2020年6月22日月曜日

Бага сургууль

Шинэ долоо хоногийн мэнд ээ. Энэ долоо хоногт улс эх орон минь хөгжих үү? эс хөгжих үү? гэдгээ шийдэх, сонгох долоо хоног оо гэж...

Хараад байхад улс эх орны  хөгжил байгалийн баялаг биш, хүний баялаг байдаг юм байна шүү дээ. Хүмсүүдээ, ухаараачээ.

Бага сургуулийн нээлттэй хичээлд суугаад ирсэн дээ. Тэгэхдээ авсан зураг. 
Гэрээсээ авч явдаг шалны алчуур. Өдөр бүр биш л дээ. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр, улирлын амралт дуусаад хичээл эхлэх эхний өдөр нэг хүүхэд хоёр алчуур авч явдаг. Үүгээрээ үдийн урт завсарлагааны үеэр анги танхим, коридороо арчиж зүлгэнэ.

Жорлонгоо хүртэл сурагчид өөрсдөө цэвэрлэнэ. Нэг дүгээр ангийн сурагчид мэдээж цэвэрлэхгүй. Анги дэвшээд, томроод ирэхээрээ цэвэрлэдэг болно.

Энэ нь их таалагддаг. Би л лав арван жилдээ 00 бараг ордоггүй байсан шиг. Орсон ч сууж бие засдаггүй, дээр нь гарч зогсох нэг бол хөндий сууж байгаад л шээдэг байлаа. Хүндрэх бол ярилтгүй, тэвчиж байгаад гэртээ харьсны дараагаар л биеэн засдаг байсан санагддаг.

Тэгэхээр чинь бүдүүн нарийн гэдэс яаж эрүүл саруул байхав дээ тийм ээ?

Сурагчид ингэж өөрсдөө цэвэрлэхээр адаглаад бие биедээ шаардлага тавьж сурдаг, дараа нь өөрөө цэвэрлэх ээлж ирэх тул ариг гамтай ашиглах гээд л олон давуу талтай. Мөн цэвэрлэгч гэсэн илүү орон тоо байхгүй.

Орчин үеийн эх орны минь сургуулиуд ямар болсон бол? Нэг орж үзэх юмсан. Хувийн, өндөр төлбөртэй сургуулиуд бол тансаг байх аа?

Өө тийм энэ алчуур дээрээ нэрээ бичдэг. Өөрийн нэртэй алчуураа л хэрэглэнэ. Наана нь маш сайн зүлгэж арчиж бариад алчуур нь урагдсан тохиолдолд шинээр авчрана.

Би бас гэртээ хэд хэдээр нь байлгадаг. Гэнэт гэнэт маргааш алчуур хэрэгтэй гээд дэлгүүр хоршоо хаасан үед пал хийтэл авна шүү дээ, зулзагууд минь.

Худалч хүнд гэрийнхээ шалыг тэр бүр арчихгүй байж анги танхимын шалыг зүлгэж өгдөг гэсэн. Эцэг эхийн хурал дээр багш нь магтаад л байдаг байсан. Дотроо бол гэрээ тэгж арчаасай гэж бодоод л сууна шүү дээ.

За тэгээд хүүхдийг багаас нь цүнх барьсан, дарга болохыг мөрөөддөг болгохоосоо өмнө нийтийн өмчийг ариг гамтай хэрэглэх, ашиглах, төсөр сэтгэхүйтэй болгож хүмүүжүүлдэг юм байна шүү дээ. Суралцмаар...

Бүгдэд нь амжилт...

0 件のコメント:

コメントを投稿