2026年4月5日日曜日

Тархины блок

Жилийн өмнө байх аа, найз минь өгч явуулсан. Бас бус хэд хэдэн ном өгч явуулсан, унших юмсан даа гэж. Гэхдээ өрөөстэй номнуудаа маш эрчимтэйгээр буулгаж ирээд уншаад л байгаа, уг нь. Он гарсаар 12 ном уншсан байна. 

Одоо 13 дахь номоо эхлээд талдаа орчихсон яваа. Сард 4 ном уншаад байна. Энэ эрчээрээ 4 дүгээр сард ч 4 ном унших бодолтой. Номын клубынхаа төлөвлөсөн нэг ном, төлөвлөгөөгүй буюу сонирхлоороо гурван ном. 

Зарим номнууд нь жаахан зузаан бол тоог нь нэгээр цөөлж магад л юм. Ямартай ч энэ унших дадал бол "энгийн дадал" минь болжээ. Өдөрт заавал ганц хоёр хуудас уншина. Яаж ийгээд л үүндээ цаг зав гаргана. Дуртай зүйлдээ хүн чинь цаг гаргаад байдаг юм байна шүү дээ, та нар ч гэсэн оролдоод үзээрэй. 

Гэснээс энгийн дадал болгочихмоор ганц хоёр зүйл байдаг. Нэг л болж өгдөггүй ээ. Хичээнэ ээ, бага багаар. 

Ганбатын Мөнгөн "Тархины блок" гэдэг ном. "Хадгаламж өлсөхөөс эхэлнэ" гэдэг номыг нь уншаагүй л дээ. Энэ номных нь пдф-ийг хувилаад нэг залуу надад бэлэглэсэн шиг санаад байна. Өөр ном ч билүү? А4-н цаасан дээр хэвлэсэн тэр номыг нэг хайж олъё байз? Олон тавиурны минь хаа нэгтээ өрөөстэй л байгаа байх. 

Ингэхэд би их олон номын тавиуртай. Зулзагын өрөөнүүд, миний өрөө, мөн том өрөөнд минь гээд л. Саяхан том өрөөндөө эргэдэг номын тавиур авч тавьсан. Хэллүү? 

Уншиж буй номнуудаа, зээлсэн номнуудаа түр зууртаа өрж тавьж байх зориулалт бүхий номын тавиур хэрэгтэй байна гэж хошуугаа унжуулсаар байгаад зорьсондоо хүрсэн. Хэ хэ. Ахлах ангийн зулзага минь сонирхоод л, тусдаа гарахаараа авч тавина гэсэн, өрөөндөө. Хэ хэ. 

Зээ, тэрхүү Хадгаламж өлсөхөөс эхлэнэ номыг нь эргэн тойрныхон минь уншсан л байх тийм үү? Би ч өөрөө боломж нь гарвал олж уншихыг хичээнэ ээ. Санхүүгийн мэдлэг, туршлага зайлшгүй л хэрэгтэй зүйл, хүний амьдралд. Хадгаламжтой болох, зарлага нь орлогоосоо бага байх ёстой гэх мэт... 

Хөөрхөн хөөрхөн санаа байна шүү. Тэмдэглэж авав. Шууд номон дээрээ л тодруулчихсан л даа. Дээхнийх шиг дэвтэрт тэмдэглэж бичихээ байж дээ. 

Залхуугийн л шинж байх даа. 

Ийм бодол ч өөрөө тархи минь блоклогдчихсоны нэг шинж байх тийм үү? 

Залуу хүн гэхэд бусдыг зөв зүйлд уриалан, зөв зам руу чиглүүлэн, өөрөө үлгэрлэн яваад бахархмаар. Зарим нэг бэлэн мөнгөн дээр оччихоод "бүлт бүлт" үсрээд байдаг залуусыг бодвол тийм ээ? Хэ хэ. 

Ингэж бодох минь ч бас тархины блок байхдаа тийм ээ? 

Гэснээс эрэгтэй хүний иймэрхүү хүний хөгжлийн тухай ном уншсандаа олзуурхаад өө. Учир нь дандаа л эмэгтэй хүмүүс л энэ тухай бичиж, өөрчлөгдөцгөөе, хөгжицгөөе гэж бичээд, ном товхимол гаргаад байх шиг санагддаг юм. 

Эсвэл би өөрөө эмэгтэй болохоороо эмэгтэйчүүдээ дэмжих гээд тэдгээрийнхээ бичсэн номнуудыг түлхүү аваад байдаг ч байж магад. Далд ухамсар нөлөөлдөг ч байх. 

Нэг авууштай нь өөрийнхөө амьдралын туршлагад үндэслэн бичсэн нь. Надаас дүү залуу байж амьдралын ихээхэн арвин туршлагатай хүн шиг санагдсав. Эхэндээ ч надаас ах юм байх даа гэж бодсон чинь бацаан байсан. Хи хи. 

Гэснээс би ч одоо аниа гэж дуудуулдаг болсон шиг байна өө. Сая л гэхэд монголоос төрийн албан хаагчид ирээд. Бүгд л дүү байлаа. Хэдэн жилийн өмнө бол би өөрөө бацаан, энэ бацааны чих алт болчихлоо гэж хэлүүлдэг байсан юм л даа. Ха ха.

Олон л хөөрхөн санаануудаас нь хэрэгжүүлж болмоор нь "оройдоо хөнгөн хооллох". Үүнийг бол чи чадна. 4 сараас эхлэн 18 цагаас өмнө хөнгөн хооллох минь гээд хэрэгжүүлж байна. 3 л хонох гэж байна шүү дээ. Ха ха. Гэм нь найз нөхөдтэйгөө уулзах гэх мэт уруу татагсад их гарч байна шүү. Зохицуулаад л явна даа. 

Дэлгэрэнгүй мэдмээр байвал өөрсдөө уншицгаана биз дээ.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年4月4日土曜日

Түүхий загас

Орж гарахдаа идэж уусан зурагнаасаа оруулах уу даа? Ажлаар, гадуур явахад нэг сайхан нь тэр бүр ороод байдаггүй, үнэтэйдүү газраар орж идэж уух нь. Хо хо. 

Түүнээс гэрээрээ бол зулзагуудын идэж чадахаар, хань ижил цадчихаар хоолтой газар ордог юм аа. Юугий нь нуухав. Тэгээд л би хөвсгөр. Нэг шалтгаан нь их иддэг хүмүүстэй хамт хоолонд орох явдал байх шүү. Ха ха. 
Үндсэн хоолноос өмнө ирдэг зууш. Түүхий хиам? гэх үү. 
Сашими. Загасгүй нь сашими шүү. Анх удаа японд ирж буй хүмүүс тэр бүр идэж чадахгүй л дээ. Манайхан япончуудад гэдэс чанаад өгдөгтэй л адил. Өнөөдүүл нь идэж чаддаггүйтэй л агаар нэг. 

Би ч энд удсаных, худалч хүнд нутгийн индиан болохоо шахсан хүн чинь амтархан иднэ. Бараг л эд нар битгий их идээсэй, би л их идэх юм шүү гэж бодох нь холгүй. Ха ха. 
Сүши нь. Будаатай нь сүши шүү. Будаатай юм болохоор бага зэрэг иднэ, манайхан. Огт бас идэхгүй ч биш. 

Би ч хамгийн их дуртай нь салмон загас. 

Аминдаа үндэсний гэсэн зүйлсээрээ дайлаад байгаа нь тэр. Буруутгах аргагүй. Бид нарын амьд явж байсан хонь, ямаа гаргаад, хоол хийчихдэгтэй адил юм даа, тийм ээ? 

Одоо дахин хэзээ орж гарах ажилтай билээ? гэж бодсон шиг ээ л сууна. 

Бусад хоолныхоо зургийг дараа оруулна аа. Муу хүн идсэн ээ. Энэ япончууд бүгд л муу хүмүүс, дандаа л идсэн ууснаа ярьдаг даг. Хо хо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年4月3日金曜日

Хайрхан минь

4 дүгээр сарын мэнд ээ. 

Япон улсад санхүүгийн шинэ жил, хичээл сургуулийн шинэ жил эхлээд гурав хонож байна. 

3 дугаар сарын сүүлээр ажлаар орж гаран, бага зэрэг завгүй байлаа. Ажлын сиймхийгээр ганц нэг газраар аялаад амжив. Хамгийн их амжуулсан нь идэж уух ажил л байлаа. Ха ха. 

Ямар сайндаа нэгэн "зэвүүн" эмээд хэдэн сартай жирэмсэн бэ? гэж хэлүүлж байхав дээ. Эгдүү, зэвүү хоёр зэрэг хүрээд амттанаа хасахаар шийдэв. Амсаагүй гурав л хонох гэж байна. 4 дүгээр сарын 1-с эхэлсэн юм аа. Хо хо. 

Зугаалсан газрынхаа ганц нэг зургаас блогтоо мөнхлөх санаатай орж ирлээ. 
Суугуул мужийн баруун хэсэгт сүндэрлэдэг уул. Нэр нь "Дайсэн". Бид зүгээр нэг уул гэхээсээ илүү "хайрхан" гэж авгайлан хүндлэх дуртай. Учир нь байгалийн гамшигт харьцангуй бага өртөөд байх шиг санагддаг. Санаа дагадаг байж ч магад. 

Хар шуурга болно, анхаараарай. Цас, бороо их орно анхаараарай. Сүр болоод л анхааруулна. Яг цаг нь болохоор харьцангуй тайван, амгалан өнгөрдөг нь Дайсэн хайрхны минь ач тус гэж нутгийн иргэд ч мэддэг, итгэдэг, шүтдэг. 
Хооки нутгийн Фүжи уул гэж ч авгайлуулдаг юм билээ. Ойр хавийнх нь сүм хийд мөн энэхүү хайрхнаа тахин шүтдэг юм билээ. Үе үе манайхнаар бол тахих ёс болоод л байх шиг байдаг. Гэхдээ манайх шиг хамаг дарга цэрэг нар нь том том машинтай очоод, тахиж байна гээд талхилдаггүй юм билээ.  

Цөөн хүний бүрэлдэхүүнтэй явагддаг юм билээ. Болсон болоогүй өнгө өнгийн хадаг яндар уядаггүй юм билээ шүү. 

Алсаас сэтгэлдээ, мэлмийдээ шүтээд, сүсэглээд явдаг юм билээ. 
Хавар цаг тул цэцэг ногоо гараад сэтгэл сэргэм байна өө. Алтан зул цэцэг. Энэ газар бол цэцгийн хүрээлэн. Монголоос ирсэн хүмүүс маань цэцэрлэгт хүрээлэн гэж үүнийг л хэлдэг байх даа. Манайхны хүрээлэнгүүд ч болоогүй байна даа гэсэн. 

Ер нь бол хүндээ л байна тийм ээ? Юу ч хийхгүй байж битгий шүүмжлээд бай гэж загнуулдаг л даа. Хэ хэ. Үнээн үнэн. Уучлаарай. Ганц би биш шүү. Дэлхийгээр нэг тархсан бусад бүх монголчууд надтай ижил шүү. Хань татав. Хи хи. 

Энэ сардаа ч ном уншаад, блогоо бичээд явна аа. Орж гарч байгаарай. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.