Халуун байна аа. Бүгчим халуун байна аа. Нозоороод л, урсаад л, алхаад л, гүйгээд л, уншаад л, үзээд л...
Клубынхны маань 6 дугаар сарын төлөвлөгөөт ном. Өмнөх саруудынхаа номнуудыг хоцорч уншиж дуусгаад сар нэлээд гарчихсан хойно уншиж эхэлсэн ч дуусгачихлаа. Хаа очиж нимгэвтэр ном байлаа. Тэгээд л хажуугаар нь жижиг бөгөөд жинтэй номоо уншаад л явна.
Мөн богино өгүүллэгийн ном тул, гарчигнаас нь харж байгаад сонирхолтой санагдсанаасаа уншина. Ингэхээр хурдан дуусах нь гарцаагүй.
2020 онд хэвлэгдсэн номыг дор нь орчуулаад гаргачихсанаас харахад уг зохиолчийг сонирхон уншигчид олон байдаг нь тодорхой...
Мүраками Харүки "Нэгдүгээр биеийн ганц тоо" гэдэг ном.
Мүракамигийн хоёр дахь номыг уншиж дуусгав. Нэлээд дээхэн "Норвегийн ой"-г нь уншиж байсан.
Нэг их таалагдаагүй юм. Тэгээд л дахиж уншихгүй байх гэж бодож явсан юм. Тэгсэн чинь манай номын клубынхан минь уншина гэж товлоод.
Далимд нь бас нэг ном авчихсан байгаа. төлөвлөгөөт номнуудынхаа хажуугаар уншина даа.
За номынхоо тухай бичье даа.
Уншиж байх явцдаа зохиолч өөрийнхөө тухай, өөрийн дурамсжуудаас цуглуулан, дэлгэрүүлэн, уран яруугаар найруулан өөрийн тухай бичсэн шиг санагдсан. Зохиолчийн төрөлх нутагт амьдарч буйн хувьд танил дүр төрх их тул яагаад ч юм тэгж бодогдсон.
Мөн өмнө нь уншсан ганц номынхоо агуулгаас харахад ч гэсэн иймэрхүү өнгө аястай бичих нь ч ойлгомжтой мэт санагдсан.
Дурсамжаа бичсэн номтой их учирч, сүүлийн үед уншсан номнууд дурсамж, бодлогошрол дүүрэн ном дийлэнх хувийг эзлээд байх шиг...
Зүрх сэтгэлд тод үлдсэн, мартагддаггүй, үл арилдаг нэгээхэн хэсэг цаг мөч байдаг даа. Түүнийгээ уран яруу найруулаад биччих ч бас нэг бодлын тун аятайхан юм гээч.
За тэгээд хүн нас ахих тусам өнгөрснөө дурсан санаж, түүнийгээ юм л бол бусдад ярьчих гээд байдаг шиг. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад. Хэ хэ. Би ч нас залуу л даа. Гэсэн ч дурсах, санах, бодлогшрох зүйл ихтэй ихтэй...
8 өгүүллэг дотроос хамгийн сонин содон санагдсан нь "Шинагавагийн сармагчны наманчлал" гэдэг өгүүллэг байлаа. Хөдөө нутгийн жижигхэн халуун рашааны дэн буудалд ажилтан нь гээд сармагчинтай тааралдана.
Сармагчинтай шар айраг хувааж уунгаа "жаргал зовлон"-гоо хуваалцана. Сармагчны зовлонг унших нь ээ, инээдэмтэй ч юм шиг, аргагүй ч юм шиг, эвий ч юм шиг санагдав.
Сармагчин эмэгтэй хүнд дурлаад, тэглээ гээд яаж ч чадахгүй. Тэгээд нэг арга олсон нь тухайн дурласан эмэгтэйнхээ "нэрийг хулгайлдаг", тэгээд тэр нэрээ хэлээд л дурсан санагалздаг.
Мөн эмэгтэй хүнтэй уулзаж учирч явсан, тэдгээрийнхээ тухай дурсамжийг бичсэн нь нэлээд илэн далангүй байх шиг санагдсан. Хэдий зохиол гэж хүлээж авах хүн байв чиг, Мүраками өөрийнхөө тухай бичсэн гэж бодож буй хүмүүст бол ил тод бичсэн мэт санагдах нь гарцаагүй.
Мөн бас нэг зүйл. Сонгодог болон жазз хөгжим нэлээд сонирхдог бололтой. Сонсож дуулаагүй хөгжмийн зохиолчид, хөгжимчдийн тухай их гарна.
"Бид цаг хугацааг ямар ч тохиолдолд нандигнаж явах учиртай. Цаг хугацаа гэдэг зүйлтэй эвлэрч, зохицож, аль болох нандин дурсамж үлдээх нь юу юунаас илүү чухал."
"...үзэсгэлэн төгөлдөр биш ч, өөрөөсөө ямар нэгэн сэтгэл ханамж, гэрэл гэгээ олж харж чаддаг бүсгүй л жинхэнэ аз жаргалтай байдаг юм шиг."
Би угийн нэг уншиж эхэлсэн номоо дуусгахгүй орхих дургүй хүн. Магадлал бага ч гэсэн" төгсгөлд нь гэнэт сонирхолтой юм гарч ирэх ч юм билүү?"
"Бид ч гэсэн ялгаагүй янз бүрийн баг зүүж л амьдардаг. Угтаа баггүй бол энэ хатуу ширүүн хорвоод" амьдрах боломжгүй. Буг чөтгөрийн баг дор сахиусан тэнгэрийн бодит дүр байдаг бол сахиусан тэнгэрийн баг дор буг чөтгөрийн амилал байх нь бий. Нэг нь нөгөөгүйгээр байх боломжгүй. Бид үргэлж л тийм байдаг."
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿