Эрх жаахан хүү маань бага сургуулийн сурагч болно оо, ирэх 4 сараас. Цаг хугацаа маш хурдан өнгөрч, тэр хэмжээгээр зулзагууд минь өсөн торниж, би өөрөө бага зэрэг л нас нэмж. Хэ хэ.
Бага сургуульд элсэн ороход нь их л эртнээс бэлдэж эхлэнэ. Цэцэрлэгийн ахлах бүлгээс нь. Жишээ нь хэд хэдэн удаа бага сургууль дээр очиж сурагчидтай хамтран тоглох, хөгжөөнт арга хэмжээ зохиох.
Эсрэгээгээ бага сургуулийн сурагчдын төлөөлөл, дунд сургуулийн сурагчдын төлөөлөл цэцэрлэгт нь очиж хүүхдүүдтэй тоглох. Хамтдаа оригами нугалах, дээс тоглох, мөн хамтдаа үдийн хоол идэх гэх мэт.
Иймэрхүү маягаар сэтгэл зүйд нь, толгойд нь "чи удахгүй сурагч болно шүү" гэж суулгадаг юм байна. Өмнөх хоёр зулзага ч мөн адил энэ арга барилаар сургуульд элсэн орсон л доо.
Овоо хэдэн жилийн өмнө болохоор мартсан байна. Хо хо.
Өнгөрдөг жилийн 10 сард бага сургууль орж эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Дотор, шүд, хараа, өндөр, жин гээд л үзсэн. Зулзага тэгсэн хараагаа шалгуулахдаа сайн мэдэхгүй, буруу зөрүү харсан юм уу, өрөөсөн нүд нь С гэж гараад.
Хотын захиргаанаас хэд хоногийн дараа захидал ирсэн. Нүдний хараа С үнэлгээтэй гарсан байна. Мэргэжлийн эмчид хандана уу? Гэхдээ нэг их санаа зовсны хэрэггүй шүү, хүүхдүүдийн тухайн үеийн биеийн онцлог зэргээс хамаараад заримдаа ингэж нэг нь нүд нь хэвийн, нэг нүд нь хэвийн бус гэж гардаг.
Ямартай ч мэргэжлийн эмчид хандаж дахин нэг шалгуулна уу.
Би ч тэр захиаг авсан өдрөөс эхлээд л санаа зовоод. Зурагт үзүүлэхийг эрс хорив. Гар утас бүр хориглов. Өөрөө хажууд нь аль болох гар утас шагайхгүй байхыг хичээсэн.
Захидал ирсэн өдрөөс овоо хэд хоногийн дараагаар цаг аваад үзүүлсэн. Ашгүй хэвийн гэж гарсан. Нүдний торлог? болор гээд л шалгаж болох бүгдийг шалгаад зүгээр байна гэдэг хариу аваад.
Тайвшрав. Одоо хаа нэгтээ зурагт үзүүлж байна. Хаа нэгтээ тоглоом тоглуулж байна. Түүнээс өдөр тутмынхаа амьдралд аль болох л зурагт, гар утаснаас хол өсгөх санаатай үзэж тарж л байна.
Мөн сая 2 сарын эхээр орох бага сургууль дээрээ очиж хичээлийнхээ хэрэгслээс ганц нэгийг худалдаж авав. Тамирын хувцас гэх мэт нь эгчийнхээ өмсөж байсныг өмсөнө.
Сайхан угаагаад л тавьчихна. Удахгүй үүрдэг цүнх нь ирнэ. Тэр нь болохоор хар хөх өнгөтэй байх аа? Өнгөрдөг жилийн намар захиалсан чинь мартчихаж. Хар билүү? Хар хөх билүү? Хэ хэ.
Одоо хамгийн чухал нь уг хүнээ ээжээсээ холдоод, олон аавын хүүхдүүдтэй нэг ангид ороод, суралцахад бэлтгэх. Мөн хэсэг бүлгээрээ алхаад ирж очих тухай сайн хэлж ойлгуулах.
Мээмнээсээ гараагүй шахуу үр минь. Лхагвасүрэн гуай ээжийнхээ мээмийг нэг шоб хийчихээд сургуульдаа явсан гэдэг шиг л юм болох гээд, тэндээс эмээ өвөө нь, эндээс аав нь гайхаастай.
Тэгсэн хэрнээ цаанаа нэг өхөөрдөөстэй. Саяхан нүүрномоор ээжийгээ санаад гээд нэг охин ээжтэйгээ гар утсаар яриад байсан даа. Үзээд, миний л үр шиг санагдсан. Хи хи.
За баатар залуугаа хэрхэн өглөөд нь алхаад, сургуульдаа хэр байгааг нь цаг тухай үед нь шуурхай мэдээллээд явна аа. Ээжийн ганц чадах зүйл шүү дээ, тийм ээ?
Түр баяртай. Өөртөө болон зулзагтаа, мөн та нартаа амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿