Нохойн дуу ойртоод, бид их томоотой байх гэж хичээж байгаа. Томоотой байна гэдэг нь аль болох чимээ шуугиан багатай, уйлаан майлаан багатай, зурагт үзэлгүй, хөгжим сонсолгүй, монгол руу утсаар ярилгүй гэх мэт.
Мөн гэртээ элдэв зочид урилгүй байх. Гэснээс монгол хүүхдүүдийн маань хоёр нь шинийн нэгэнд ирж амжаагүй юм. Мужаас гадагшаа тэмцээнд, ярилцлаганд явсан тул.
Очиж золгомоор байна гэсэн. Шууд ир гээд хэлчихэж чадалгүй, эргээд холбоо барья гэсэн байгаа. Бууз маань дууссаныг ч хэлэх үү? Хэдийг чимхэж хөлдөөмөөр байдаг.
Бага зулзагын багштай уулзсан. Ганцаарчилсан уулзалт. Сүүлийн нэг жил элдэв арга хэмжээнүүд цуцлагдаад, тэр бүр зулзагынхаа цэцэрлэг дээрх байдлыг нүдээр, амьдаар нь харж баясаж чадахгүй л байна.
Багштай нь элдэв л зүйл ярилцлаа. Сүүлдээ ч монгол япон хүмүүсийн онцлог, сул тал, сайн тал болоод явчихсан. Хэ хэ.
Ямартай ч бага зулзага минь дажгүй дассан, одоо бие дааж жорлон орох дасгал хийж байгаа гэсэн. Эхэндээ уйлаад явдаггүй байсан бол одоо явах нь явна, гэхдээ шээдэггүй гэсэн. Хи хи.
Бид ч бас гэртээ нэг их хүчлээгүй. Уг нь живхнээс нь гаргачихвал эдийн засагт ч нэмэртэй л дээ. Цаг нь болоогүй байхад хүүхдээ нэг их хүчлээд яахав гэж бодоод. Дээрээс нь гурав дахь зулзага болохоор зөнгөөр нь өсгөчих санаатай.
Түүнээс элдэв мэдээлэл, нийтлэл уншаад байхаар миний өсгөж буй аргын дийлэнх хувь нь буруу ч юм шиг санагдаад, сүүлдээ тиймэрхүү нийтлэлээс зугтаадаг болж байна. Хэ хэ.
Энэ 4 сараас анги дэвшинэ. Хэрэгтэй гэсэн зүйлсийг нь бичсэн цаас өгсөн. Мөн хувийн малгайтай болно. Хэрэв ах эгчийнх нь гэж байдаг бол ирж үзүүлээд болох уу гэж асуугаарай гэсэн.
Нээрээ нэг малгай бий, түүнийгээ хайх юм байна шүү. Мартаад яваа юм байна. Ойрд мартана гэдэг үгтэй их найз болоод, үе үе түүндээ уураа гаргана аа, яаж зүгээр байхав. Муу нөлөө үзүүлдэг найзаас салчихмаар л байдаг...
Өөр чинь юу билээ? За за бичих зүйл дуусчих шиг боллоо. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿