2021年6月24日木曜日

Хариас ирсэн бүсгүйчүүд

Ажлын газарт нэг ийм ном явж байхаар нь уншлаа.

"Хариас ирсэн бүсгүйчүүд" гэж орчуулах уу? Ямартай ч ямар нэгэн байдлаар гадаад улстай холбогдсон, холбоотой эмэгтэйчүүдийн тухай гарна. 

Аль нэгэн гадаад улсаас ирж япон хүнтэй суусан, японд төрж өссөн гадаад эмэгтэй, эмээ өвөөгийн хэн нэг нь гадаад ч юм уу. 

Ихэвчлэн япон нөхөртэй эхнэрүүдийн тухай, тэдгээрийн хүүхдийн тухай, Бразильд суурьшсан ядон иргэдийн үр ачийн төлөөллийн тухай өгүүлсэн байна лээ. 

Төлөөлөл болгож хоёр мужийн нэг нэг хотыг сонгож, судалгаа явуулсан байсан. Акита мужийн Ноширо хот, Шизүока мужийн Хамамацү хот. 

Тухайн хотуудад ажиллаж амьдардаг бүсгүйчүүдийн ахуй амьдрал, япон гэдэг харь газар амьдрахад нь тулгарсан бэрхшээл, даван туулсан арга барил гэх мэт. 

Уг номонд япон хэлний боловсрол, япон хэл заах нь ямар чухал болох талаас нь харж бичсэн байна лээ. 

Мэдээж хэлтэй бол хөлтэй гэдэг шиг хэл усандаа сайжраад, өөртөө итгэлтэй болоод ирэхээр ажил олдоно, эргэн тойрныхонтойгоо ойлголцдог болно. Уг хүндээ сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ хамгийн том ололт нь японы нийгэм, орон нутгийн хөгжил, цаашлаад нийт улсын хөгжил дэвшилд ч асар том үүрэгтэй гэдэг санааг өгөхийг зорьсон.

Нэг эмэгтэйн ард нэлээд хүн байдаг шүү дээ. Эцэг эх, хань ижил, үр хүүхэд гээд л. Тухайн эмэгтэй хэлтэй устай, ажилтай орлоготой бол гэр бүл нь ч боловсролтой, боломжтой болох нь гарцаагүй, тийм ээ?

Ихэнх хотуудад нь гадаад хүмүүст зориулсан япон хэл заадаг сургалтууд байдаг. Түүнийг олж мэдэх нь чухал шиг байгаа юм. Мөн тэдгээр сургалтыг санхүүжүүлдэг, дэмждэг орон нутгийн бодлого ч асар чухал шиг.

Суугуул мужид минь бас бий. Ажлын газар минь түүний нэг төлөөлөл нь. Сайн дурын багш олно, сурагч банш нарыг холбож өгнө, сайн дурын багш нартаа зориулсан сургалт семинар зохион байгуулна.

Сурах бичгээр хангана. Тэр бүр сурагч бүр ном худалдан авах боломжгүй, тийм хүмүүст зориулж ном зээлнэ, хувилж өгнө гээд л ажил мундахгүй.

Ихэвчлэн хятад, солонгос, филиппин хүмүүс их ирнэ. Тоо нь ч их юм дөө. Цөөхөн хэдэн монголчууд минь бараг ирэхгүй. Дор бүрнээ л өөрсдийгөө болгоод явдаг. 

Ирээд удаагүй үедээ хэд хэд үзэгдэнэ ээ. Жаахан дасаад ирэхээрээ ажил энэ тэр нь цаг нь таардаггүй байх...

Халиад явж байна. Ямартай ч хаа газар хүүхнүүд, эмэгтэйчүүд бас л их бэрхшээл амсаж байж амжилтад хүрэх юм даа л гэж бодон уншив.

Хэсэгтээ япон ном уншихаа түр завсарлана. Монгол ном түлхүү унших санаатай. Зураг хөрөг орууламз. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿