Эгч ч яахав дугуйлан, найз нөхөд гээд орж гарах ажил ихтэй. Дүү л жаахан хийцгүйрсэн хүн байна. Хагас бүтэн сайнд аль болох авч гарах гэж хичээж буй ч, ажлын өдрүүдэд ээж аав ажилтай үед гэртээ ганцаараа. Зурагт үзээд л...
Сургууль дээрээ нэгдүгээр ангийнхан ийм цэцэг тарьдаг. Япон нэр нь "асагао". Шууд утгаар нь орчуулбал "өглөөний нүүр царай". Монгол нэршил нь "бодонцог" гэнэ ээ. Англиар нь "morning glory" гэнэ ээ.
Зуны амралт эхлэхээр үүнийгээ гэртээ авчирч арчилна. Өглөөдөө их хөөрхөн дэлбээлээд, өдөртөө хумигдаад, оройдоо хагдарчихдаг. Үр гардаг. Үрийг нь түүж авч хадгалаад ирэх жилд шинээр элсэн орох нэгдүгээр ангийн сурагчдад бэлэглэдэг уламжлалтай.
Өглөөд ажилдаа явахдаа ийнхүү дэлбээлсэн байвал зураг дардаг. Зулзага өөрөө усалдаг, өглөө оройдоо. Заримдаа мартана. Аав нь ихэвчлэн сануулна. Заримдаа аав нь гадаах зүлэг, модоо услахдаа хамтад нь усладаг. Энэ нил ягаан өнгөнд ээж дуртай. Ганц нэг зулзага бас дуртай. Яг хэн нь билээ дээ? Хэлж мэдэхгүй л байна. Олон зулзагатай хүн чинь. Хэ хэ. Ийм тод цэнхэр өнгө бас байна. Гоёмсог байгаа биз? Мөн энэ цэцгийн сав ч хөөрхөн. Урт ороож ургадаг тул цэцгийн сав ч түүнд тохирсон байна. Сурагчдын нэр бичээстэй байна. Учир нь бүх нэг болон хоёр дугаар ангийн сурагчид адилхан цэцгийн савтай байдаг тул.
Сургуулиас нь цаанаас нь бэлдэж өгдөг. Сүүлд хоолны мөнгөн дээр нь нэмж тооцоод, ээж аавуудын данснаас татна.
Ийм л багаасаа цэцэгтэй харьцдаг тул цэцгийн нэр их мэддэг юм билээ. Би ч хэдхэн цэцгийн нэртэй болохоор шинэ соргог цэцэг тааралдвал нэр усыг нь асууна. Монгол нэршлийг нь олж цээжлэхийг хичээнэ. Ихэвчлэн мартчихна. Хи хи.
Монгол дахь сурагчид зуныхаа амралтаар юу хийцгээж байна даа?
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿