Үүгээр энэхүү номын тухай тэмдэглэлээ дуусгана. Өөр ном эхлэх минь. 2 сар ч гарчихлаа. Жилд 50+ ном уншихад 1 сард доод тал нь 5 ном уншихгүй бол тоондоо хүрэхгүй юм байна гэж тооцсон.
Буруу ч байж магад. Тоондоо жаахан тааруу, цаадах чинь. Ха ха.
Клубын гишүүдэд таалагдсан. Надад ч мөн таалагдсан. Хэдийгээр муу ёрын ч юм шиг, итгэмээргүй ч, итгэхийг хүсэхгүй ч ямар ч сэдвээр уншдаг байх ёстой гэж боддог болсон. Бас нэг дэвшил мөн үү? Мөн.
Ингээд уншаад байсан чинь маш гүнзгий утга агуулгатай санагдаад явчихсан шүү. Өмнө нь бичсэнчлэн хүмүүс бид байгаль орчинтойгоо буруу харьцаад байвал хэн хохирох вэ? Бид өөрсдөө л хохирно.
Юугаараа хохирох вэ? Эрүүл мэндээрээ л хохирно. Эрүүл мэндээрээ хохирохоор яах билээ? Мөнгөө л зарлагадана. Мөнгөөр шийдэж чадахгүйдээ тулбал тэгээд л нийгэмд энэхүү номонд өгүүлдэг шиг дарангуйлал, хүйсийн тэгш бус тогтолцоо, гажуудал үүсдэг шүү.
Гэдгийг ойлгуулах гээд байх шиг тийм үү?
Тэгэхээр бид хэрэглээ өндөр ахуйгаа жаахан цэнэх, танах, хэмнэх, байгаадаа сэтгэл хангалуун байх ёстой юм байна. Тийм ээ?
Бодоод байх нь ээ, эмэгтэйчүүдийг элдвээр хэлдэг, хэлц, ойлголт одоо оршсоор байгаа нь хачирхалтай гэх үү? Зэвүүн гэх үү? Жигшмээр гэх үү.
Жишээ нь энэ номонд "сувай" гэдэг үг их гарна аа. Хүүхэд төрүүлэх боломжгүй хүүхнүүдийг энэ ангилалд багтаагаад, тусдаа нэг анги давхарга болгочихсон нь одоо ч бидний хэлдэг үгс. Бодууштай, эрчүүдэд, эрэгтэй хүүхдэдээ, эрэгтэй дүү нартаа хэлж ойлгуулж баймаар санагддаг.
Тэгээд ч энэхүү нөхөн үржихүйн асуудал өөрөө их эмзэг бөгөөд чухал сэдэв. Багаас нь хэлж, ярьж, ойлгуулж, мэдлэгжүүлж явахгүй бол ирээдүйд хэн нэгэн үр хүүхэдгүй хүмүүсийг элдвээр хэлэх вий?
Бас нэг өнцөг. Ямар нэгэн дарангуйлал үүсэхэд яагаад заавал эрчүүд толгойлно гэж? Эцгийн эрхт ёс давамгайлах ёстой гэж? Тэд яагаад эмэгтэйчүүдийг тоглоом мэт үзэх ёстой гэж?
Эсрэгээрээ эхийн эрхт ёс байгуулаад, бид өөрсдөө эрэгтэйчүүдийг тоглоомоо болгоё л доо. Ха ха.
Үүнийг уншсан эрчүүдийн зэвүү нь хүрэх байх даа. Нүүрномд ингээд биччихвэл яаж харааж зүхэх бол? Хөөрхий Цэдэвдамбын Оюунгэрэлийг элдвээр хэлдэг шиг л. Би дэмждэг юм, их зөв зүйл дээр дуугарч харагддаг.
Гэтэл манайхны эрчүүд их муухай үгээр доромжилдог юм билээ. Өөрсдөө эмээтэй, ээжтэй, эгчтэй, эхнэртэй, охинтой л баймаар. Ирээдүйд өөрсдийнх нь охид гадаад хүнтэй гэрлэхийг үгүйсгэхээргүй цаг үе ирэх магадлалтай байхад.
Номын үйл явдлаас нэлээд хазайсан уу?
Ямартай ч хүүрнэн өгүүлэгч бүсгүй маань өмнөх амьдралаа дурсан санагалзана. Нөхөр нь алуулсан байх магадлал тун өндөр, охин нь хаачсаныг бүү мэд.
"Өөдгүй новшнуудаар өөрийгөө бүү талхиул"
"Хүн цаг бага үлдсэн үедээ л амьдралд илүү хайртай болдог байх даа"
"Мэдэхгүй зүйл шунал хөдөлгөдөггүй"
"Үзэг бол атаархал төрүүлэгч. Зүгээр л барих төдийд л атаархал төрүүлнэ. Би командлагчийн үзэгт атаархаж байна. Хулгайлахыг хүссэн бас нэг зүйл минь энэ"
"Өнөөдрөөрөө амьдар, хором мөч бүрээс таашаал ав, энэ л чамд байгаа цорын ганц зүйл"
"Хүснэ гэдэг сул тал"
"Одоогийнхоос өөрөөр үнэлүүлэхийг хүснэ. Үнэлүүлэхээс ч илүү үнэ цэнийг"
"Хэт их сонголт дунд бидний нийгэм сүйрч байсан юм"
"Эр хүн заримдаа бие биедээ хэлдэггүй зүйлээ эмэгтэй хүнд ярьдаг юм"
Гэтэлгэх ёслолд "цаазлуулдаг" хөөрхий шивэгчин бүсгүйчүүд. Командлагч, эхнэрүүдийг хуурсан гэх "ял"-аар. Аймшиг...
Нийгэм амар амгалан, нэг их шуналгүй, хэт их сонголтгүй, зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарцгаамаар байна өө.
За тэгээд дистопи буюу ойрын ирээдүйд биелэх магадлалтай онц сонирхолтой романыг та бүхэн өөрсдөө уншаад, ухаан мэлмийдээ болгооно буй за.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿