6 сарын уламжлалт бичлэг. Жил бүр энэ цэцэрлэгт хүрээлэнд очиж зураг дардаг.
Мөн ингэж зураг оруулах, очиж цэцэг харж мэлмийгээ баясгах нь зулзагуудын минь мэдлэг мэдээлэлд их хэрэгтэй, мөн нэрийг нь монголоороо мэдэж, мартахгүй байх гэсэн зорилготой болно.
Энэ модтой уулын наахнуур галт тэрэг явж өнгөрдөг. Тэр өдөр ч бас явсан. Зураг дарж амжаагүй. Учир нь бага зулзагатаа галт тэрэг гэж зааж өгч, ярилцаад.
-Хаашаа явж байна вэ? Биднийг суулгаад яваач ээ. Болгоомжтой яваарай гэх мэтчилэн ярилцана шүү дээ.
Дэлбээнүүдийг тасдаж аваад усанд дүрсэн байсан. Их сонин өвөрмөц харагдсан. Нэг авч харьдаг юм уу гэж бодсоноо, гэрт ийм жижиг сав байхгүй шүү дээ гэж бодоод. Сүүлд нь бодох нь ээ, зүгээр л тавганд ус хийгээд гэрээ чимж болох байжээ гэж. Хэ хэ. Ирэх жил ингэж тавьсан байвал авна аа.
Чөлөөтэй авч харьж болно гэсэн байсан юм.
Үдээс өмнө нь бага зэрэг бороо шиврээстэй. Бага зулзага шүхэрээ барих их дуртай. Аваад нэг их удаагүй, нэг савааг нь хугалаад авсан. Түүнийг нь хань ижил зассан.
Эрэгтэй хүүхдийн гар хөл чанга талдаа юу? Хүрсэн, барьсан зүйлээ ихэнх тохиолдолд эвдэх гээд байх юм...
Бас ч гэж шүхрээ даадаг болчихоод алхаж буй нь. Түүнээс шүхрээ даахгүй байж дэлгэж барих гээд, ээж бөхийж ирээд л шүхрийг нь дэлгээд хамтдаа алхах чинь авъяас шаарддаг байлаа шүү дээ.
Бага багаар эр өсөж л байна...
Дараагаар нь яг хажууд нь байдаг тоглоомын талбайд тоглосон. Дунд зулзага багадаа их ирж тоглодог байсан юм. Тоглоомууд нь шинэчлэгдээд, тоо нь ч ихэссэн байна лээ.
Дунд зулзага гэрийнхээ хажуугийн тоглоомын талбайг голоод байгаа. Хуучин байсан нэг гулсууртай тоглоомыг нь шинэчилсэн чинь ээжид ч гэсэн нэг их таалагдаагүй.
Бага зулзага ч тоглоход жаахан ахдаад. Гэхдээ л хүүхдүүд их гарч ирж тоглоно шүү. Хүүхдийн цовоо цойлгон дуу сонсогдоод бага насыг минь санагдуулдаг...
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье...
0 件のコメント:
コメントを投稿