Ирэнгүүт нь унших хүслээ албаар дарсан. Учир нь би нэг шалгалт өгөх гээд түүндээ бэлдээд. Бэлдээд ч гэж дээ, учиргүй бэлдсэн зүйл байхгүй ч сэтгэл санаа тогтворгүй байсан тул хойшлуулаад л байлаа.
Нүдэнд минь харагдахаар нь нэг сайхан илж өгнө. Хэ хэ. Яаж зүгээр байхав. Өөр зөндөө л ном илнэ ээ. Энэ жил 50+ ном унших юм чинь овоо нимгэрэх байгаа, уншаагүй өрөөстэй номны тоо минь.
Бас л зэвүүн утга агуулгатай ном юм аа. Ойрд би иймэрхүү "эмэгтэй" хүний эрхийн тухай, тэдний эрхийг хөндсөн, эмэгтэй хүмүүсийн сэтгэл санаа гэгч ямар эмзэгхэн болох тухай, тэднийг зөвхөн хүслээ хангагч, хүүхэд төрүүлэгч, хоол хийгч, асрагч, халамжлагч, эрх нь бол нэлээд сүүлд тавигдах асуудал гэж үздэг "нийгэм", "хэсэг бүлэг хүмүүс"-ийн тухай уншаад байна шүү.
Тэгээд үе үе өөрийгөө хачин их өрөвдөнө, охин зулзагуудаа ч өрөвдөнө. Ойлгохыг хичээнэ...
Хүүхдийн бага насны орчин, ээж аавын хандлага тухайн хүүхдийн ирээдүйд асар өндөр үүрэг хариуцлагатай байдаг юм байна, гүн гүнзгий нөлөөлөлдөг юм байна гэдгийг хэдий уран зохиолын ном хэдий ч номын утга агуулга, үйл явдлаар дамжуулж ойлгож авах юм даа. Хүний хөгжлийн, хүүхдийн хүмүүжлийн тэгнэ, ингэнэ, тэгдэг ингэдэг гэж "зааварчилсан" номнуудаас хавь илүү ч байж магад юм гэж би боддог.
Номынхоо гол баатрын оронд өөрийгөө тавьж нэг үзнэ, түүнийгээ өрөвдөж нэг үзнэ, үе үе "тэнэг мангар"-ыг нь гайхна. Гэх мэтчилэн дотор нь орж уншихаар нэг ёсны бясалгал, ухаарал, ойлголт, мэдрэмж зэрэг зүйлийг уншигчдад "өгдөг" байх.
Унших явцдаа адармаатай энэ хорвоог туулахдаа Ёнхэ шиг галзуурчихалгүйхэн шиг л даван туулаад, амьдраад, тэнгэрийн оронд морилох юмсан гэж бодон бодон уншиж дуусгалаа.
Номын бүх л дүрүүд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Үүнд бүсгүйчүүдийн үүрэг, онцлог, хариуцлага харьцангуй олон дүртэй байлаа. Эрчүүд нь нэг тийм үлбэгэр, сул дорой, хариуцлагаас зугтаасан дүрүүд.
Бодит амьралд ч нэлээд өргөн цар хүрээтэй ажиглагддаг. Түүнээс бүх эрчүүдийг тийм сул үлбэгэр, хариуцлага бага гэж хэлээгүй болно. Эргэн тойронд ч тийм эрчүүд байна.
Сэтгэл гэдэг эрхтэн чинь учир нь ойлгогдохгүй, өчүүхэн жаахан зүйлээс болоод хаашаа ч эргэж мэдэхээр эмзэг, нөгөө талаар маш хүчтэй байдаг юм байна. Түүн дээр мэдрэмж нэмэгдвэл за тэгээд бүр л хөшүүд, зөрүүд, чигээрээ, ямар нэгэн гадны өмсгөлгүй, нууж далдлах хүсэлгүй, гөлийчихдөг юм байна.
Айлын том хүүхэд байх, дунд хүүхэд байх, бага хүүхэд байх...
Би өөрөө айлын том. Заримдаа ч нэлээд өндөр хүлээлт нуруунд минь ирчихдэг тал бий. Сүүлийн үед өө хүүхдүүд томроод юун дүү нарын асуудал вэ? Ээж аавтай улс, ээж аав нь мэдэж байгаа биз?
Гэж хэлээд хөөрхөн бултдаг болсон. Хэ хэ. Гэсэн ч цаагуураа санаа зовно оо, яаж огт тоохгүй орхиж чадах билээ. Сэтгэл санаагаа бас чилээнэ.
Зүүд
Эвгүй зүүд зүүдлэх ч бас л сэтгэлд цөвтэй шүү, тийм ээ? Тиймээс ч аль болох зүүдлэхгүй юмсан гэж боддог.
Ганцаардал
Эр эмгүй л ганцаарддаг. Харин тэрхүү ганцаардал нь хэр гүнзгий байна гэдгээс л "өөрчилж болох байсан уу?", "өөр сонголт байх байсан уу?" гэсэн тэгсэн бол, ингэсэн бол гэдэг асуултыг дагуулаад байх шиг.
Ганцаардаад байгаагаа ч мэдэхгүй явах тохиолдол байх, Ёнхэ, Инхэ хоёр шиг. Надад ч бас тохиолдоно, энэ ганцаардал. Яаж давдаг вэ гэхээр, ном уншина. Мөн буу хална, хов базна. Мөн хааяадаа ууна. Хэ хэ.
Аль болох өөрийгөө завгүй байлгах гэж хичээдэг. Мэдээж хэт ядралгүйгээр.
Сэрэл
"Монгол хөх толбо" гэж төсөөлөнгүүт л сэрэл нь дээд зэрэгтээ тулдаг хэсэг нь нэг бодлын адын хүсэл, сэрэл ч юм шиг. Нөгөө талын байгалийн ёс жамын нэгээхэн хэсэг ч юм шиг.
Ямар ч хүнд сэрэл бий, мэдрэмж бий. Түүнийгээ хэрхэн захирах, хэрхэн гаргах, хэрхэн илэрхийлэх нь тухайн хүний цаанаас өгсөн өгөгдөл ч юм шиг, нэг бол сонголт ч юм шиг. Аль эсвэл сэтгэл зүйтэй, сэтгэцтэй нь ч холбоотой юм шиг.
Ер нь л ихийг бодогдуулсан, эргэцүүлэхэд хүргэсэн ном байлаа...
Миний хувьд их дажгүй хурдан уншигдсан. 2 өдөрт уншиж дуусгасан. Тэгэхээр та бүхэнд ч мөн таалагдана гэдэгт найднам. Нобелийн шагналт зохиолч шүү дээ. Иймэрхүү дэлхий нийтэд үнэлэгдээд, шагнал хүртээд буй зохиолчдын бүтээлээс унших л хэрэгтэй гэж боддог.
Тэр нь хаанахын ч хүн байсан хамаагүй, унших нь зүйтэй гэж бодно. Хятад, Солонгос, Япон гэх мэт азийн зохиолчид байх тусмаа. Учир нь бидний маш ойрын хөршүүд шүү дээ.
Сүүлийн үед хятадаас санхүүжээд, хятад зохиолыг ихээр орчуулаад, хэвлүүлээд байна гэж шүүмжилдэг болжээ. Оросыг бид их уншсан, одоо жаахан "ази"-ийг уншицгаах нь нэг бодлын зөв шүү.
Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿