2026年6月6日土曜日

6 дугаар сарын мэнд ээ

6 дугаар сар гараад хэд хоночихлоо. Эх үрсийн баяр ажлын өдөр байсныг ч хэлэх үү, бид тэмдэглэж барьсангүй ээ. Хэ хэ. 

5 дугаар сард төлөвлөгөөт номоо нэгээр дутуу уншлаа. Энэ сар нэг ном илүү уншина даа гэж бодсоор л явна. 

Ном уншихын хажуугаар бас бус ажил гараад байх юм өө. Жишээ нь аяга угаагч нэхэх. Энэ сарын сүүлээр ажлаар гялс эх орондоо очиж, Монголын үнэртэй салхиа хальт үнэрлээд л ирэх сураг гараад. 

Цөөхөн хоног ч байсан хамаагүй, ижий аавдаа үнсүүлээд, эх орныхоо сэрүүн сайхан салхийг цээж дүүрэн амьсгалчихаад ирнэ хэмээн би догдлоостой. Хамгийн гоё нь улсын мөнгөөр ниснэ. Хэ хэ. 

Хөөрсөн хүн ижий ааваасаа юу захих вэ гэж асуугаад л, их зүйл хэлэхээр нь "яасан их юм бэ?" гэж айлгачихаад л...

Ижий минь охиндоо эрхэлж ийм хэлбэртэй аяга угаагч захьсан. Хамгийн анх ийм хэлбэртэйг нэхдэг байсан юм. О.зулзага дөрвөлжин хэлбэртэй нь угаахад амар байдаг гэхээр нь зулзагынхаа үгэнд ороод, тувт дөрвөлжин хэлбэртэйг нэхсэн. 

Харин ижий минь уламжлалт хэлбэрт нь дуртай, ээждээ ийм дугуй хэлбэртэйг нэхэж ирээрэй гэхэд нь "өө, тэгж хэлбэр энэ тэр өөрчлөөд суух цаг зав алга өө" гээд халгаадаггүй байсан алдаагаа засах санаатай... 
Өдөрт бага багаар нэхнэ. 10 ширхэгийг нэхэж авчраарай гэж зарлигдсан. Аравхан ширхэг? Гарын үзүүрээр л хийх ажил. Өнгө өнгийн утас худалдаж авч ирээд л, оройд амсхийн суухдаа 2-3 ширхэгийг нэхэж тавина. 

Энд тэнд хүнтэй уулзахдаа, найзууд ирэхэд гээд л эхнээс нь бэлэглэнэ. Саяхан бас хоёр япон залуу хүнд бэлэглэсэн. Нэг нь ганц бие, нэг нь найз охинтой. "Хөөх, ийм гоё хөөрхөн юмыг чинь хэрэглэхэд хайран юм байна аа" гэж хэлээд л хоёр гардан авна. 
Ийм өнгөтэйнүүдийг нэхэв. Зарим нэг нь шинэ өнгө. Урд нь карим нэг өнгийн утас зарагдаггүй байсан. Зарим нэг өнгө нь зарагдахаа байсан байна лээ. 10 ширхэг аяга угаагч дорхноо л нэхээд дуусгасан. 

Одоо найзууддаа бэлэглэхээр дөрвөлжин хэлбэртэйгээ нэхэж байгаа. Нэг найзад минь ганцхан үлдсэн гэсэн. Уг нь ойр ойрхон бэлэглээд байдаг юм. Өнгөрдөг жил уулзаж амжаагүй тул бэлэглэж чадалгүй ирсэн. Энэ жил уулзаж  амжихгүй бол үлдээгээд л ирнэ дээ. 

Уг нь өмнөх жил очихдоо үлдээгээд л ирсэн. Ижий аав минь аваачиж өгч амжаагүй гэсэн. 

Зээ, нэг иймэрхүү сонин сайхантайгаар 6 дугаар сараа эхлүүлж байна. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.