7 дугаар сарын төлөвлөгөөт ном. Өмнөх номнуудаа тувт дараагийнх нь сард чүүтэй айтай багтааж уншаад байсан хүн чинь нимгэн, жижигхэн ном уншихаар урамтай нь аргагүй уншигдах юм аа. Сардаа багтааж дуусгасандаа додьгор гэгч нь үүнийг бичиж сууна. Вино шимсэн шиг ээ...
Сардаа багтаагаад уншчихсан хүн чин дараагийнхаа номыг гаргаад ирсэн, ширээн дээрээ "цэцэглүүлж" байна. Цэцэглүүлэх гэдэг нь их л гоё утгаар нь хэлж байгаа юм шүү. Түүнээс хөглөрүүлэх гэсэн утгаар хэрэглэдэг манай гэрт.
Сөрөг үг амнаасаа унагахгүй байх санаатай. Хи хи.
Зохиолч залуу надаас дүү юм аа. Зургийг нь харахад "хөөрхөн бор хүү" байх шиг байна лээ. Нас нэмээд одоо ч "хөөрхөн боловч эгчмэд бүсгүй" гэдэг дуу шиг л болж байна дөө. Ха ха.
Энэ сарын "Цул мөнгөн гүүр" ном хөөрхөн гэгээлэг байлаа. Дурсамж ном. Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрж өссөн Ц.Гончиг зохиолчийн бага ахуй насных нь дурсамж зохиол.Хоёр ч шүлгийн түүвэр хэвлүүлсэн гэж байна. "Цул мөнгөн гүүр" ном гурав дахь бүтээл нь гэнэ. Сүүлийн үед гарч ирж буй монгол залуусынхаа бүтээлийг түлхүү уншаад, танилцаад, дэмжээд яваа өөрөөрөө бахархав.
Өнгөрдөг жил 8 дугаар сард энэ номыг дэлгүүрээс худалдаж авах гэсэн чинь байдаггүй. Буцах дөхчихөөд, нэгэн найздаа захиад л үлдээлээ. Тэгсэн найз минь зохиолчтой нь холбогдоод хаа байсан Хөвсгөл аймгаас "шуудан"-гаар илгээж авсан. Зохиолч нь өөрөө гарын үсгээ зураад шүү.
Маш их баярлалаа. Дараагийнх нь ном хэвлэгдсэн байсан тийм ээ? Авч уншина аа. Цаашдаа ч олон олон зохиол бичиж уншигч биднийхээ оюуныг баясгаарай.
Зохиолын агуулга нь зохиолчийн бага насны дурсамж. Цаанаа л нэг тийм гэгээлэг. Цаанаа л нэг өхөөрдөм, цаанаа л нэг хайрламаар, цаанаа л нэг гэнэн цайлган агуулгатай байлаа.
Хэдийгээр надаас дүү ч гэсэн тийм ч хол зөрүүтэй биш тул түүний багад тохиолдсон ганц нэг зүйлийг блог бичигч би бээр ч амссан, туулсан.
Тог тасардаг хэсэг, шил түүж тушаадаг хэсэг, кино театрт кино үздэг хэсэг гээд л.
Мэдээж хот хөдөөгийн ялгаа бий. Тэр бүх бага насны дурсамжаа энэ мэт зохиол болгоод хэвлэмээр ч санагдах шиг...
Гэснээс хотод төрж өсөөд, "хотын дурсамж?"-аа бичдэг нэг залуугийн номыг найздаа захьчихсан байгаа. Энэ сарын сүүлээр ирнэ. Уншина даа, тэсэн ядан хүлээнэ. Таньж мэддэг нэр ус гарахаар цаанаа л нэг гоё уншигдана гэж бодож байгаа.
Хэдийгээр би хөдөө өсөөгүй ч хөдөө нутагт хайртай, малчин ардаа хүндэлдэг, биширдэг тул хөдөө нутаг, тал нутаг гардаг зохиолд дуртай.
Нутгийн хөгшид, нутгийн уулс, нутгийн гол горхи, нутгийн нутгийн гэсэн өгүүлбэрүүд, дүрслэлүүд яагаад ч юм цаанаа л нэг дотно санагддаг. Багадаа аавынхаа төрж өссөн суманд очиж амарсан дурсамж, авга талынхаа хамаатныд очиж бяцхан горхины боргио сонсож, сарлагийн зузаан өрмийг шинэхэн барьсан талхан дээр түрхэн идэж амарсан тэр нэг сайхан зун цагийн дурсамж үүнд нөлөөлдөг байх.
"Хүн дурсагдаж эхэлсэн цагаасаа дахин амьдараг."
Цавууны тухай бичсэн дурсамжийг уншаад цагаан цавуугаар туйлж өссөнөө эргэн дурсав. Аав минь хэвлэх үйлдвэрт ажилладаг тул багадаа цагаан цавуугаар тоглож өссөн дөө. Найзууддаа, багшдаа ч өгдөг байлаа.
Бэхний саваар дүүргэж аваад л ангидаа ирнэ. Найзуудтайгаа гарынхаа алганд нимгэн түрхэж, хатсаных нь дараагаар хуулж тоглоно. Хэ хэ.
Манайх ч мөн адил гэрийн нэг хана дүүрэн ном өрөөстэй байлаа. Уран зохиолын номонд дуртай байжээ.
Зэвэг загас барьдаг, голын усанд шумбаж тоглодог, морь унаж давхидаг нь хотын биднээс ялгаатай ч гэнэн цагаахан хүүхэд нас. Бид хэрхэн тоглож, цагийг хэрхэн өнгөрөөдөг байснаа нэг дурсаж бичнэ ээ.
Цахим ертөнцгүй хүүхэд нас аюулгүй, эрүүл байж дээ гэж бодогддог л юм.
Ямартай ч хөөрхөн өнгө аясаар бичдэг залуугийн зохиолтой учирсандаа баяртай байна өө. "Тойром" романыг нь захиж авна аа.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿