2020年6月9日火曜日

Нэг хөөрхөн ном

Хөөрхөн монгол ном уншлаа. Хүүхдэд зориулсан богино өгүүллэггүүд.

Хотын захиргаа руу гүйдэлтэй болсон хүнд их зүгээр байлаа. Учир нь ээлж дугаараа хүлээх зуураа эх хэлээрээ уншаад сайхан амралт болно. Мөн удаан хүлээлгэлээ энэ тэр гэж гомдоллохгүй, нэг мэдсэн ээлж ирнэ.

Бараг л "өө ямар хурдан юм бэ? гэж бодоод байгаа юм биш үү? Дахиад жаахан хүлээж болно шүү ухааны зүйл бодно. Хэ хэ. Богино өгүүллэггүүд тул үүнийг хүлээж байх хооронд энийг уншчихъя гэж сонгоод уншсан ч болно.

Энэ номоо хэнээс худалдаад авснаа мартчихаж. Сүүлд хоёр ч хүнээс ном авсан юм. Нэгнээс нь үнэгүй, нэгнээс нь үнэтэй. Хоёулаа л бүсгүй хүн. Тэгээд л санадаггүй. Зураг авсан л даа. Ухаалаг утсаа төнхөхөөс залхуураад. Мартчсан чигээрээ л явж байя. Гэнэт огцом санаж магад.

Өө тийм, бас шавиасаа ганц нэг ном зээлсэн байгаа юм байна. Тэрэн дунд ч явж байлуу? Ёстой бүү мэд ээ.

Заримдаа санахгүй байсан зүйлээ шаал өөр газар, цаг нь өнгөрсөн зэрэг үед огцом санадаг тийм ээ? Та нарт ч бас ийм тохиолдол гарч байсан уу?

За тэр ч яахав. Иймэрхүү дээхэн үеийн, дээхний зохиолчдын бичсэнийг унших сэтгэлд ойр санагддаг шүү. Сонин, өвөрмөц гэсэн үгтэй их тааралдана. Өгч буй мэдлэг, мэдээлэл нь ч цэгцтэй санагддаг.

Ганц нэг жишээ бичих үү?

Ирвэс гэдэг нь Ирвийз гэдэг эртний түрк хэлний үг гэж байна. Утга нь "Цасны барс".  Эрийг нь гэндүү, эмийг нь гэнс, зулзагыг нь гүем гэдэг юм байна. Ороо нийллэгийг нь Ирвэс хошоолох гэнэ. 

Үзүүрсгэн дээл: Намар алсан хонины арьсаар хийсэн нягталхан үстэй дээл гэж тайлбарласан байна. Сайн мэдэхгүй л зүйлийн минь нэг байлаа. Дараа ингэж үзүүрсгэн дээл гэдэг үгтэй таарвал аан нээрээ тийм гэж мэдэхтэйгээ боллоо.

Үгэнд эх байдаг, номд оршил байдаг. 

Атаархлын саарал манан чээжинд огшоод ирэх.

Хөлдүүс: Үхрийн хөлдүү баас, хүйдэс.

Тээхэн: Удам угсаа. 

Жилбэ: Саяхан төллөсөн малын сүү.

Чахалзуур: Залгиур хоолойг чихний хэнгэргийн хөндийтэй холбосон суваг.

Боширго: Хайгаад олоогүй. Шувуу юм шиг байна лээ.

Гулгар хөх чоно: Яг ямар чоно юм бүү мэд.

Жирэг тоглоом: Яг ямар тоглоомыг нь сайн мэдэхгүй л байна.

Тонгоо цох: Ямар цох юм бүү мэд.

Жодгор: Бөс даавуугаар хийсэн дөрвөлжин, босоо хэлбэртэй  хийсэн оромж.

Асгар: Худгийн дэргэд мал услах зэрэгт асгарч тогтсон шалбааг ус.

Гэх мэтчилэн. Өөр зөндөө байсан л даа. Ямартай ч номон дээрээ тодруулагчаар тэмдэглэж аваад, ганц нэгийг нь тольдсон.

Хөдөө өсөөгүй, малын зүс ч танихгүй надад монгол ахуйн мэдэхгүй зүйлс их их. Монгол хүн гэж хэлэхэд ичмээр шүү дээ. Иймэрхүү зүйлсээ хань ижлээсээ асуучихдаг. Их шоолуулна аа, хөөрхий.

Монголд байдаг та хэд монгол ахуйгаасаа суралцаад яваарай. Мэддэг байхад илүүдэхгүй шүү. 
Бүгдэд нь амжилт хүсье ээ.

2 件のコメント:

  1. Тонгоо цох: говьд сохор тонгоо гээд хар цох элбэг байдаг, тэр цохыг хэлсэн байх.

    返信削除
    返信
    1. Ваув, баярлалаа. Нэг төрлийн хар цох юм байна тэ.

      削除