Япон хэлээр нэг ийм ном уншиж байна. Жижигхэн, нимгэвтэр. Харин агуулга бол хачин том. Шунал хөдөлгөгч маань нүүрномдоо оруулсан байхаар нь номын сангаас зээллээ.
Зохиолч нь Сайто Такаши. Боловсрол судлаач.
Номын гол агуулга нь "унших чадвар"-тай болох тухай. Энэ чадварыг уншиж байж л өөртөө суулгана. Унших нь өөрийгөө бүтээнэ, өөрийгөө хөгжүүлнэ, өөрийгөө тэлнэ, өөрийгөө олно гэсэн үг.
Мөн ном унших нь тухайн номын зохиолчтой хоёулхнаа ярилцаж буй мэт, тухайн суут зохиолчийн мэдлэг, мэдээлэл, чадварыг ганцаарчлан асууж, өөртөө шингээнэ гэсэн үг юм гэжээ.
Хамгийн таалагдсан мөрт бол "УНШИХ ЧАДВАР БОЛ УЛС ОРНЫ ЧАДВАР ЮМ" гэсэн байв.
Багш хүн учир, их сургуулийн оюутнуудыг ажигласан тухайгаа бичсэн байсан. 100 ном уншсан болон уншаагүй оюутнуудын чадвар илт өөр байдаг гэнэ.
Энэ ч мэдээж тийм ээ? Адаглаад л ханз үсгээ уншиж чадаж байна уу? Лекцээ бүрэн дүүрэн ойлгож чадаж байна уу? гээд л.
"Ном бол дуртай нэг нь л уншдаг биш, хүн бүр зайлшгүй уншдаг байх ёстой зүйл юм".
Санал нэг байна өө. Боломж л гарвал уншдаг болоосой, уншаарай гэж би ч бас хэлмээр байна өө. Хэ хэ.
"Дан уран зохиолын ном унших нь хангалтгүй, дан уран зохиолын ном уншсанаараа та "унших чадвартай" гэвэл бас л учир дутагдалтай. Мэдээж уран зохиолын ном нь номонд дурлах, унших дуртай болох, номноос салахаа байх, уншихыг дадлаа болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ" гэжээ.
Санал нэг байна өө. Би ч багадаа дан уран зохиолын ном л уншлаг байсан. Өөрийгөө хөгжүүлэх ном, шинжлэх ухааны ном ховор байсан. Улаан хавтастай "Нэвтэрхий толь 1,2,3"-ыг л уншдаг байж.
Одооноос харин бусад төрлийн ном уншдаг болох гээд л байна. Хичээнэ ээ...
За Сайто гуайн хэлснээр бол "ном унших дуртай, ном унших чадвартай байх" гээч нь тус тусдаа ойлголт гэнэ шүү.
Мөн ямар ямар ном уншвал зүгээр тухай, ямар ямар чиглэлийн ном уншвал зүгээр тухай гээд жагсаалт байсан. Хараахан уншиж дуусаагүй тул дуусгаад, тэр жагсаалтыг нь бичиж оруулна аа.
Өөрөө ч би үе үе санаж, ганц нэгийг нь уншихыг хүснэ, зорино оо.
Оюутан залуус нь ном уншихаа байсан тухайд нэлээд шүүмжлэлтэй ханддаг юм байна. Үүнд бага, дунд, ахлах сургуулийн үүрэг хариуцлага хангалтгүй байна гэжээ.
Үнэний хувьтай гэж бодож байгаа. Яахав номын сан ихтэй, номын тоо олонтой улс орон хэдий ч багш нарын ачаалал ихэссэн, урдах хөтөлбөрөө цагт нь заах гэж хамаг хүчээ бардаг гэх мэт асуудал гарч ирээд.
Сүүлийн үед зохион бичлэг бичүүлэхгүй, ядаж амралтын өдрөөр өдрийн тэмдэглэл бичүүлдэг байсан нь ч больчихоод байна. Би энэ тухай хааяа багштай нь уулзахдаа хэлдэг. Даанч тийм даалгавар өгөхгүй л байна...
О.зулзагыг бага ангид байхад их уншуулдаг, их бичүүлдэг байж. Тэгээд л тэр байх, ахлах сургуульдаа япон хэлний хичээлийн дүн сургуульдаа толгой цохьдог, зарим нэг тест нь тувт нэгт жагсдаг байсан.
Заримдаа их өнөөх минь өөрөө хөөрчихсөн л ярьдаг байсан. "Химийн сонгоны би япон хэлэнд нэгт жагсав, хэлний сонгоныхон хаачив?" гэж мэгээд наддаа томорчихно оо. Гадагшаа бол даруухан загнана. Хэ хэ.
Мөн дунд сургууль, ахлах сургуульд байхдаа мужийн хэмжээний, улсын хэмжээний уншсан номын тэмдэглэлийн уралдаанд түрүүлж, шагналт байранд шалгардаг байсан.
Би хувьдаа үүнийг нь уншдаг байсны л ач гавъяа гэж боддог. Ээж бас хамт их уншдаг байсан, охиныхоо уншдаг номноос нь сонирхолтой санагдсан, уншихад амар гэснээс нь түүж.
Дунд зулзагын санал болгосон номноос хааяа уншдаг л юм. Гэхдээ тоотой цөөхөн, энэ алдаагаа засмаар байна. Хамтдаа уншмаар байна. Бага зулзагатайгаа ноцолдсоор байтал...
Дээр бичсэн 100 ном унших гэж байсан даа. Тэр нь хугацаатай шүү. Түүнээс амьдралынхаа турш 100 ном гэвэл дэндүү цөөхөн тийм үү? Энд лав хүүхдүүд бага ангид байхдаа л нэг жилд 100 ном өлхөн уншчихдаг юм билээ.Сүүлийн үед харин айпад энэ тэр гарч ирээд ном унших нь цөөрсөн, харамсалтай.
Дунд анги, ахлах анги, их сургуульд сурч байх хугацааныхаа 4 жилд 100 ном унших гэж байна шүү. Ингэхдээ мэдээж дан уран зохиол уншихгүй гэсэн тийм ээ?
Нэлээд оюун ухаан шаардсан, гүн гүнзгий ойлголтыг өгөхөөр номнууд байх нь чухал. Төрөл бүрийн сэдвээр л уншдаг байх хэрэгтэй гэнэ. Ямар ямар сэдвээр уншвал зүгээр? Ямар ямар ном уншвал зүгээр гэсэн жагсаалт зэргийн талаар дараагийн дугаарт бичнэ ээ.
Ооё, дараагийн дугаар гэчихэж ээ. Хи хи.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿