...Умард мөсөн туйлын хөвмөл мөсийг ашиглан, Индигирка голын адагт улс төрийн хэргээр цөлөгдөн сууж байсан хэсэг хүмүүс Санниковын газрыг олох гэж оролдсон тухай энэ номд өгүүлнэ...
Шинэ газар нээх гэж буй хүмүүс мэдээж төсөв мөнгө олно. Тийм болохоор нэгэн академичаас мөнгөн тусламж хүртэн, тусгай даалгавартай явж буй гэсэн үг. Тэгэхээр туулсан сонин хачин зүйлсээ, адал явдлаа бичиж тэмдэглэж үлдээнэ. Зураг дарна, дэвтэрт бичиж тэмдэглэнэ.
Одоогийн орчин үед бол шууд л ухаалаг утсаа гаргаж ирээд л бичлэг хийх байсан даа гэж бодов. Хэ хэ. Балар эртнийхээрээ буй хүмүүсийн тухай уншихаар бас их хөөхрөн. Тэдгээрийн хэрэглэж буй зэвсэг, эхнэрээ сонгож буй тэмцээн, идэж буй хоол хүнс гээд л сонирхолтой.
Мөсөн дээрх урт аялал тул олон ноход хөллөн давхина. Нохдоо хооллоно. Энэ тухай кинон дээрээс харж байсан зураглал тул харьцангуй төсөөлөлтэй байлаа. Цав цагаан цас, мөс хараад байхаар нүд их өвддөг байхдаа, арьсанд их халгаатай байхдаа гэж бодоод амжина аа. Хэ хэ.
"Уснаас үхтлээ айдаг монголчууд шиг" гэдэг зүйрлэл гарна. Өөрийн эрхгүй инээмсэглэв. Нээрээ л бид чинь их уснаас айдаг, эмээдэг, биширдэг, сүсэглэдэг ард түмэн тийм ээ?
Ан ав хийгээд, тэрхүү амьтныхаа арьс үсийг тэр дор нь өвчөөд, янзлаад явчихдаг нь нэлээд ойр, төсөөлөлтэй байлаа. Таван хошуу малаа муулаад, арьс үсийг нь дор нь янзалчихдаг ард түмний нэг хэлтэрхий юм хойно, тийм ээ? Түүнээс би өөрөө идэхээс өөр ид шидгүй хүн шүү дээ.
Ажилсаг, ер зүгээр суудаггүй хүмүүсийн тухай уншихаар сүүлийн үед юу ч хийхгүй, гэдсээ илээд хэвтээд буй надад нэг тийм гэмшлийн мэдрэмж төрсөн гэж. Ингээд зүв зүгээр суугаад байж болох уу? Цаана чинь манайхан тэнд цагаан сардээ бэлтгээд, банш бууз, ууц, ул боов, идээ таваг бэлдэх гээд түмэн ажил ундарч байхад чи...
Гэж ирээд л бага зэрэг гэмшлийн мэдрэмжтэй л яваа шүү. Хо хо.
Ойрд таараагүй сонин содон үгтэй нэлээд таарна. Мэдээж ганц нэг хэвлэлийн алдаа байсныг эс тооцвол орчуулга нь тун догь юм өө. Чаддаггүй хүн нь юм болохоор хүмүүсийн "чадварлаг"-ийг гайхдаг болсон.
Алаг нугас, цууцаль, алгар шувуу, зана шувуу, ламут-овгийн нэр, тэнгис хадаалмагц, ой бараагнах, хэдрэгтэн, савгат хирс, цасан ташлуур, сэрийлдэх, агуйн бану, лаг хагшаас, нийгүүрсийн төгөл, шавар уруйд, тошин, мод залтас, элтэрч унах, өшиглүүр хөнжил, хүүршиж хуучирсан, юкигар-овгийн нэр, цоролзох, мөсөн цул гилийнэ, ташлан, хүрмэн бялхмаг, заарьт үхэр, далан хальс, алагтуу, ятга шаазгай, усны самар (trapa natans), phoca sibirica (Байгаль нуурын цэнгэг усанд байдаг хав загасны онцгой төрөл), халиа түшин, тошигносон мөс, дэлэнч, бөхнө, заарцаглан, мянжиг, лэнсий бараа, утаангир, лужир, усны өрх, хавтгалж шувуу, цоололдой шувуу, хараалж шувуу, тутгалжин шувуу, гараа өлчиж, хэдэргэн зам, даачаа тэрэг, бадай хүрэм...
Ийм үгнүүдтэй тааралдав. Цаг гарвал судалж, хайж үзнэ гэж бодож л байна. Мартчихдаг болж дээ. Олон үгтэй таарна өө, толь бичиг сөхнө дөө гэж бодоод л мартчихдаг болсон...
Аялалын явцдаа нэг гишүүнээ болон судалгааны нотолгоо болсон зураг хөрөг, тэмдэглэлээ алдчихдаг нь жаахан харамсалтай. Хэдийгээр уран зөгнөлт зохиол ч гэлээ, харамсав. Хэ хэ.
Арслан заан гэж их чухал амьтан байсан юм байна. Тухайн нутагт. Яг л үлэг гүрвэл шиг.
Нэг хөөрхөн нь Анниур гэгч бүсгүй хайрт орчин үеийн залуугаа дагаад овог, турж өссөн нутгаа орхиод хамт соёлт ертөнцөд ирдэг нь. Харин нэг соёлт залуу нутагтаа үлдсэн яншаа эхнэрээсээ залхаад, онкилон бүсгүйтэй гэрлээд тэндээ үлдэх шийдвэр гаргасан ч үзэл бодлын зөрүүгээс болон аргагүйн эрхэнд оргон зугтаж, эргэж нөхөдтэйгөө нийлнэ.
Гэх мэт хөөрхөн адал явдалт зохиол байлаа. 10 хэдэн насны хүүхдүүддээ уншуулбал сонирхолтой шүү. Ямар ном уншуулах вэ гэж асуугаад байдаг эцэг эхчүүд минь.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿