2021年3月7日日曜日

... насны ой

Удахгүй бага зулзага 2 ойтойгоо золгоно. Сурсан эрдэм гэж мундахгүй их болжээ. Энэ талаар нь хальт сараачих санаатай. 

Өмдөө, гутлаа өөрөө өмсөн сурсан. Гутлаа хааяадаа зөрүүлээд өмсчихдөг. Үдээсгүй гутал тул амар. Наагаад л салгаад л болчихдог. Албанд нь өмсөхөд, тайлахад амар гутал гэж заадаг болохоор. 

Энд мөн үдээстэй гутал ховор өмсөнө дөө. Томчууд ч тэр. Хот газар гэхдээ арай өөр юм билээ шүү. Миний бичсэнийг уншаад япон улсыг тэр аяар нь төсөөлөв өө. Би хөдөөний хүн шөө. Хи хи. 

Өмдөө өмсөхдөө хаа нэгтээ хоёр хөлөө нэг лүү нь зэрэг чихээд байдгийг эс тооцвол, өмсчихдөг болсон. 

Нэлээд дээхэн цамцаа хөлдөө углачихаад өмсөх гэж зүтгээд байсан. Одоо цамц гэж толгойгоороо өмсдэг гэж мэдсэн байх шиг  харагдана лээ. 

Үгийн тоо нэмэгдсэн. Ээж аав, эгч гэдэг үгсийг хоёр хэлээр хоёулангаар нь хэлдэг болсон байна лээ. 

Хөдөлгөөн нь эрс нэмэгдсэн. Нэг зүгээр суухгүй байна. Гурав хоног яваад ирсэн чинь жаахан хаширчихаж. Юм л бол ээжээр тэврүүлэх гэж зүтгээд байна. Ээж гэрийнхээ нэг буланд очоод, өөрт нь харагдахгүй л бол ээж хаачсан бэ гээд хайгаад, асуугаад явдаг болсон. Хэ хэ. 

Өө тийм, нус нь жаахан гоожоод байгаа юм. Тэгсэн нусаа долоогоод байдаг болсон. Бүр хамраа ухаж байснаа хуруугаа долоож энэ тэр. Эгч нар нь пүү паа уулга алдаж энэ тэр. Өөрсдөө ч гэсэн долоож л явсан юм байж. Ха ха. 

Саяхан ээлжит жүжгээ үзсэн чинь нэг их тогтож үзээгүй. Өөр зүйлд сатаараад. Нас нь арай болоогүй ч байж магад. Гэхдээ цэцэрлэгтээ бол багш нарын жүжигчилсэн тоглолтыг сайн шимтэж үздэг гэсэн. 

Номонд дуртай хэвээрээ. Хааяа ээж залхуурдагийг эс тооцвол. Зарим нэг номоо цээжилчихсэн уншиж өгдөг. Дууны үгийг бага багаар ахиулаад л байна. Хөөрхөн эвсэлтэй дуулдаг болсон. Гар хуруугаа хөдөлгөж хүүхдийн дууг эвлэгхэн дуулж сурч байна. Албанд явахын нэг ач гавъяа юм шүү дээ гэж талархах сэтгэл дүүрэн.

Бялуу иднэ гээд л байгаа. Бид ямар бялуу авч өгөх үү? Ямар бэлэг өгөх үү? гэж ярилцаад л. Эгч нар нь саналаа хэлэлцээд, сонгож өгөх юм гэсэн. Мэдээж худалдаж авахыг нь ээж аав. Хэ хэ. 

Өө тийм зурахдаа улам л сайжраад байгаа. Инээж байгаа нь уйлж байгаа нь гэж ирээд л тайлбарлаж өгдөг. Бүүр нэг өхөөрдөм, хайр хүрэм. 

Жаахан тойм, бүдэг зүйл биччих шиг боллоо. СБА шүү. 

Бүгдэд нь амжилт хүсээд, түр баяртай.

0 件のコメント:

コメントを投稿