Монголоос шуудан ирсэн. Гурван ном, хоёр цай, таван гоньд захив. Эмээ нь дур мэдэж чёко хийсэн байв.
Би дуугай байхгүй, чёко иддэггүй бага зулзагыг минь чёконы амттанд оруулав гэж загнав. Ганцыг л хийнэ биз, юун олныг хийдэг юм гэж илүү үглэв.
Эмээ нь хөөрхий минь "Юу өгөхөө мэдэхгүй юм, ааруул орж гарахгүй, ачааг нь хураачихаж магаж гэж айгаад" л гэсэн. Аргагүй аргагүй. Дараагийн удаа ганцыг л хийнэ шүү гэв.
Гоньд ч яахав, хааяахан хийдэг бууз хуушууранд аятайхан байдаг. Хань ижил дуртай. Аан тийм найруулж уудаг сүүтэй цайнд бас хань ижил дуртай. О.зулзага бас хаа нэгтээ уудаг тул нэг уутыг нь өгсөн юм байна. Би энд сүүтэй цай чанах гэхээр нэг л цэхийгээд байдаг.
Яагаад шуудан захих болсон бэ? гэхээр. Анхны цалингаараа, цалингийнхаа дээжээр ном захиад аа. Тэгээд тэрийгээ нааш нь бушуу түргэн гартаа оруулмаар санагдаад, нойр хүрэхгүй.
Гартаа оруулсан чинь санаа амраад, уншина даа гээд номын тавиур дээрээ чимэг болгон өрөв. Мэдээж харж хэсэг баясана. Үнэрлэнэ. Үнгэнэ. Ганц нэг хуудас эргүүлнэ.
Үүнийг өнгөрдөг 12 сард бичээд үлдээж. Оруулах гэсээр байтал шинэ он гараад талийж.
Ямар ном захиж гартаа оруулснаа тэгж байгаад бичимз, уншаад эхлэхээрээ. Зураг хөрөг оруулах гэхээр гэрэл цохичих гээд. Өөрөө ч уншиж амжаагүй байхад хүн гуйх гээд.
Нээх номоо зээлдүүлдэг ч юм шиг. Ха ха. Ойрхон байдаг ахлах ангийн охид, хөвгүүд зээлж уншдаг л даа, ойрхон болохоор өгдөг. Түүнээс хол хүмүүст өгч завддаггүй.
Уучлана биз дээ? Надаас ном асуугаад, зээлж авч чадаагүй улс минь. Харин өөрөө хүнээс ном голруулахдаа гавшгай нэгэн шүү. Ха ха.
Нэг ч их олон ном голруулаагүй ээ хөөрхий. Санаа байвч сачий нь хүрэхгүй үе бий.
Монголоос тэгж байгаад дахин шуудан авмаар байгаа ч би ээж аавдаа шуудангийн өртэй байгаа тул, өрөө барагдуулсныхаа дараагаар л санаархана даа. Ккк.
Шуудангийн зардал чинь доторхоосоо илүү үнэтэй болчихдог золиг тул хэсэгтээ түрийвчнийхээ оосрыг чанга атгахгүй бол болохгүй.
Хурдхан шиг ко гуай дуусч, наашаа цаашаа хүмүүс ирж очин, би ширэн нүүрлээд л номоо дайж, захих юмсан. Тэр цаг хурдан ирээсэй.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿