Энэ чинь одоо олон хоног блогоороо шагайгаагүй, бусдын блогийг ч орж уншаагүй явлаа.
Бичиж эхлэх үү дээ? Тийм ээ. Уншигч олон түмэн намайг санасан гэвэл л бичнэ, санаагүй гэвэл бичихгүй. Мэдэв үү? Хо хо.
8 сарын эхэнд нэг бичлэг оруулсан байна. Түүнээс хойш ямар үйл явдал боллоо?
Хамгийн том үйл явдал гэвэл о.зулзага жолооч болсон. Оюутан байхдаа ихэвчлэн жолоонд сууж жолооч болдог юм билээ. Жолооныхоо үндсэн хичээл, дром зэрэгтээ тэндээ суугаад, ур чадварынхаа шалгалтыг тэндээ өгсөн.
Харин бичгийн буюу дүрмийн шалгалтаа энд ирж өгсөн. Тэнцсэн. Тэр дороо үнэмлэхээ авсан. Хот дотор бага зэрэг жолоо барьсан. Хажууд нь суугаа би айгаастай, үглээстэй.
О.зулзага миний хажууд суухдаа наддаа үглээстэй. Хо хо. Машинаа ухарч зогсоох дасгал жаал хийсэн.
Буцсаныхаа дараахан машин түрээслээд, хаашаа ч билээ явчихаад ирсэн гэсэн. Ээ бурхан минь, төв газрын жолооч нар танхай гэж сонссон. Санаа зовох зүйл нэмэгдчихэв.
Бага сургууль эхэлсэн. Дунд зулзага сагснаасаа гарснаас хойш, сэтгэл санаа амар, хичээл номдоо ч шамдаж байна. 2 ч газраас шагнал авсан.
Бас баахан газар бүтээлээ өгсөн. Зарим нэгт нь шагналт байранд орох итгэл төгс байна лээ. Би ч дотроо "ишшш үр минь, хорвоо дэлхийд чадалтай хүмүүс их шүү дээ" гэж бодоостой. Ил дэмжээстэй. Хи хи.
Бага зулзага ааш гэж дийлдэхгүй, эрхийн балай нэг хүн өсч байна. Эрхлүүлж байгаа гол буруутан нь би гэсэн. Хайлж урсаад байгаа юм байх өө. За гайгүй ээ, жаахан томроодхог, тэгэхээр нь загнаад загнаад явчихна аа.
Тамирын өдөрлөг нь болж өндөрлөсөн. Дасгал сургуульлалтаа бараг хийгээгүй хүн чинь яах бол доо? гэж бодож байтал санасныг бодоход уйлж унжилгүй оролцсон. Гэм нь нэг багшаас тувт хөтлөлцөөстэй.
Биднийг харахаараа хальт дүүриймаадаж гараа даллаастай. Уйлж унжаад байгаа ганц нэг хүүхэдтэй харьцуулахад дажгүй шүү гэж бид тайвшраастай. Хэ хэ.
Бяцхан нийгмийн хүн болсны анхных нь тамирын өдөрлөг шүү дээ. Ээж аав 2 хэт яарч, хүүхдээ бүхнийг чаддаг байлгах гэж зүтгэхгүй байх нь чухал гэж өөртөө хэлээстэй.
Би яахав бахь байдгаараа. Ажлаа хийгээд, гэр бүлийнхээ гишүүдийн дунд эргэлдээд, ийш тийш нь зөөгөөд л. Гэм нь жин нэмээстэй. Хөл хүнд энэ тэр бол биш шүү. Горьдов оо. Хэ хэ.
Бодисын солилцоо муу байна уу? Бүү мэд. Хөдөлгөөний дутагдал бол бий, хүлээн зөвшөөрнө. Идэх юм бас хэвийн бус, хүлээн зөвшөөрнө. Ер нь амьдралын хэв маяг буруу байна, хүлээн зөвшөөрнө.
Амииндаа эрт унтах гэж оролдож байгаа. Элдэв амттан идэхээ багасгаж байгаа. Гэсэн ч нэг л биш байна...
Хань ижил ажлаа хийгээд л. Нуруу нь үе үе өвдөөд л. Монгол руу сэтгэл санаа нь яваастай. Учир нь хадам аавын бие жаахан тааруу, зун монгол явсан шалтгаан.
За энэ монгол дахь эмнэлэгийн байр байдал, хүмүүсийн анагаах ухаан, шинжлэх ухаанд хандах хандлага энэ тэр жаахан бухимдуулсан. Лам хар, бөө, сүүлдээ ч Сарандаваа гэх мэт.
"Зөвхөн монголд харж болно" гэдэг дүр зураг ихийг харсан гэсэн...
Намрын сэрүү ороод сайхан байна. Өглөө оройдоо даарч байна. Зузаан хувцаснуудаа гаргаж ирсэн.
Дараагийн бичлэгнээс зурагтай бичлэг оруулна аа.
Ямартай ч амьд мэндээ дуулгав. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿