2022年11月7日月曜日

Дуугай

Ёх, энэ номыг би маш удаан уншиж байна. Аль 7 сард л эхэлсэн. Одоо ч уншсаар...

Дундуур нь өөр ном уншаад байна л даа. 

Би нь уран зохиолынхоо номонд илүү дуртай юм аа. Номын тавиураа нэг харахаараа ямар нэгэн уран зохиолын ном харагдангуут шүүрч аваад, энэ номоо уншилгүй ширээн дээрээ хөглөрүүлчихдэг боллоо.

Дөнгөж эхэлж байх үедээ дарсан зураг. Хотын захиргаанд бичиг баримт хөөцөлдөж явах үеэрээ. Материалаа бүрдүүлж өгчихөөд, гаргаж ирэхийг нь хүлээх 5-10 минутаа ч нэг иймэрхүү байдлаар ашиглана шүү дээ.

Зарим нэг амралтын өдрийг ингэж 2 дахь зураг дээрх шиг  эхлүүлдэг ч бага зулзага сэрсэн л бол "будаа" шүү дээ...  

Сэрээд л шууд л тэврэлдээд, бяцхан жаахан гар нь энгэр лүү шургаад...

Бодсон чинь саначихлаа, эртхэн ажил тараасай. Зулзагаа албанаас нь аваад эрхлэлдэх юмсан. Хэ хэ. Гэхдээ бас яг эрхлэлдэхээрээ жаахан ч гэсэн ганцаараа тоглочих л доо гэж гуймаар болдог шүү. Хи хи.

Яг одоогоор мэдэж авсан зүйл гэвэл интроверт, экстраверт гэдэг хоёр үгтэй болов. Хэт мэдрэмтгий хүмүүс. Гадагшаа хүмүүс, дотогшоо хүмүүс...

Өөрийгөө бодлоо. "Гадагшаа" ангилалд багтах юм болов уу? "Дотогшоо" юм болов уу? Зарим хэсгийг нь уншихаар энэ хэсэгт хамаарах ч юм уу? гэж бодогдоод байх юм билээ. 

Амжилтад хүрсэн, агуа зүйл бүтээснийг нь бодохоор "дотогшоо" ч болчихмоор юм шиг. Хэ хэ. 

Наргиан ч яамай. Гэхдээ л энд тэнд дуу шуугиантай газарт байснаас хаа нэгтээ нам гүм газар уран зохиолын номоо тэврээд, халуун боргол уугаад суух дуртай гэдгээ мэдээд байгаа юм. 

Гэхдээ бас байнгын тийм нам гүм орчинд татагдах уу гэхээр уйдах ч юм шиг. Хаа нэгтээ бас найз нөхөдтэйгөө бужигнаж, буу халж, хов базах дур хүсэл төрнө...

Их олон сэтгэл судлаачдын, сэтгэл зүйчдийн судалгаан дээр үндэслэн бичсэн байсан. Их олон ном судалгааны хавсралт бичээстэй байсан. 

Бас үүнийг орчуулсан орчуулагч их хэцүү ном сонгож орчуулах юм аа гэж бодсон. Хэ хэ. Би яагаад ч зүрхлэхгүй байх шүү...

Дөнгөж талдаа орж байгаа тул, дуусгаад дахин бичлэг хийж магадгүй. Гэхдээ яг ингээд, суугаад бичих гэхээр нэг л болж өгөхгүй л байна. Ямар ч номны тухай тэмдэглэл бичих тухайд шүү. 

Уран зохиол, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт аль ч төрөлд. Яавал бусад хүмүүс шиг бичдэг болох уу? гэж бодно оо. Бичих албагүй л дээ. Зүгээр л сайхан уншаад явчих гэснээ бас бичмээр санагдаад...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月6日日曜日

Хулуу

Хүүе, энэ хулуу чинь есөн жороороо ургах юм аа. Ургах биш ээ есөн жороор нь тариалах юм аа...

Хэлбэр дүрс, өнгө, хэмжээ гээд л урд өмнө нь харж байгаагүй л юм шиг санагдаад...

Хулуу гэснээс гайтай сүнсний баяраас болоод олон сайхан залуус амиа алдчихлаа тийм ээ. Орчин үед аль ч улсын баяр тэмдэглэх арга барил, хандлага өөрчлөгдөөд байх юм тийм ээ.

Ийм сонин хэлбэртэй байна. Уулын эмээ өвөө тарьсан. Butternuts squash гэдэг нэртэй юм билээ. Энд бас ингэж нэрлэдэг юм билээ. Нэрлэдэг ч гэж дээ, орчуулалгүй тэр чигээр нь англиар нь хэлдэг гэсэн үг.

Голоор нь ингэж хуваагаад, тэр нүх гарсан хэсэгт байсан үрнүүдийг нь аваад хаячихсан. Богино долгионы зууханд халааж байгаад, доторхыг нь аваад шөл хийсэн. Хальс нь хатуу тул идээгүй.

Шөл хийж буй байдал. Зутан шөл гэх юм уу? 

Гэснээс зүгээр бөөрөнхий хулууг хальстай нь хэрчээд, яс чанасан шөлөндөө хийчихдэг. Тэгэхээр заавал зутан шөл гэлтгүй аятайхан шаргал өнгөтэй, яльгүй чихэрлэг амттай шөл болчихож байгаа юм. 

Заавал яс чанасан шөл гэлтгүй ногоотой шөлөндөө ч хийж болдог. Би бол дуртай. Уусаад ирэхээр хальс нь бага зэрэг хулуутайгаа үлддэг. 

Зутан шөл гэхээр сүү гэх мэт зүйл хийгээд, жаахан ажиллагаа ихтэй санагдаад, залхуу хүрээд байдаг юм. Хэ хэ. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月5日土曜日

11 сарын цэцэг

Мэдээж яг 11 сард ургахгүй. Цэцэгний буланг чимсэн цэцэг. 

Би ингэж цэцэг харахаасаа өмнө цэцгийн савыг нь түрүүлж хардаг болсон байна лээ. Дээхэн үед бол ямар сонин хачин цэцгийн сав бэ? гэж боддог байсан л даа. 

Одоо эд нарынхаа нөлөөнд автчихсан л явж байна дөө.

Их гоёмсог алаглах юм аа тийм ээ? Тэтгэвэрт гарахаараа цэцэг сонирхоно оо, ерөөсөө. Хэ хэ.

Бүтнээр нь дарсан байдал. Ингэж дүрсэлж гаргана гэдэг чинь бүхэл бүтэн урлаг болоод хөгжчихсөн, энд. Бүсгүйчүүд голцуу сонирхдог.

Нөгөө талыг нь татаж дарсан нь. Бүдэг нил өнгийн цэцэг нь талд ургадаг шиг санаад байх юм. Багадаа эх орондоо харж байсан санагдаад...

Суугуул нутгаар үе үе бороо ороод, налгар намар гэмээр өдөр бас мэр сэр болно. Тэр өдрүүдээр нь аль болох бага зулзагаа дагуулж ойрхон ч болов салхилчих санаатай орж гарч байна. 

Хорооны баяраар бас баахан цэцгийн зураг дарсан. Ганц нэгнийх нь зургийг оруулна аа. Цэцэгст дурладаг хэд маань орж ирж харах байгаа. 

Маргааш болтол баяртай. Гэснээс бид маргааш нэг газраас очиж "шагнал" авна. Өнгөтөөр дараа бичимз...

Бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月4日金曜日

Вьетнам дээс

Бага сургууль явахдаа би тувт шагай няслуулж тоглодог, сурагчидтай хамт. Улс улсын тоглоом нэлээд ижил төстэй байх нь их ч, шагай бол үнэн өөр байж чаддаг. 

Яахав, хятад, өвөрмонголчууд бид бас багадаа ингэж тоглодог байсан л гэдэг. "Өө тийм үү?" гээд л өнгөрдөг. Өвөрмонголчууд бол ойлгомжтой. Бидний тасархай юм чинь. Хятадууд яахав, сүүлийн үед харин оньсон тоглоом энэ тэрийг дэлгэрүүлээд байгаа сураг байсан. 

Үүнийг юу гэж бодож байна. Өнгө алагласан гоёмсог харагдаж байгаа биз? Өнгө өнгийн резинийг сүлжсэн байдал. Үүгээр яадаг вэ гэхээр доод зурагнуудаас харахад л тодорхой. 

Ингэж сүлждэг юм билээ. Энэ бол тусгай мод байна. Ажлын хүүхэн бүр оймсоо тайлж байгаад хөлийн хуруундаа углаад, ингэж сүлждэг байсан дээр үед гэж зааж өгсөн. 

Миний хөлийн хуруунууд харин ч нэг сайхан сүлжихэд дөхөмтэй дөө гэж бодсон шиг суулаа. Сарвагар байхгүй юу? Ха ха. 

Охид тэгсэн чинь хөвгүүдийнхээ хөлийг пүү паа шивэр үнэртээд гээд сүйд болоод байсан. Гэхдээ бага ангийн хүүхдүүд тул нэг их үнэр танар нь бас ч гэж гайгүй байсан хөөрхийс. Хи хи. 

Урт сүлжсэн байдал. Давхарлах резинийхээ тоог нэмж хасаад тохируулж болох юм билээ. Олон давхарлаж сүлжвэл зузаан бат бөх болж байсан. 

Үүгээрээ яаж тоглох вэ гэхээр дээс үсэрнэ. Бас резиндэж тоглож болно. Бидний багадаа орос монголоор нь резинддэг байсан шиг л. Гэхдээ ийм бүдүүн нь монголоор резиндэхэд арай л тохиромжгүй санагдсан. 

Вьетнамчууд болохоор 2 талаас нь барьж байгаад өндрийн харайлт шиг харайж үсрээд, харайж гарч чадсаных нь өндрийг нэмээд яваад байсан. Бас л санадаг санаа. 

Би дараа худалдаж аваад, өөрсдөө сүлжээд тоглож үзмээр санагдсан. Илүү юманд дурлаж байна уу? Хэ хэ. Гэхдээ зулзагуудынхаа танин мэдэхүй, хөдөлгөөнт тоглоомыг бол дэмжинэ шүү дээ. 

Уншигч олон минь бас сонирхож үзээрэй. Хөгжилтэй байж магад. Хамтдаа суугаад нэхвэл амьд харилцаа үүснэ.

За нэг иймэрхүү. Улсаа ч танилцуулна, бусдаас ч суралцана, тийм үү? Явсан нохой яс зууна гэдэг шиг л...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月3日木曜日

Тавтай морил

Бага сургууль явж улсаа танилцуулдаг ажил минь энэ жил их цөөхөн байгаа. Гэхдээ яахав цөөн хэдэн сургуульдаа чанартайхан шиг заачихаад л явж байна. 

Зарим нэг сургууль их хөөрхөн угтаж авна аа. Сүрийг бол бадруулахгүй л дээ. Нэг тийм жижигхэн зүйлээр хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөж чаддагт суралцах юмсан гэж боддог. 

Тамирын зааланд ихэвчлэн болдог. Учир нь дараагаар нь тоглодог учраас. Энд чинь аль болох хүүхэд хөдөлгөөнтэй байвал сайн гэж үздэг юм. 

Самбарт ингээд улсын минь далбааг хэвлэж гаргаад, "тавтай морил" гээд биччихсэн байсан. Хамт ажилладаг вьетнам хүүхэн бидэн 2 уулга алдаад л зураг хөрөг дарсан. Сэтгэл гаргасан байгаа биз дээ? 

Ингэж угтдаггүй газар ч бий. Ер нь хариуцаж байгаа ажилтан, багшаас их шалтгаалдаг юм билээ. 

Гэхдээ бас ингэж сүрийг бадруулсангүй гэж албадахгүй. Түмний олон хүүхдийн сурлагад анхаарлаа хандуулаад, урдах ажлаа амжихгүй байгаа багш нарыг албадаад, загнах гээд байдагт нэг их дуртай биш. 

Өөрсдийнхөө эрх ганцаа хүчрэхгүй байж, багш нарт хамаг ачааг үүрүүлчих санаатай эцэг эх их болсон шиг тийм ээ? Ганц сургууль ч биш цэцэрлэгийн багш нарыг хүртэл ад үзэх санаатай хүмүүс олширсон ч юм шиг. 

Цалингаа авч байгаа биз дээ тэд нар чинь гэж хэлэх ч хүүхдүүд бол амьд байгаль учраас янз бүрийн ааш авир гаргана, зүгээр нэг бичиг цаасны ажил биш болохоор би багш нарын ажлыг их ойлгохыг хичээдэг шүү. 

Вьетнам хүүхэн бид 2 улс улсынхаа далбааг томруулж ирээд зураг дарсан. Тус тусынхаа нүүр ном, инстадаа оруулах гэж. Хэ хэ. 

Ажиглах нь ээ, улаан өнгө аль аль улсын далбаанд байсан. Нийтлэг юм билээ. 

Ядаж байхад би өөрөө нил улаан secret байсан. Ха ха. За энэ сэкрэт гэдэг үгийг номны нэрнээс будаа идсэн шүү. Уншсан хүмүүс бол мэдэж байгаа байх тийм үү? 

Гэснээс би ч унших гээд захиалчихсан. Юунаас нь дутахав. 

Өмссөн пүүз, дээлийг минь харчих л даа. Ув улаан. "Миний нэр Улаан" гэдэг шиг. Нээрээ ийм нэртэй ном гарсан байсан тийм ээ? Шунал хөдөлгөгчийн хэлснээр бас л унших ёстой номны нэг гэсэн байх шүү. 

Захьдаг л байх даа. Хо хо. 

За би ч сүүлийн үед бичнэ гэж их хадуурдаг болсон байна шүү. Сургуулийн тухай бичиж явснаа номын тухай болно гэх мэт. 

Түр баяртай. Гэснээс шинэ он гарахад хоёрхон сар л үлдчихлээ. Би юу хийж амжуулсан бэ? Бодохоос ч айж байна. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月2日水曜日

Бүрхүүл

Хотын улаан булан буюу үзмэр үйлчилгээний газарт. Коридорт нь байрладаг. Хааяа орохоор тааралддаг. Өмнө нь зураг оруулсан байж магад шүү, энэ тухай. 

Үе үеийн зулзагууд сонирхоод зураг даруулдаг юм. Энэ удаад ч дүрмийн дагуу, бага зулзага сонирхоод, зураг дар гэсэн. Хэ хэ. 

Хөөрхөн байгаа биз? Гэртээ өөрсдөө хийж болохоор, шаар үлээгээд гадуур нь утсаар бүрж байгаад цавуудаад билүү? Бичлэг үзэж байсан. Гэхдээ гэрт байхаар эхэндээ гоё ч яваандаа тоос шороо татаад, яаж цэвэрлэхүү? гэж мэгээд. Над шиг гэрийн ажилд хойрго, залхуу, дургүй хүнд бол дэмий. Хэ хэ.


Зүгээр л хаа нэгтээ таараад, ингэж зураг авч нүдээ баясгахад л болно. Би элдэв чимэглэл энэ тэрд дуртай ч гэртээ бол хийгээд, зүүгээд байдаггүй юм билээ. 

Заримдаа ч хүмүүсийн зургийг хараад, сэтгэлийн хөөрлөөр худалдаж авч энэ тэр сүйд болно л доо. Гэхдээ сүүлд нь хуучраад ирэхээр ад шооо үзээд, хаях гэхээр хайран санагдаад, гэрийн элдэв эд хогшил нэмэгдээд, хөглөрөөд, тэрэндээ өөрөө стрессдэх хандлага ажиглагдсан тул, дэлгүүр хоршоо орохоороо тиймэрхүү тасгаар аль болох орохгүйг хичээдэг болсон. Мининамлистын анхан шат. Хо хо.

Хананд ингээд бүдэг гэрэлтэй байхад рамаанчик л харагдах юм билээ. Гэхдээ л сэтгэлийн хөөрлөө дарна шүү би. Шинэ жил дөхөөд ирэхээр нэг тийм рамаанчик дээрээ автоматаар оччихоод, элдэв шалдав чимэглэл авчих гээд байдаг шүү чи гэж өөртөө сануулж байгаа. Хи хи. 

Гэснээс ёолкоо засна гэдэг том ажил энэ сарын сүүлээр байгаа юм байна. Мөн сүүлийн 2 жил гаран гацуур модны чимэглэл нэмж аваагүй, мундаг байна уу? 

Сайндаа ч биш ээ, бид чинь о.зулзагатай болсон шүү дээ. Сургалтын төлбөр, сурах бичгийн мөнгө энэ тэр гээд л үе үе мөнгө шилжүүлдэг болсон минь ч хэмнэлт гэдэг зүйлийг өөрийн эрхгүй бий болгож байна дөө. 

Одоо цаана нь дахиад 2 зулзагыг их сургууль төгсгөх ажил байна шүү дээ. Санаа алдав, сурв...

За за нэг хөөрхөн чимэглэл бүрхүүлийн зураг оруулснаа амьдрал хүүрнээд явчихлаа. Ха ха. 

Маргааш болтол баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月1日火曜日

Кома2

10 сард хорооны баяр болоод. Бага зулзага бид хоёр л зугаалангаа алхаж очоод, сугалаа сугалчихаад, цаг нь яг таарсан тул кома хийгээд. Кома гэж юу билээ? Өмнөх бичлэгт бичсэн дээ. 

Энэ удаагийнх нь модон. Бэлдчихсэн модыг доорх зурган дээрх шиг өнгө алаглуулж будаад л голын нүхэнд нь бөөрөнхий гонзгой модыг нь углаж бэхлээд болоо. 

Хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ тул, иймэрхүү төсөр. 

Зулзага их идэвхитэй будсан. Эрэгтэй хүүхэд, анхаарал төвлөрөлт бага хугацаатай байх гэж боддог юм. 

Олон ээж нараас хүүгийнх нь тухай сонсож байсан тул, байлдаад байлдаад, ноцолдоод ноцолдоод явчихдаг л гэж. Хэ хэ. 

Манайх ч дүрмийн дагуу л даа. Сэлэм, савх ер нь гонзгой хэлбэртэй мод л байвал байлдаад, цавчаад явчих санаатай. Буу байна бас. Хэд хэдэн буу бий. Бүр монголд байгаа өвөө нь буу авчихсан утасны цаанаас байлдаад байдаг шүү. Хэ хэ. 
Юу бичиж байлаа? Аан тийм. Модных нь өнгийг далд ортол будсан шүү. Бүр хажуу хавирга талыг нь хүртэл ногооноор будсан. Ингэж будаад суухдаа төвлөрч суух юм байна гэж нээлт хийсэн. 

Өмнө нь хайч бариад цаас хайчлаад суухаараа бас төвлөрч суудгийг нээсэн юм. Нэлээд том цаас өгөөд суулгачихвал овоо сууна. Би тэр хооронд 5 мөр уншина гэх жишээний. 

За энэ хажуунаас нь авсан зураг. Энэ комагаар яаж тоглох вэ? гэхлээр гонзгой модноос нь барьж байгаад хүрд эргүүлдэг шиг эргүүлж тоглоно. Хэнийх нь удаан эргүүлж тоглох вэ гэж өрсөлддөг юм билээ. 

Өмнөх бичлэгийн зурган дээрх оригами цаасаар хийсэн комаг бас бид эргүүлж, хэнийх нь удаан эргэх вэ? гэж өрсөлдсөн. Нэг хөөрхөн хөвгүүнийх нэлээд удаан эргээд, түрүүлсэн. 

Гэх мэтээр үнэтэй цайтай тоглоом авч өгөлгүй, иймэрхүү гарын доорх зүйлсээр тоглоод байдаг хүмүүс байна. Мэдээж залуу гэр бүл лего энэ тэр гээд авч өгдөг л дөө. Би ч аль болох хэмнээд, өөрөө хийсэн, өөрсдөөр нь хийлгэсэн, хүмүүсийн өгсөн гэх мэт зүйлсээр тоглуулаад хэмнэчих санаатай. Ха ха. 

Аав нь миний хүү дээр хэмнэчих гээд байх юм аа гэж хэлдэг, заримдаа. Санхүүгийн сайдынхаа үгнээс нэг их зөрүүдлээд байхгүй л дээ, зайлуул. Эртээд нэг сэлэм авч өгсөн, харин. 

2 хонолгүй цуураад, бөөн уйлаан майлаан болоод. Зураг оруулна аа, бүр айхтар хээ хуартай сэлэм биш л дээ. Нээрээ энэ тухай бичнэ ээ. Хожим хойно үр зулзага минь юугаар тоглоод, юу гэж уурлаад, ямар ааш авир гаргаж байсан нь дурсамж болоод үлдэнэ шүү дээ. 

Өнөөх "Тийм л, тийм л" гэдэг бичвэрийн номонд гардаг шиг. 

За маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Шагайдагт баярлалаа. 

2022年10月31日月曜日

Кома

Ойрд бүтээл энэ тэр туурвихаа байсан шүү. Хааяадаа аяга угаагчаа нэхэж тавина. Нэг нэхэхээрээ олноор нь нэхэж тавьчихаад дараа нь хүмүүст тараадаг юм. Утас дуусахаар дахиж автлаа уддаг. 

За энэ бол оригами цаасаар хийсэн кома буюу эргүүлдэг тоглоом. Модоор хийдэг, ингэж цаасаар хийж тоглодог. 

Би үүнийг цахим арга хэмжээнд оролцохдоо хийсэн. Орчуулангаа хийсэн. Гурвалжилж нугална, дөрвөлжилж нугална гэж орчуулангаа. 


 Ээжийгээ хүлээнгээ бага зулзага ийм бүтээл туурвисан. Харах хүнгүйдчихээд, дагуулаад явсан. Өмнө нь зөндөө учирлаж, гуйж хэлсэн. Ээж ч туршлагатай юм болохоор, цаас, харандаагаа аваад л явсан. 

Намрын өнгө их байсан. Улбар шар, шаргал өнгө. Өөрөө бас "анпанман" гэдэг тоглоомоо авч явсан.  Үе үе шулаганаад "ээж ээ, ээж ээ" гэж бага зэрэг дүрсгүйтсэн.

Гэхдээ цугласан эмээ өвөө нар өхөөрдөөд, ус, амттан өгсөн. Нэг хэсэг бас тэрийгээ идэж уугаад хэсэгтээ чимээгүй сууна. 

Тэр хооронд ээжийн ажил овоо ахина. Нэг иймэрхүү бага зулзага бид хоёрын урлангийн цаг. Ажлаа ч амжуулна, бүтээл ч туурвиад тоглоод амжсан. Нэг сумаар хэд хэдэн ч туулай буудав шүү дээ. 

Уншигч олон минь бас бүтээл туурвилаар дүүрэн байна гэдэгт найднам? 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2022年10月30日日曜日

Тийм л, тийм л

Хөдөө явахдаа уншсан. Маш хөөрхөн агуулгатай. Жаахан маамаа нь том болчихсон ээжийн тухай. 

Ээж нь хүүгийнхээ том болсныг гайхаад л ийм жаахан байсан байж, тийм хөөрхөн байсан байж, тэгж чаддаггүй байсан байж, ийм хөөрхөн үйлдэл гаргадаг байсан байж, ийм байсан тийм ээ? тийм байсан тийм ээ? гэж бодон бичсэн байсан. 

Уншингаа би ч бас 3 зулзагаа яг ингэдэг байсан, яг тэгдэг байсан, тэгсэн чинь ийм том болчихож гэж бодонгоо уншсан. 

Энэ зулзагуудын тухай их бичдэг байж, бага зулзагынхаа тухай их хойрго бичиж байх шиг байна шүү, нээрээ. 

Эрэгтэй хүүхэд шал өөр ертөнц юм билээ. Хөлдуу төмс болчих вий гэж бас санаа зовоостой гэхгүй юу? Ха ха. 

Одоогоор "миний ээж үзэсгэлэнтэй" гэж ирээд л ээжийг аргалж чаддаг шүү миний үр чинь. Бусдадаа ч бас "ээжийг үзэсгэлэнтэй гэж хэл" гэж загнадаг. Хо хо

Мээмээ барьдаг, хааяа нэг шоб гэдэг. Хо хо. Өглөөдөө заавал нэг шоб хийчихээд албандаа явдаг. Тэврэхээр хөөрхөн жижигхэн гар нь энгэр лүү автоматаар явдаг. 

Нэг ааш нь өглөөд өмсөх хувцсаа голоод байх юм. Цэцэрлэгийнхээ тамирын хувцсыг өмсөхгүй гэж уурлаад байх юм. Яг яасан юм бүү мэд. Үлэг гүрвэлтэй хувцсандаа дуртай байна. 

Хагас ханцуйтай үлэг гүрвэлийн подволкоо өмсөнө гэж уурлаад байх юм. 

Өглөөдөө сэрээд уйлаад, ээжээ гээд суугаад байдаг байсан чинь нэг их уйлалгүй буугаад ирдэг болсон. Заримдаа буруу хөл дээрээ босчихдог ч гэсэн бага багаар томроод л явна. 

Дараа санан санан хөөрхөн хөөрхөн ааш зангийх нь тухай бичнэ ээ. Нэг л өдөр энэ номонд өгүүлсэн шиг сахал самбаа нь ургачихсан томоо залуу болчихсон явж байна гэж бодсон чинь...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年10月29日土曜日

Хайрхаан...

За байз? Энэ гурван номыг хэзээ монголоос авчихлаа? Нэг найз маань бэлэглэсэн юм. Түүнийг нь би энд жаахан зайтай ирэх хүнд дайсан юм. Зун юм байна. 6 сар хавьцаа. 

Өөр дээрээ авсан нь 7 сард. Одоогоор нэгийг нь л уншсан юм байна. Одоо уншиж буй номоо дуусгаад ямар ном унших вэ? гээд, хаа байсан монгол дахь номын худалдааны хямдрал руу өлөв долов хийгээд байсан хүн энэ зургаа хараад, унших ном зөндөөг өрөөд тавьчихсанаа санав. Хэ хэ.

Гурвуулаа хөөрхөн жижигдүү учир энд тэнд уншихад ч зүгээр. Тэнгэрийн цагийг уншчихсан шүү. Дараа нь тусад нь зураг хөрөгтэй нь оруулна аа. 

За тэгээд намайгаа эрхлүүлж ном өгдөг найзууддаа баярлалаа. Дахин дахин захиж эрхлэнэ шүү. Болгоогоорой. 

Гэснээс "Азхур" номын дэлгүүрээс зарласан хямдралаас баахан ном авахуулчихсан. Дүүгээ явуулаад. Дүү минь "бүр догдолчихлоо, одоо л шууданд хийчихмээр байна шүү" гэсэн. Хэ хэ. 

Тэдгээр номоо бага багаар нааш нь амьтан хүнд дайж авна даа. Болгоогоорой. Хайртай шүү. Үнсэе...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年10月28日金曜日

Зэрлэг галуу

"Зэрлэг галуу" бэсрэг тууж. 

Наранбаярын орчуулга. Нэг хэсэг блог бичдэг байсан даа. Сүүлдээ ч томроод Шинэ монгол сургуулийн захирал, бүр сүүлдээ УИХ-д нэр дэвшээд. Би их дэмжиж, нүүрномдоо оруулсөөн, мөрийн хөтөлбөр гэх мэтийг нь. 

Ирэх сонгуулиар ч дэмжинэ гэж бодож байгаа.

Аль 2012 онд орчуулагдан, хэвлэгдэн гарч байхад нь авч уншина гэж блогт нь сэтгэгдэл бичиж байсан байна. 

Ийм олон жилийн дараа авч уншсанд уучлаарай. Японоор нь уншчих санаатай хэсэг явсан. 

Номын сангаас зээлээд. Тухайн үед японы сонгодгийг эх хэлээр нь уншчих сачий хүрээгүй бололтой. 

Дэлгэж үзээд хааснаа санаж байна. Хэцүү санагдсан. Адаглаад энэ "зэрлэг галуу" гэдэг ханз нь өөрөө мэддэггүй ханз байсан гэх мэтээр учрал тохиол бүрдээгүй байж, одоо бодоход. 

Эх хэлээрээ унших мэдээж сайхан. Дараа л сайхан завтай болохоороо, япон хэлээ сайжруулж байгаад япон хэлээр нь уншина даа. 

Нэг тийм япон улсын өвөрмөц соёл үнэртэнэ. Тухайн үеийн оюутнуудых нь байр байдал, чинээлэг эрийн татвар эм авч буй нөхцөл, хэдий татвар эм ч залуухан чийрэг эрд сэтгэгдэл татагдан буй даруухан бүсгүй...

Нэг тийм доожоо муутай ч гэх юм уу Окада гэдэг залуу гарна. Угтаа спортоор хичээллэдэг сүрхий л залуу юм шиг байгаа юм. Мөн Окадад сэтгэл татагдаад буй Отама гэдэг цэвэр ичимтгий бүсгүй гарна. 

Отама бүсгүй хэдий хүний татвар эм ч Окадад сэтгэлээ илчлэхээр зориглосон тэр өдөр нь үргэлж ганцаараа явж харагддаг сэтгэлт залуу нь хүнтэй явж байдаг. Яг ч татвар эм биш нууц амраг нь юмдаг уу даа? Учир нь өөр газар тусад нь байшин авч өгөөд суулгадаг. 

Эхнэр нь хүмүүсийн цуу ярианаас гадарлаад, үг өдөж хэрэлддэг ч эр нөхөр нь аргалаад өнгөрөөнө. Уг нөхөр мөнгө хүүлэгч хочтой, сүүлийн үед жаахан бийлэгжээд, нууц амрагтай болдог. Хүүтэй мөнгө зээлдэг...

Окада Отама хоёрт жиг жуг ургуулах боломж гарсан уу гэвэл гарсан. Өдөржин гэртээ ганцаараа байх нууц амраг гэнэн хонгор бүсгүйдээ мөнгө хүүлэгч Сүэзоо нь тортой шувуухай авчирч өгнө, тэгсэн нэг өдөр өнөөх тортой 2 шувуухайных нь нэгийг могой залгисан байна. 

Үлдсэн нэг шувуухайг нь могойд залгиулчихгүйхэн шиг аврахын тулд ойр хавийн хүүхнүүд орилолдоод, түүгээр явж таарсан Окада могойг хоёр хэсэгт хуваан дарна. Гэсэн хэдий ч харц мөргөлдөхөөс хэтрэхгүй золигууд чинь.

Тэгтэл манай монгол эрчүүд яаж байна? Цаад бүсгүй нь өөрт нь талтай байна уу? талгүй байна уу? огт хамаагүй. Тооноор нь ороод явчихаж байхад тийм ээ? 

Гэж мэгж харьцуулсан шиг. Аягүй "том хүмүүсийн юм"-аар харьцуулалт хийсэн үү? Үгүй юу? Хи хи. Тэгтэл мундагууд чинь шал өөр мундаг зүйлээр л харьцуулалт хийж байхад даа гэж өөртөө шивнээстэй. Жавхлан юм даа...

Зохиолчийн тухай гэвэл Мори Оогай. Токиогийн их сургуулийн анагаахын анги төгссөн. Төгссөн их сургуулиас нь харахад л ойлгомжтой. Энд чинь Токиогийн их сургууль гэхээр хүмүүс нь уулга алдаад л, толгой сайтай гавал мавлыг нь гайхдаг. Хэ хэ. 

Германд анагаах ухааныхаа чиглэлээр сурсан. Гэснээс энд дээхэн анагаахын холбогдолтой мэргэжлийн үгс нь герман хэл дээр байх нь их байсан, дээхний эмч нар герман хэлтэй байсан гэдэг юм билээ. 

Орчин үед бол мэдээж америкийн чиг хандлагыг баримталдаг, англи хэл болж өөрчлөгдсөн. Гэснээс о.зулзага маань бас мэргэжлийн үгээ англиар цээжлээд л явдаг байх даа? Тэр талаар нь нэг их ярилцдаггүй юм байна. Дараа хэрэг болгож асууна аа. Угаасаа бяцхан тархи толь нь тусдаа англи мэргэжлийн толь бичиг авч байсан. 

Ажлынхаа хажуугаар зохиол бүтээлээ туурвидаг байжээ. 1862-1922 оны хооронд амьдарч байсан гэхээр Мэйжигийн шинэчлэл гээд л нийгмийн өөрчлөлтийн үеийн хүн байх нь. 

"Бүжигчин охин" гэдэг зохиол нь нэлээд нэртэй юм шиг байна лээ. Заавал унших юм шүү гэсэн мөрөөдлийнхөө жагсаалтад оруулаа. Энэ жагсаалт уртсаад л байдаг. Хичээнэ дээ, хичээнэ.

Та бүхэн ч дэлхийн сонгодгоос үе үе уншиж байгаарай. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年10月27日木曜日

Жолита

Гараад удаагүй энэ номыг ч уншчихлаа. Сүрхий байна уу би? Юу нь сүрхий вэ? гэхээр, эх орондоо байж уншиж амжаагүй номыг нь хаа байсан японд олоод уншчихдагт оршино. Хо хо. 

Бас нэгэн гэнэн хонгор бүсгий гарна. Гэхдээ орос. Нэр нь Жолита. Яг ч орос биш юм байна аа. Ливта бүсгүй.

Монгол хүн бичсэн шүү.  Т.Цацралтын анхны ном. 

Агуулга нь Жолита бүсгүйн бодит амьдралаас сэдэвлэн бичсэн. Түүний ээж аавын гэнэн хөнгөн шохоорхол, дурлалын "өгөөж"-өөр төрсөн бяцхан охин. 

Олдсон цагаасаа л хоёр талынхаа эмээ өвөөд "ад үзэгдэн", мөн ээждээ ч тээршаагдан өснө. 

Бага жаахан насандаа авсан "айдас хүйдэс". Охидыг хүсэх мунаг эрсийн өлөн харц зэргийг мэдэрч өснө. 

Ангийн охины, багын найзын атаархал, түүний хор уршгийг ч хүртэнэ.  

Төрс өссөн гэрээ орхин явна. Өөрөө ч өсч томроод гэр бүл зохионо. Үнэнч хайрыг, жаргалыг амласан нөхөртөө "хууртагдана". 

Сүүлд Их Британи улсад аз жаргалыг хайн зорино. Олон янзын хүмүүстэй учирна, уулзана, танилцана, нөхөрлөнө, хууртагдана, ухаарна, хайрлана. 

Нэг таалагдсан нь ээжийг нь "өмчилчихсөн" дүүтэйгээ сайхан харилцаатай, сүүлд дүү дээрээ очдог хэсэг. 

Эмзэглэсэн нэг сэдэв нь ээжийнх нь сэтгэл санааны тогтворгүй байдал. Энэ нь охиныг нэлээд бухимдуулна, санааг нь чилээнэ. 

Гэр бүлийн тогтворгүй байдал, ээж хүний ааш зан, сэтгэл санааны нөлөө тухайн гэр бүл, үр хүүхдүүдэд нь ихээхэн халтай байдаг юм байна гэж ойлгосон. 

Энэ тухай зөвхөн номноос уншиж мэдээд зогсохгүй бодит амьдралд ганц нэг жишээ сонсоод, өөрийн биеэр мэдрээд явж байна дөө. Бодит амьдрал...

Тэгэхээр ээж хүн би ч сэтгэл санаагаа тайван байлгах, хянаж байх, өөрт минь аз жаргалыг мэдрүүлдэг зүйлийг одооноос хайж олох, зулзагууддаа өөрийн үзэл бодлыг тулгахгүй байх, тэдний ирээдүйд хэт санаа зовохгүй байх гэх мэт.

Ном ямартай ч сайхан төгсдөг, мэдээж тунгаах зүйл ихтэй ч...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年10月26日水曜日

Усны гудамж

"Усны гудамж" номыг уншаад. Багадаа уншиж байсан. Агуулгыг бол мартсан байсан. Багадаа уншсан номнуудаа сэргээж унших бас зугаатай юм билээ. 

Бас нэг ном санаанд байгаад л байдаг, агуулга нь. Тэр номныхоо гарчгийг мартчихсан. Утгыг нь ярьж өгч байгаад, номны хорхойтнуудаас олж мэдээд, захиж авна даа. 

Ингэхэд олон ном өрөөстэй байна, би өөрөө ганцдаад байна. Зөвхөн ном уншаад л суудаг дахиад нэг би хэрэгтэй байна. Хэ хэ. 

Номын клубт элсээд орчихсон. Бардаг байгаа. Эхний уулзалтанд хүмүүсийн хэлсэн номнуудыг зарим нэгээс нь зээлж унших санаатай, номын сан ороод зээлээд авчихлаа, бардаг байгаа? Хо хо.

Хааяадаа улаан дарс шимэнгээ иймэрхүү өрөвдөлтэй төгсдөг номыг уншсан нь дээр байдаг шүү, бяцхан зөвлөмж.

Дээхэн үеийн хүмүүсийн, даан ялангуяа сайхан гэгдсэн хүүхнүүдийн гэнэн хонгорыг бас гайхаад барахгүй юм аа. 

Би өөрөө тийм собак санаатай болчихсон юм уу? Үгүй л байлтай. Хэ хэ. 

Өлзиймаа гэж цайлган хонгор бүсгүй, хэлмэгдээд явчихдаг нөхрөө хүлээгээд, хөөцөлдөөд өгчих болов уу гэж найдсан нутгийн ахдаа биеэ тушаагаад...

Бас дээхний эрчүүд үнэн өлөн байсан ч юм шиг. Ихэнх зохиолд гэрийн хаяагаар орж ирээд оролдох, саяхан хань ижил нэг монгол кино үзээд байхаар нь хальт харсан чинь хаалгаа тайлаагүй хүүхнийд тооноор чинь орлоо шүү гэж сүрдүүлж байгаад л тооноор нь орж явчихна лээ. Үнэн лайтай...

Дотогшоогоо өмөөрнө өө, тухайн үеийн цаг нийгэм, эцгийн эрхт ёс, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь тийм л байж гээд. Гэхдээ л яагаад ийм юм бэ? гэж бодогдоод байдаг...

Эр нөхрөө ачигдаад явсны дараагаар нутгаа зориод ижий ааваа бараадахгүй дээ гэж бодно. Эдүгээ цагт бол жаахан түр гээд л гэртээ ижий аав дээрээ оччихдог биз дээ? 

Гэснээс би түр тар гэхээр очих айл байхгүй хэцүү шүү, энд хүний нутагт. Хэ хэ. Хүн болсон хойно тур тар хийнэ шүү дээ. Энд бичдэг шиг байнга л "хань ижил" гэж хэлээ хазахгүй, заримдаа ч сүүтэй будаа асгаад ширүүн зодоон болов гэдэг шиг юм болно болно. 

Ширүүн зодоон гэдгийг шууд утгаар нь ойлгоод байв даа? Эх хэлэндээ сайн хүн болж хэлц үг хэрэглэсэн ухаантай юм шүү. Ха ха.

Дэмий үг олдож байна. Номын эхлэл хэсэг үнэн тансаг байсөөн. Гэнэн хонгор Өлзиймаа охин цэрэгт мордохдоо "тойруугаар" санаагаа илэрхийлээд явчихдаг нутгийн ахтайгаа захидлаар харилцаад л. 

Догдлоод л, үеийн охидын нууцхан шивнээ гэх мэт миний дуртай хайр дурлал гараад л. 

Төгсгөл хэсэг бол үнэндээ өрөвдөлтэй, ямар сайндаа дарс уухав. Дарс уух маш том шалтаг болсон байна уу? Хи хи. 

За тэгээд хэлмэгдүүлэлт гэж муухай зүйл байх. Одоо ч мэр сэр байдаг гэхээр үнэн харамсалтай. Мөрөөрөө дуугай л явж байхгүй бол гэж үе үе бодогдоно. Хэт ил тод байгаа улсуудын өмнөөс хааяа санаа зовоод байдаг болсон байна лээ. 

Цөвүүн цагаа гэж...

Маргаашийн бичлэг хүртэл түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.