2020年12月21日月曜日

Амьдрахуй 2

За өнөөх номоо уншаад л яваа шүү. Нэг оройд, нэг шөнө уншиж амжихгүй  л явна.

Өдрийн цайны цагаараа л хэдэн хуудас ахиуллаа. Цастай, гадуур орж гарахгүй, гялс нэг юм авчихаад л ажил дээрээ ирж, идэнгээ уншина. Нэг бол уншингаа идэх ч юм уу?

Дахиад л таарсан сонин содон, тэр бүр хэрэглэж мэдэхгүй үгнүүдээ түүлээ. Таалан соёрхно уу.

Шандууртлаа-Өөх тос зэрэг хурц нүнжигтэй хоолыг идэх дур тааламжгүй болох. Шандуурах гэсэн үгний хувилсан хэлбэр.

Ойн цагаалж-Хялгана өвсний өөр нэр. Өөр нэг утга байсан. Өөрсдөө тольдож уншигтий.

Мүглэнд хорих-1. Шорон, гяндан. Цаана нь хоёр ч утга байсан шүү.

Цоог цаас-Алаг цоог гэдэг хоршоо үг. Утга нь энд тэнд, армаг тармаг, адил тэгшгүй.

Цанхиртсан хоолой-Хүний толгойны үс багаасаа цайх гэж байна. Хоолой гэдэг үгтэй ямар ч холбоогүй л болчихоод байна.

Хансуур-Хансах багаж. Хансах гэдэг нь 1. Арьсны үсийг хусах, арилгах. 2. Хуйхлах, зумлахад үлдсэн үсийг улайссан төмрөөр хайрах.

Гуаны зэл ороонго-Зэлээс нь эхлэх үү дээ. Зарим ургамлын зэлийн адил газраас хөндийрөхгүй мөлхөн ургасан иш. Ороонго-Навчгүй, утсан ишээрээ ороож, бусдыг шимж амьдардаг өвс, ишин дээрээ цэцэглэнэ. 

Гэхдээ энэ хоёр үг хоршоод ирэхээрээ зүгээр л их болчихоод байх шиг. Нэг тийм орооцолдсон ишнүүд. За мэдэхгүй юм даа.

Гачуу гуцуу-а. Хангамж хүрэлцээгүй байдал; б. Дутуу дулимаг.

Олондой өмсөх-1. Үстэй, хөвөнтэй богино хувцас. 2. [хуучирсан] Дээлийн гадуур давхарлаж өмсдөг ханцуйтай чээжмэг.

Навтарга хэдэрсэн-Урагдаж ноорсон хувцас.

Хийцгүйрч-Олдоогүй. Коронагийн үед гарсан шинэ үг гэж болож байсан чинь. Уншаад инээд хүрээд. Хайсан чинь алга. Энэ ном нэлээд хэдэн жилийн өмнө орчуулагдсан байлтай. Тэгэхээр ийм үг урд нь байдаг байжээ...

Хуудуурч байна-2 дахь утга нь шүү. Ухаан санаа самуурах, учир ухааныг олохгүй мунгинах.

Уул нь байвал түлээ олдоно. Эртний хятадын үг.

Хээрлэж одох-Мөн л 2 дахь утга нь. Хүний нас эцэслэх ба оршуулах.

Цас лавсан орох-1. Цас малгайлан орох.

Кү Гэн-Зовлонт үр.

Амьсгал отголлоо-2. Дуусах, сүүлдэх.

Чим чимээр тэлж томрох-За энэ 2 дахь утгань юм болов уу гэж бодсон. Чим хийх (хүний бие махбодын энд тэнд гэнэт лугшин өвдөх), чим чим хийх (гэнэт халуу оргих, лугших), хуруу чим чим хийн өвдөх (хуруу гэнэт халуу оргин лугшин өвдөх).

Ялдар-1. Дашрамд, далимд.

Хүзүү гойрчихсон-Яг ийм үг олдсонгүй. Гойргор гэдэг үгтэй төстэй юм болов уу гэж таав. Хүн, амьтны бие нарийн өндөр байх нь: гойргор хөл (урт нарийн хөл), гойргор хүзүү (урт нарийн хүзүү).

За уншаад дууссан шүү. Энэ бичлэгийг эхлүүлээд орхисон байж. Бичлэгийн эхэнд уншаад л явна шүү гэсэн байна. 

Сонин болчихлоо. Эртний тосгоны хүмүүсийн ахуй амьдрал хэцүү байжээ. Хүн гээч амьтан бас л их зовлон бэрхшээл амсах юм даа. Амьдрах явцдаа. 

Гол дүрийн баатар, залуу зандан насандаа хамаг үйлийнхээ үрийг тарьчихсан юм шиг санагдлаа. Эхнэрээ гомдоож байгаа, эцэг эхийнхээ сэтгэл санааг тарчлаан байгаа нь үйлийн үрийнх нь эхлэл гэлтэй.

Бас нэг хүнээс сонсож байсан үг санаанд орчихлоо. Бурхан нүгэл ихтэй хүнийг урт наслуулж элдэв зовлон амсуулдаг, буян ихтэй хүмүүс богино насалдаг гэж...

Манайхан ч бас ярьдаг даа. Хүний сайхан нь түрүүлээд явчих юм даа гэж...

Гэхдээ японд 100 наслалтын эрин эхэллээ гэж их ярьж бичдэг болсон. 

Аан тийм, гэхдээ зохиолд бас тосгоны хүмүүсийн мэдлэг, боловсрол гээд л дутуу дулимагаас болоод хүү нь амиа алдчихдаг нь үнэхээр харамсалтай...

За үхэл амьдрал гээч зүйл нь өөрөө тааж мэдэхийн аргагүй ч юм шиг санагддаг болсон дөө. Нас ахиад л тэр байх даа...

Бүгдэд нь амжилт хүсье. Маргааш болтол баяртай.

0 件のコメント:

コメントを投稿