас ээжийнх нь, хөрш зэргэлдээх ээжүүдийн сургааль, үглэл эсрэгээрээ "ядаргаатай" санагдана.
Ер нь л ээжийн, настай эмэгтэйчүүдийн "төгс эмэгтэй, төгс бүсгүй, төгс эхнэр, төгс ээж" байх тухай номлол нь далд ухамсарт нь айдас төрүүлж, айдаст автуулж, тэр нь явсаар, даамжирсаар сэтгэлийг нь хоосруулах, заримдаа дутуугийн мэдрэмжид автуулах гэх мэтээр сэтгэл гэгчийг нь хордуулдаг шиг...
Эстерийн зарим нэг үзэл бодолтой санаа их нийлээд байна шүү. Хэ хэ.
...Асуудлын гол нь юу вэ гэхээр би эр хүнд үйлчилнэ гэхээс л үстэй толгой арзайдаг хүн...
...Эмэгтэй хүн цэвэр ариун ганц биеэрээ байгаад эрэгтэй хүн болохоор ариун бас ариун бус гэсэн давхар амьдралтай байж болно гэдэг санааг би хүлээн зөвшөөрөхгүй байна...
...Эр хүн гэрлэхээсээ өмнө өөрийн бүсгүйдээ сарнай, үнсэлт, тансаг оройн зоог зэргийг зориулдгийг эс тооцвол хуримын ёслол дуусах мөчид далдхан сэтгэлдээ юуг хүсдэг гээч. Тэд яг л хатагтай Виллардын гал тогооны шалавч шиг өөрийн бүсгүйгээ хөл дороо нухчин дарахыг хүсдэг юм...Ингэж өөрийн амиа золин тэмцээд, сөрөөд байгаа нь нэг бодлын хүчтэй байгаа биз?
Зохиолч Силвиа Плат ч өөрөө мөн амиа хорлочихсон юм байна шүү дээ. Цэл залуудаа. Эмэгтэйчүүдийн эрхийн талаар нэлээд дорвитой бичдэг, хэлдэг хүн байсан бололтой.
Ер нь энэ яруу найрагч хүмүүс сэтгэл гэдэг эрхтнээ хайр найргүй "эдлэх" юм аа. Багаасаа шүлэг бичдэг байж. Уран бүтээлээрээ "шилэн хорго"-нд буй мэт бусдын үзмэр болж амьдардаг хүмүүсийн ахуй амьдрал, сэтгэл доторх зөрчилдөөнийгөө илэрхийлдэг байж.
Тэгээд ч өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бичсэн цорын ганц уг зохиолоо бичсэн гэх. Өөрөө ч мөн сэтгэл гутралд орж байж. Эмэгтэй хүний сэтгэлзүйн тэнцвэргүй байдал, нөгөө талаас хийх бүтээх гэсэн оргилуун хүсэл зэрэг нь тэрсэлдэхээрээ үрсээ жаахан ч байсан хамаагүй энэ хорвоогоос, энэ сэтгэлийн хоосролоосоо" ангижирмаар болоод, бүр мөсөн явчихаж чаддаг юм байна шүү.
"Үхэхэд үр харам" гэж уянгалдаг бидний энэ дээхэн үеийн философи эдүгээ цагт үнэ цэнээ алдаж ч байх шиг...
Сэтгэлийн хямрал, сэтгэл гутранги гэдэг үзэл, ойлголтгүй цаг үеийн эмэгтэйчүүд сэтгэл зүйн шархлаа, үрэвсэл, хямрал, эмзэглэл зэргээ хэрхэн даван гардаг байсан нь анхаарал татна.
Өнөө үед харьцангуй сэтгэл судлал, сэтгэл зүйч гээчийг их ярьж бичдэг болсон үед амьдарч буйдаа олзуурхах шиг. Ямар нэгэн өөрчлөлт гараад, сэтгэл минь хоосроод байгаа мэдрэмж авбал "сэтгэл зүйч"-ид хандаж чадахуйц нийгэм.
Мөн нийгэм ч энэ төрлийн сэтгэл гэдэг эрхтний өвчлөлийг хүлээн зөвшөөрч эхэлж буй нийгэм, соёл түгэн дэлгэрч буйд талархнам...
Сэтгэлээ гамнацгаая, хүмсүүд минь...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿