2025年4月18日金曜日

Чингис хааны нууц түүх 2

Номоо уншаад дуусав. Ерөнхий сэтгэгдлээ өмнөх дугаарт бичсэн. 

Энэ удаад дүрүүдийн тухай бага зэрэг сийрүүлэхүү? Түүхэн хүнийх нь хувьд хэт их нэг талыг барин шүтэх, бараг л бурхан мэт байсан гэж үзэх гээд байдаг даа. Бидний онгон шүтээн болсон хүн тул, янз бүрийн л шүүмж сонссон шиг байна лээ уг ном. 

Манайхан минь ээ, хэт нэг талыг, нэг өнцгийг харж, барьж уншаад байгаа юм биш үү? Олон талаас нь харж, аан ийм байж болох юм? аан ингэж харж болох юм, аан ийм байсан байж магад гэж таамаглаж уншиж сурах хэрэгтэй ч юм шиг санагдав.  

Гэтэл эдгээр түүхэн хүмүүст, удирдагч хүмүүст, домог болсон хүмүүст өөрийн гэсэн онцлог зан чанар, ааш авир, үзэл бодол, үнэ цэнэ, хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлтэй байжээ. Нэлээд холын санаатай, алсын хараатай хүмүүс байсан шиг...

Мэдээжийн л зүйл байх тийм үү? 

Бөртэ

Залуу гоолиг насандаа бол үнэхээрийн энхрий, наалинхай байжээ. Хөөрхий минь булаагдаад, хүний эрхэнд явахдаа эр нөхрөөсөө өөр хүнээс хүүхэд олж тээгээд төрүүлснээр их л сэтгэлийн шаналан эдэлнэ ээ. Зүчи хөвгүүнээ хамгаалж буй нь асар өрөвдмөөр өө. 

Үүнээсээ болж нөхөртөө зодуулдаг хэсэг гардаг. Эхэндээ арай ч ингээгүй байхаа гэж бодсон ч цаг хугацааны хувьд хүний эрхийн асуудал, ялангуяа эмэгтэй хүний эрхийн асуудал түй ч яригддаггүй цаг үед иймэрхүү явдал байсан байж мэдэх гэж бодсон. 

Ямар их тэвчээр ухаан шаардсан нь ойлгомжтой. Мөн эр нөхөр нь бага хатан буулгах бүрт л сэтгэл нь эмэрч байсан л байлгүй. Боолынхоо Хадаан гэгч хүүхэнтэй учир ургуулж, энд тэндхий газар нутгийн өчнөөн л сайхан хүүхнийг эдлэх нөхөртөө уур нь хүрдэг л байсан байлгүй, харамладаг л байсан байлгүй. Тийм үү?

Одооны бид бол "галзуурна" биз дээ. Тийм болохоор өөрийн эрхгүй л өнөөгийн хэллэгээр "хатан ухаан" зарах хэрэг гарсан биз? 

Ийнхүү цаг хугацаа өнгөрөх тусам нэлээд зэвүүн их хатан болж хувирна. Хэ хэ. Бас нэлээд хорчин. Бага хатдын, зугаацуулагч хүүхнүүдийн хооронд, тэднийг үр хүүхэд төрүүлэхээргүй байхаар хорлодог байсан ч байж магад, уг номд гардагчлан. 

Дээхэн үеийн хаан, хатантай гадны улсуудад иймэрхүү түүхэн явдлууд байсанчлан манайд ч байсан байх магадлал өндөр. Хулан хатанд нэлээд ширүүн ханддаг байгаа юу даа гэж бодогдохоор. Мөн Хадааныг үзэж чаддагүй байсан бололтой. 

Жамуха

Бас л хурц дүр. Сэтгэл санаа хурц, хувирамтгай, их хартай, олон ааштай. Бөртэд бас санаархаж байсан мэт. Жамухын үнэнч шадар Хантөмөр нь ч бас "сэртэндэж" байсан гэнэ шүү. 

За тэгээд Чингис хаан Жамуха хоёрын тухай зөндөө л яригддаг дөө. 

Ухааны туйл байжээ гэж бодов. Гэхдээ анд найз Тэмүжингээсээ нэг ялгаатай нь дэргэд нь "хатан ухаант" гэргий байгаагүй нь түүний мөхлийн, төгсгөлийн шалтаг байсан ч юм шиг санагдав. 

Тэгээд л "Амжилттай яваа эрэгтэйн ард маш чадварлаг эмэгтэй хүн байдаг" гэдэг үг гарсан юм болов уу? Хо хо. 

Тэв тэнгэр

Тэв тэнгэр нь Есүхэй баатрын харц Мэнлигийнх нь хүү. Багын нэр нь Хөхөчү. Багадаа алив юмыг өөрөөр хардаг, нэлээд шидтэй хүүхэд байж. Эргэн тойрных нь түүнийг ойлгохгүй мангар тэнэг, солиот гэдэг байж. Харин Тэмүжин л өмгөөлж хамгаалдаг байж.  

Энэ хүүгийн тухай сонин содон зүйлс их гарна. Хожим бөө болоод, нэр ус нь алдаршиж, нэлээд баяжина. Тэмүжинд буцан ирж түүнд зүтгэнэ. Сүүлд харин Чингис хаан түүнийг хороолгочихдог. 

Маш их дур тачаал ихтэй, бүсгүй хүн тэрхүү дур тачаалыг нь хангаж чадахгүй болохоор нь гүү гишгүүлдэг байсан гэсэн. Итгэхэд жаахан бэрх ч юмыг яаж мэдэхэв байж магад шүү дээ. Ха ха. 

Энэ хэсэгт нэг гоё үгтэй таарсан. 

"Мөнх Тэнгэр хэмээн нэрлэж Монголчуудын эрт дээр цагаас шүтэж биширч ирсэн тэр зүйл бол харин энэ Хөх тэнгэрээс ангид байх бөгөөд зөвхөн хүмүүний сэтгэлд оршигч тэр их орчин ахуйг хэлж болохыг Хөхөчү ойлгож мэдсэн хэрэг байлаа. Хүмүүний сэтгэл оюуныг Мөнх Тэнгэр гэж монголчууд үздэгийг мэддэг болжээ."

Хөх Мөнх Тэнгэр минь гэж залбирдаг шүү дээ. Монголчууд бид Мөнх Тэнгэр болсон сэтгэл оюунаа саруулхан, цэлмэгхэн, ариухан байлгах цаг нь болсон юм биш үү дээ. 

Мөн "овоо" гээч зүйл асар их утга учиртай юм билээ шүү дээ. Одооны бидэн шиг хогийн цэг биш. 

"Овоо босгодог нь газрын их хүчний урсан гарах өрхийг хааж, газарт шингээн хадгалах, бас учир мэдэхгүй хүн цохигдон хорлогдох зэргээс сэргийлдэг өвөг дээдсээс уламжлагдан ирсэн арга болохыг Хөхөчү сая л өөрийн биеэр үзэж мэджээ. Хэтэрч хэмжээ нь ихдэхгүй л бол газрын хүчний урсгалд богино хугацаанд орох нь хүний бие болоод сэтгэлд хоргодон шингэсэн муу ёрын сүнс сүүдрийг зайлуулж ариусгадаг учиртай тул Монголчууд овоог гурваас илүү тойрдоггүй ёс бүр Хүннү гүрнээс өмнөх үеэс тогтсоор ирсний учрыг Хөхөчү сая л ухаарав." 

Дараагийн бичвэрт үргэлжлүүлье. Учир нь хэт урт болох гээд байна. Би өөрөө бичих гэсэн залхуу хүрчихлээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿