Японд их дээд сургуулийн конкурс хэд хэдэн шат дараалалтай явагддаг юм байна аа. Би өөрөө энд их дээд сургуульд сурч байгаагүй болохоор сайн мэдэхгүй л явсан. Цаг зав гаргаж судлаагүй. Нэг тийм сургаар л явдаг байлаа.
Өөрийн толгойтой холбогдоод ирэхээр бас чих тавьдаг болдог юм байна. Урд нь нэг их тоодоггүй л байлаа. Гадаад оюутнуудыг хэрхэн хүлээж авдаг, элсэлтийн шалгалт нь хэдийд байдаг гэх мэт их л наад захын л зүйлсийг маруухан гадарладаг хэмжээнд.
Яг дотооддоо, эх орныхоо ирээдүй болсон залуусыг хэрхэн хичээлээр шахаж, шамдуулж, дарамталж? зоригжуулж, конкурсанд бэлддэг болохыг сүүлийн 3 жил мэдэрлээ. Ялангуяа ахлах сургуулийн 3-р анги буюу манайхаар 12 дугаар ангид ордог жил нь.
Энэ жилийн хувьд нэг том онцлогтой. Улсын хэмжээнд нэг өдөр болж явагддаг шалгалт нь агуулгын хувьд өөрчлөгдсөн. Нэр нь бага зэрэг өөрчлөгдсөн. Англи хэлний шалгалтын тогтолцоог бас өөрчлөх гэж байснаа олон хүчин зүйлээс болоод түр хойшлуулж байх шиг байна.
Энэ өнгөрдөг хагас бүтэн сайнд их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий? шалгалт болж өнгөрлөө. Яг нэрнийх нь хувьд юу гэж орчуулж хэлэхээ сайн мэдэхгүй байна. Мэддэг мундаг хүмүүс зөндөө бий байх өө.
Улсын хэмжээнд нэг өдөр зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт нь нийт 2 өдөр үргэлжилнэ. Эхний өдөр түүх, нийгэм, эх хэл, англи хэл голлосон суурь шалгалт. 2 дахь өдөр хими физик голлосон суурь шалгалт.
Ингэхдээ мэдээж хими физикээр явах хүүхэд ч гэсэн англи хэл, эх хэл, нийгмийн шалгалтыг өгнө. Арай хөнгөн гэх юм уу? Хоёрдогч гэдэг утгаараа. Дараагийн өдөр нь хими физикээр явах хүүхдүүд сурсан мэдсэнээ шалгуулна. Энэ өдөр мөн эхний өдөр суурь шалгалтаа өгсөн хүүхдүүд ч адил шалгалтанд орно.
Жаахан ойлгомжгүй биччих шиг боллоо. Асуумаар байвал сэтгэгдэл үлдээгээрэй...
Конкурсны зулзага минь хими физикээр суурь шалгалтаа өгсөн. Математик бас чухал. Энд математикаа бас 1, 2, А, Б гэж хуваадаг юм билээ. Би учрыг нь сайн ойлгоогүй.
Аан тийм бас түүхийн хичээлээ сонгоход бас учир жанцантай гэсэн шүү. Том зулзага японы түүх сонгосон байсан. Дэлхийн түүх сонгоогүйг нь асуусан чинь хими физикээр явах гэж байгаа бол дэлхийн түүх нэг их хэрэггүй, мөн орох гэж байгаа их сургууль нь аль ч түүх болно гэсэн байвал дан ганц улсын түүх байвал уншиж судлах, цээжлэх нь дэлхийн түүхээ бодвол харьцангуй бага. Дэлхийн түүхэд зарцуулах цагаа математик, биологи, хими, физиктээ зарсан нь дээр гэсэн.
Одоо 2 сарын сүүлээр орохыг хүсч буй их сургуульдаа очиж шалгалт өгнө. 2 дахь шат нь. Эхний шатны ерөнхий шалгалтын дүнг харгалзаж үзээд өмнө сонгосон хэд хэдэн их сургуулиа байрыг нь хооронд нь хольж сольдог шиг байна лээ.
Жишээ нь тааруухан оноо авсан бол сонгосон их сургуулиа нэг түвшин доош нь буулгах, нэг бол өндөр оноо авсан бол сонгосон их сургуулийнхаа хамгийн гайгүй гэсэндээ материалаа өгнө ч гэдэг юм уу.
Энэ эхний шатны ерөнхий шалтгалтын онооноос хамаараад их сургуулиа сонгох тал дээр ахлах сургуулийн анги даасан багштай нь 3 талт уулзалт хийнэ. Багш сурагч эцэг эхийн хэн нэг.
Бид энэ сарын 24-нд уулзана, өдөр. Амралтын өдөр таарсан ашгүй.
За нэлээд урт бичлэг болчихлоо. Онцын шаардлагагүй, сонирхолгүй сэдэв чинь бол алгасаарай. Гэхдээ энэ хүртэл уншина гэхээр бараг дуустал нь уншчихаж. Баярлалаа.
Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿