2025年4月17日木曜日

Цэцэрлэгийн төгсөлт

Эрх бяцхан жаахан минь албаа төгсөөд дараагийнхаа албанд орчихсон шүү дээ. Угтаа цаг тухай бүрд нь бичнэ гэсэн амжсангүй. 

Хөөрхөн дуу дуулцгаана. Ээждээ талархлын үг хэлнэ. Түүнийг нь сонссон чинь миний аньсага чийгтээд л ирсэн. Учир нь би зулзагуудаа цагтай уралдаж зөөсөн, бүр нэг минут хэтэрчихбэл нэмэлт төлбөр тооцогддог байсан тул нэг минут надад маш үнэтэй байсан. 

Гэх мэт олон олон дурсамж нүдний өмнө жирэлзээд, энэ бүхнийг би болон бид даваад гарсандаа өөрсдөөрөө бахархав. Хүний нутагт, эмээ өвөөгөөс нь хол. Өвдлөө гэхэд түр хараад өгөөч гэж гуйх хүнгүй, бүгдийг өөрсдөө даван туулсан. 

Хамаг гоё дээрээ тавиад л явсан. Багш нар нь, бусад ээжүүд, аавууд бүгд л Юндэн гөөгөө болсныг нь гайхсан. Энгэр дээрх улаан цэцгийг цэцэрлэгээс цаанаас нь зүүж өгсөн. Ургаад л явчихна лээ. Хайр хүрмээр...

Гэхдээ бусад бүхий л хүүхдүүд хөөрхөн, ганган байсан. Багш нар ч гоёсон байсан. Танигдахгүй л шахуу болцгооно эд чинь. Жирийн өдрүүдэд энгийн, даруухан хувцасладаг хүмүүс шүү дээ. Ганган үедээ хачин их ганган. 

Багш нарын талархлын, баярын мэндчилгээний үгтэй ийм хавтас өгнө. Мөн хайрцаг балын харандаа бэлэглэсэн. Түүн дээр нь овог нэр нь бичээстэй. Учир нь 1 дүгээр ангид элсэн ороход харандаа хэрэгтэй. Хичээлийн бүх хэрэглсэл дээр нь хүүхдийнхээ нэр усыг бичдэг. 

Яагаад гэвэл тооны хэрэгсэл гээд ихэнх зүйл нь бүгд ижил байдаг тул. Хоорондоо хольж солихоос сэргийлж буй нь тэр. Энэ тухай тусад нь бичнэ ээ. 

Мөн "диплом" өгнө. Анхныхаа дипломыг авав. Цаашид олон олон диплом авах болтугай...

Хүүхэд болгонд ийм хөөрхөн шар өнгийн цэцэг өгсөн. Амжилттай төгссөнд баяр хүргэе гэж бичээстэй. Савных нь гаднах хайрцгийг өөрсдөө хийсэн. Сүүний савыг өнгөлж наагаад, ганц нэг наалт наана. Хүүхдүүд өөрсдөө бүтээнэ. 

Үүнээс гадна мөн үзэгний сав хийж өгсөн. Түүн дотроо цаасаар урласан цэцэгтэй. Одоо ширээн дээр минь өөдөөс хараад байж байна. Усны хуванцар саваар хийсэн. 

Гэх мэт эдний энэ энгийн, төсөр тэмдэглэдэг нь таалагддаг. Элдэв сахарын орц найрлага ихтэй амттан өгдөггүй. Учир нь хүнснээс харшилтай ч хүүхэд бий. Дургүй амттан ч бий. Хэрэв амттан өгмөөр байвал эцэг эх нь дараа нь өөрсдөө авч өгнө биз гэдэг хандлагатай. 

Анги даасан хоёр багшид нэг хүүхдээс 598 иен цуглуулж сарнай цэцэг хэлбэртэй саван өгсөн. Хүүхэд бүр хоёр багшдаа нэг нэгийг. Мөн зурагт талархлын үгтэй гоёмсог хавтас өгсөн. 

Би сүүлд дараа нь цэцэрлэгийн бүх багш нарт хандаж кофе авч өгсөн. Учир нь ганц анги даасан хоёр багш хардаггүй. Өглөө, оройд өөр өөр бусад багш нар ч харж хандаж байдаг тул. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿