2021年11月21日日曜日

Бичиг үсэггүй хүн

За энэ ном 10 сард наддаа ирсэн. Төгсөөд явсан агаа зуныхаа амралтаар харьж ирэхдээ мэссэж бичсэн. Эгчээ номоо захиарай гээд л. Хөөрхөн. Шуналтаад 2 ч ном захьсан. 

Нэгийг нь нэлээд тухтай сууж, нухацтай унших бодолтой. 

Энэ бол жижигхэн, цүнхлээд явж байхад амар байсан. Энд тэнд хүлээх багахан цаг гарахаар л уншаад явсан. Нэг мэдсэн дууссан. 

Гэхдээ их зүйл бодогдуулсан агуулгатай байлаа. 

Гэснээс ном цүнхлэн явахаа больдог ч юм билүү гэж бодсон. Яагаад гэхээр? О.зулзага намайгаа шүүмжилсэн. 

-Ээж, миний номноос уншиж болно шүү дээ.  (Учир нь гэртээ зөндөө номоо үлдээгээд явсан юм. Уран зохиолын, өөрийнх нь дуртай зохиолчдын ном. Япон хэл дээр.)

-За. 

-За за, нэг бол битгий уншаарай. Та ном уншиж байна гээд, худлаа цүнхлээд явдаг. Тэгээд ном минь муухай болчихно.

Хүүхэд томрохоор хүүхдүүдээсээ айдаг болох юм шиг. Миний ижий аав минь ч надаасаа айдаг гэсэн. Хэ хэ. 

Агота Кристоф гэж бас л өвөрмөц ертөнц байжээ. Ярилцлагыг нь уншсан чинь. 

Сурч буй хэлээ дайсны хэл, дайсан хэл гэж зоригтой хэлчихдэг хүн байж. Бүтээлээ туурвидаг байсан франц хэл нь хүртэл дайсан хэл. 

Шалтгаан нь эх хэл болох Унгар хэлийг нь хөнөөж буйтай холбоотой...

Энэ мөрийг уншаад би бодлоо. Япон хэл бол миний хувьд дайсны хэл болох? Монгол хэлээ мартахгүйн? тулд, ядаж л бичдэг байхын тулд би блог бичиж эхэлсэн. 

Мөн эх хэлээрээ унших нь ямар амар болохыг мэдэрдэг, ямар сайхан амралт болдог, ядаж л бичиг үсэгтэй хувь хүн байгааг минь мэдрүүлдэг болохоор тувт монголоос ном захиж уншдаг юм байна гэж. 

Зохиолчийн амьдарч байсан цаг үед интернет гэж зүйл байгаагүй болохоор, мөн оросын улс төрийн үзэл, баримтлал, ноёрхол, дарангуйлал байсан болохоор харь оронд дүрвэж гарсан ч бичиг үсэггүй хүн мэт сэтгэгдэл төрдөг байж...

10 жилдээ дурлан сурч байсан франц хэлийг "минь" шүүмжилсэн нь ямар ч хүнд эх хэлээс нь өөр яруу сайхан хэл гэж байдаггүйг нотлох шиг. 

Бид ч "Чихний чимэг болсон Аялгуу сайхан монгол хэл" гэж уянгалдагтай утга ижил тийм үү? 

Би ч мөн адил японд ирснээсээ хойш 10-д жилийн дараагаар л уран зохиолын ном уншихдаа нэг их түүртээд, тойрч гүйгээд, хойш тавиад, хойргон зан гаргах минь аажим аажмаар багасч л байна. 

Тухайн хэлийг бүрэн төгс биш юм аа гэхэд, дээр бичсэн шалтгаануудыг тоочилгүй "ном" барьж авдаг болоход дор хаяж 10 жил зарцуулдаг бололтой юм. Энгийн хүмүүст шүү дээ. 

За тэгээд бидний "ах" гэж хүндэлдэг оросуудыг бол айхтар хэлж, бичжээ. Гай нь ч бий, гавъяа нь ч бий гэдэг шиг, бидний чихэнд орос дуу, орох хэл дотно санагддаг болтол нь "дарангуйлахад" 70 жил зарцуулсан шиг дахин 70 жил зарцуулж байж бид оросын "нөлөөллөөс" гарах байх даа? 

Зохиолчийн бүтээл японд бас их уншигдсан гэж байна. Монголоор орчуулагдаагүй бусад зохиолыг нь амжвал япон хэлээр уншмаар санагдлаа. Амжвал, мөн мартахгүй бол шүү дээ. 

Дараагаар уншина даа гэж бодсон номнуудаа мартчихаад байдаг болж. Ганц нэгийг нь тэмлэглэж авдаг л даа. Гэсэн ч...

Та бүхэн ч гэсэн энэ номыг нэг уншсан байхад тун дажгүй шүү. Их л зүйл бодогдох вий. Монголоос авч чадахгүй бол уншиж чадах хэлээрээ хайж уншаарай. 

Их олон хэлээр орчуулагдсан байдаг юм байна. Чихний чимэг болсон эх хэлээр минь орчуулж бидэнд хүргэсэн Доржийн Болортуяа эгчид баярлалаа...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿