2022年1月28日金曜日

Ядаж байхад яр

Хувийн асуудал гэх үү? Ар гэрийн асуудал гэх үү? Юм юм л болж байна.

7 хоногийн өмнө, бага зулзага баасан гарагийн оройноос бага зэрэг бүлээрээд, бага зэрэг нус нь гоожив. Хагас бүтэн сайнд нь сайхан амраагаад, нэгдэхэд нь албандаа явсан.

Нэгдэхээс нь бусад гишүүд нус нь гоожив. Дунд зулзага сургууль дээрээ бага эрэг сонин болоод, тамирын хичээлдээ суугаагүй гэв. Маргааш нь хичээлээсээ чөлөө авч амрав. 

Халуун байхгүй мөртлөө бие нь нэг л сулбайгаад байсан. Нэг өдөр сайхан амраагаад, маргаашнаас нь хичээлдээ явав. 

Үлдсэн хоёр томчууд яасан гэхээр? Миний нус нэг өдөр задгай гоожсон. Халуун байгаагүй. Хань ижил бас нус нь гоожоод, халуун байхгүй...

Суугуул хотод минь "ко" гуай ихсээд, манайхтай ойртоод л байгаа сураг дуулдсан.

"Доор бичих үйл явдал нь бага зулзага бага зэрэг бүлээрсэн өдрөөс хойшхи 7 хонгийн үйл явдал шүү."

Цаг хугацааны асуудал л байсан тул, өнгөрдөг баасан гарагаас эхлүүлээд бага зулзагын цэцэрлэг амрав.

Хэн нь мэдэгдэхгүй, ямартай ч цэцэрлэгийнхнээс нэг нь тусаад, эерэг гараад. Пүрэв гарагийн бүр орой 22 цаг хавьцаа нийтэд нь мэссэж бичсэн байв. Хагас бүтэн сайн, нэгдэх, хоёр дахид амрана гэж байсан цэцэрлэг нь ээж аав нь амарч чадахааргүй, яалт ч үгүй хэцүү байгаа айл гэрийн хүүхдүүдийг нэгдэхээс нь авна гээд ажилласан. 

Би ч амралт байсан тул яаран өгсөнгүй. Хоёр дахид ч амрана гэж байсан цэцэрлэг хоёр дахь буюу мягмар гарагаас хэвийн үйл ажиллагаагаа эхэлсэн. Би өөрөө амрах байсан ч зулзагаа өгчихсөн. Энэ нь бас учиртай.

Энэ хооронд цэцэрлэгээс байсхийгээд л мэссэж ирнэ. "Төвөг удаж байгаад уучлаарай. Ойрын хавьтал болсон, шинжилгээ өгөх шаардлагатай хүүхдэд дор бүр нь мэдэгдэнэ ээ. Хотын эрүүл мэндийн газрын заавар зөвлөмжийг даган ажиллаж буй тул дараагийн мэссэж очих хүртэл түр хүлээнэ үү?" 

Гэх мэт агуулгатай. 

Бид азаар ойрын хавьтал биш байсан, шинжилгээ өгөөгүй. Бие хаа нь ч зүгээр байсан. 

Өөрөө амрах байсан ч зулзагаа албанд нь өгсөн гэсэн дээ. Яасан гэхээр? Хань ижил өвдсөн. Нуруу нь өвдөөд, хагас сайнаас эхэлж өвдсөн нуруу нь хэвтэж өнжөөд ч зүгээр болоогүй тул нэгдэхэд нь ажил дээрээ очиж нэг үзэгдчихээд, эмнэлэг явж тариа хийлгэсэн. Өвчин намдаах эм авч уусан. Эдгээгүй...

Хоёр дахь боллоо, нуруу нь улам өвдөөд болдоггүй. Нэг бариач эмгэн дээр очиж бариулж, иллэг хийлгэв. Зүгээр болоогүй...

Гурав дахийн өглөө. Нурууны өвдөлт улам гаарав. Өөр эмнэлэг орж, их хүчтэй, их өвддөг тариа хийлгэхээр болов. 

За энэ хооронд урд шөнө нь бага сургуулиас мэссэж ирсэн байв. Бас л хэн нь мэдэгдэхгүй, эерэг гарсан тул, гурав дахид амрана. Дахин мэссэж явуулах тул, үе үе шалгаарай гэсэн байв. 

Дунд зулзага ч бөөн баяр. Хэ хэ. 

Үдээс өмнө ажлаасаа чөлөө авч, багыгаа албанд нь өгчихөөд, хань ижлээ эмнэлэгт хүргэж өгч тариаг нь хийлгээд. Гэсэн ч нуруу нь өвчин намдаагүй л байна. 

Босч чадахгүй, босохоор л татаад. Таяг байдаггүй, гольфийн төмөр цохиурыг буруу харуулж бариад, таяг болгоод, булчин нь татсан нэг хүн байна манайд. 

За таминь минь нуруугаа хайрлаж байгаарай, биеэ энхрийлж байгаарай. Тэгэхгүй бол ч 00 орж чадахгүй, хүний гарт орох нь амархан байдаг юм байна шүү...

Өнөөдөр баасан гараг. Би нь долоо хоногжингоо нэг өвчтөн асраад, цоглог нь дэндсэн, ид хөдөлгөөнтэй байгаа бага зулзагаа нааш нь цааш нь болгоод, тоглож наадаад, номыг нь уншиж өгөөд, яриасаг, үе үе ааш нь хөдөлж ярвайдаг дунд зулзагаа бас нэг загнаж, нэг үглэж, нэг аргалж, нэг аядаж...

За сургуулиас бас л мэссэж ирээстэй. Үргэлжлүүлээд амарч байна. Ямартай ч бүтэн сайныг дуустал амарна. 

3 дахь, 4 дэх өдрийн хичээлийн агуулгыг сурах бичгийн тэд тэддүгээр хуудас гэж заавар ирсэн. Мөн 4 дэхийн орой нь сургуулиас нь очиж таблэт буюу жижиг оврын нөөтбүүк очиж авсан. 

Хөөрхий муу ээж л (би) гүйсэн. Сурагчид мэдээж өөрсдөө очиж авахгүй, учир нь юмыг яаж мэдэхэв гээд амарч байгаа улс. Яагаад гүйсэн гэхээр машинтай очиж болдоггүй, иймэрхүү нийтийн арга хэмжээнд. 

Ойр хавийн замын хөдөлгөөнд ачаалал үүсээд, элдэв замын хөдөлгөөний осол гарахаас сэргийлж тэр. Харьяа сургуульд л өгдгийн нэг гол, том зорилго, ач холбогдол нь юм даа.

Өнөөдөр буюу 5 дахийн өглөөнөөс түүгээрээ хичээлээ хийж байна. Дунд зулзага бөөн л баяр, инээмсэглэл тодруулаад л, нэг их дуудуулалгүй босч, үс гэзгээ самнаад, цайгаа уугаад, өрөөндөө орсон. 

Үе үе гарч ирж аавдаа нэг үзэгдэж байгаа сурагтай. 

Дээр хэн нь мэдэгдэгүй хүн эерэг гараад гэж бичсэн дээ. Энэ нь болохоор мэдээж цэцэрлэг сургуулийн удирдлагууд хэн хэн эерэг гарсныг бол мэдэж байгаа. Түүнийгээ нийтэд мэдээлэхдээ нэр ус зэргийг нь хэлэхгүй гэсэн үг. 

Учир нь тухайн өвдсөн хүний эрхийг хамгаалах үүднээс ил зарлалгүй, нууцалж буй бөлгөө. 

Сургуулиас ирэх мэссэж бүрт, энэ тухай анхааруулсан, хүүхэддээ ч мөн зөвөөр ойлгуулах тухай сануулсан үг өгүүлбэр байна.  

Дунд зулазага ч мөн ойрын хавьтал бус, шинжилгээ өгөх шаардлагагүй байсан, азаар. 

Хэрэв хоёр зулзага хоёулаа шинжилгээ өгөхөөр болсон бол гэж бодсон чинь...

За энэ амралтаар хань ижлийн нуруу илааршаад, жаахан уужуухан амьсгалах болтугай.

Ядаж байхад яр гэгчээр, хань ижлийн уруул болон хамар дээр яр гарчихсан. Миний уруул дээр ч мөн адил хомхой долоосон. Минийх ч бараг эдгэсэн л дээ. 

Энэ долоо хоногт явах ёстой байсан дугуйлангууд бүгд хойшилсан. Төгөлдөр хуур, зураг. Сагс угаасаа он гарснаас хойш бараг хичээллээгүй. Нэг л их завтай хүн болчихоод, дунд зулзага. 

Ямар сайндаа хүчээр англи үг цээжлүүлж байхав. 

За ихээ урт бичлэг болчихлоо. СБА шүү. 

Бүгдэд нь амжилт. Эрүүлийг эрхэмлээрэй. Түр баяртай.

4 件のコメント:

  1. Хааяа ингээд хамаг юм давхцдаг шүү.
    Даваад гараарай!

    返信削除
    返信
    1. Харин тийм ээ, давхцах юм даа. Тэгнэ ээ, аятайхан даваар гарахыг хичээнэ ээ. Баярлалаа.

      削除
  2. Эрүүл мэнд чухал шүү. Би яг ингээд нуруу өвдөөд гацаад хөдөлж болохгүй болсон ш дээ, өвчин намдаах эм, халуун оргидог тос түрх гэдэг. Халуун жин тавь, тэгж байгаад гайгүй болдог, зүү тавиулсан надад л лав нэмэр болоогүй.

    返信削除
    返信
    1. Тийм үү? Харин тос түрхээд л, илж таалаад л, эм ууж байгаа. Баярлалаа.

      削除