2021年6月21日月曜日

Клабхаус

Шинэ долоо хоногийн мэнд ээ, журмын олон уншигчид минь ээ. 

Ширүүхэн дайрч байгаа, оройхон гараад. Юунд вэ? гэхээр гарчигнаас харахад л ойлгомжтой тийм үү?

Клабхауст нээсэн. Эхэндээ хаашаа орж юу сонсохоо мэдэхгүй байсан. Ганц нэг таньдаг хүмүүсийн орж байгаа "өрөө"-гөөр шагайсан, сонссон. 

Сүүлийн хоёр өдөр их аятайхан "өрөө нэг бол танхим"-д орж, яриа сонслоо. 

Эхнийх нь "Туяагийн цаг" гэдэг нүүр номын хуудас байдаг даа. Инстаграм, нүүрномыг нь дагадаг юм. Клабхуастаа бас их хэрэгтэй зүйл ярьсан. Гол нь хэрэгжүүлэх хэрэгтэй. 

Хичээл зүтгэл хэрэгтэй, гэрийн бусад гишүүдийн оролцоо хэрэгтэй. Долоо хоног бүрийн баасан гарагт өрнөдөг юм билээ. Өмнөх дугааруудыг хаанаас олж сонсох вэ гэж бодоод л сууна. 

Дараагийнх нь бас нүүрном, инстаг нь дагадаг Доржийн Болортуяа эгчийн хийсэн номны тухай танилцуулга. Энэ удаагийн ном их гүн гүнзгий утга агуулгатай ном байсан. Би япон хэлээр ч болтугай олж уншихаар шийдсэн. 

Маргааш нь ютүбээс хайж, ухаж ганц нэг мэдээлэлтэй болсон. Номын сангуудад зарим нэг бүтээлээс нь байсан. Урдах номнуудаа уншиж дуусгаад захиж уншихаар төлөвлөв. 

Номны нэрийг мэдэхийг хүсэж байна уу? Хэлэхгүй за юу? Хэ хэ. За за тоглосон юм аа. Тич Нат Хан гэдэг хүний ном. Би анх удаагаа л сонсож буй нэр байсан. Урд нь олж сонсохгүй хаагуур ч явж байсан юм бүү мэд. 

Н.Энхбаярын орчуулсан нэг ном нь байдаг юм байна. "Таны жинхэнэ гэр орон" гэдэг ном. Чадвал олж уншихыг хичээнэ ээ. 

Гэснээс зарим нэг хүмүүс чаддаг зүйлээ л хиймээр байна аа тийм ээ? Мэнд-Ооёо гуай хэлж байсан. Энхбаярыг сайн орчуулдаг гэж. Улс төр гэж гүйхээр залуу хойч үедээ сайхан сайхан бүтээл орчуулж хүргээд л суухгүй гэж бодлоо. 

Мэнде-Ооёо гуайн оролцсон "Хүн төрөлхтний соёл дахь Монгол яруу найраг" гэдгийг сонслоо. Сонирхолтой сайхан яриа өрнөсөн. Би бол ярианд оролцохгүй л дээ. Зүгээр л сонсогч. 

Ойрд шүлэг, яруу найраг уншаагүй, сонсоогүйгээ мэдлээ. Олж уншина аа. Ер нь бид оюуны асар их чадалтай ард түмэн юм билээ. Гол нь түүнийгээ сэргээх? хөгжүүлэх? Хамгаалах? Өвлүүлэх? зэрэгт анхаарах. 

Өчигдөр орой "Гэрэлтэй цонх"-ны "Равжаатай үдэш"-ийг сонслоо. За зүгээр л гайхамшиг. Сосорбарам уран уншаад л, хэн гэлээ дээ нэг дуучин? байсан байхаа? "Үлэмжийн чанар" зэрийг уянгалуулаад л. 

Мөн их сонин содон түүх, дурсамжийг хүмүүс ярьж байсан. "Гэгээнтэн" романыг уншиж дуусаад удаагүй байсныг ч хэлэх үү? Нэг тийм дотно санагдсан. 

22 цагаас эхэлсэн яриа шөнийн хэдэд дууссан юм бүү мэд? Лав л шөнийн 2 бол хүрсэн. Би сүүлдээ нойроо дийлэлгүй унтсан байна лээ. Өглөө сэрэнгүүтээ харсан чинь лав л өндөрлөсөн байсан. Хэ хэ. 

Мундаг хүмүүсийн ярьсан сонирхолтой үүх түүх, болсон явдал, дурсамж яриа зэргийг сонсоод ноён хутагтын тухай улам илүү ихийг уншмаар, мэдмээр санагдсан шүү. 

Мөн нутагт нь байдаг Хамарын хийд, музей зэргийг заавал очиж үзэх юмсан гэдэг бодол тээсээр нойрондоо автаад, сүүлийн хэсэгхээн яриаг нь сонсож чадаагүй. 

Гэх мэтчилэн клабхаусын сонирхолтой өрөөнүүдийг олж чадвал үнэхээр гоё юм билээ. Сонин сонин нэртэй өрөө их байсаан байсан. 

За түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿