2023年1月22日日曜日

Унших чадвар 2

Унших чадвараа сайжруулна аа. Хэ хэ.  Иймэрхүү "мундаг" хүмүүсийн хэлсэн ярьсан, ном зэргийг уншихаар өөрийгөө асар голох юм тийм ээ? 

"Ад үзэгдэх зориг"-оор бол өөрийгөө хүлээн зөвшөөрч сурах тийм үү? Өөрийгөө яасан гэж голоод байгаа юм чи? Юу дутагдаад байгаа юм чамд? Хо хо. 

Би нээрээ гоё ном унших газар олсон. Манай ажлын байрны 2 дугаар давхарт байрладаг. Мужийн хүний эрхийн асуудлыг хариуцаж ажилладаг газар. Яг ямар үйл ажиллагаа явуулдгийг одоогоор сайн мэдээгүй. 

Ямартай ч ороод ном уншаад сууж болно. Уух юмаар үнэгүй үйлчилнэ. Ном зээлж болдог. 

Цайныхаа цагаар хааяа орж үйлчлүүлж байгаа. Үнэгүй боргол нь ч хаа юм. Хи хи. 

Сайто багш өөр юу гэж бичсэн байсан бэ? гэвэл: 

Хүүхэддээ багаас нь ном сайн уншиж өгөх. Чанга дуугаар ном уншиж өгөх нь их чухал. Хүүхдийн хэл яриа, өгүүлбэрээр ярих зэрэгт асар өндөр үүрэгтэй. 

Энэ хэсгийг уншиж сууснаа шууд, номоо орхиод бага зулзагатаа баахан ном уншиж өгсөн. Хи хи. Номын сангаас зээлсэн хэд хэдэн том ном. 2 ширхэг үлэг гүрвэлийн тухай ном. Бумбардай цувралын эхний хоёр номыг. Бусад нь угаасаа байхгүй л дээ. Цуглуулна гэж байснаа өөртөө л баахан ном цуглуулчихсан. Хэ хэ. 

"Номыг аль болох худалдаж авч унших. Номын сангаас зээлэлгүй, худалдааж аваад өөрийн болгоод, 3 өнгийн бал, наадаг цаас гэх мэтийг ашиглан чухал хэсгээ тэмдэглэх, наах".

"Уншсан номын агуулгыг найз нөхөддөө утгыг нь, үйл явдлыг нь ярьж өгөх. Хэрэв тийм бололцоогүй бол бичиж тэмдэглэх".

Дээрх 2 арга нь уншсан номоо мартагүй байх, тогтоох, цаашлаад цагаа хэмнэх шилдэг арга гэнэ шүү.

За тэгээд ном уншихын ач тусыг их бичжээ. Жишээ нь өөрөөсөө хэцүү орчинд байгаа, өөрөөсөө хэцүү нөхцөлд байгаа, өөрөөсөө хэцүү бэрхшээлтэй, зовлонтой тулгарсан хүмүүсийн тухай уншаад, бага зэрэг тайвшрах, зориг тэвчээр хэрэгтэйг мэдэх гэх мэт. 

Бас нэг гоё нь өөрийн гэсэн номын тавиуртай болох. Түүнийгээ үе үе харж баясах гэжээ. Үүнд би их олзуурхсан. Учир нь надад зөвхөн монгол номнуудаа өрдөг бүхэл бүтэн номын тавуир бий. Хааяа нэг харахад аяа бас таатай шүү дээ. Сэтгэлийн таашаал эдэлдэг. Хо  хо.

Харин нэг жижигхэн буланд нь бурхан, хадаг, судар гэх мэт байдаг. Энэ булангийн эд зүйлсийг л нэммээргүй санагддаг. Гэм нь яаж ийгээд монголоос элдэв зүйлс ирчих гээд байдаг...

Япон ном, толь бичгүүдийн тавиур тусдаа. Зулзагуудын нэг номын тавиурын хэд хэдэн буланг "зээлддэг". Дунд зулзага нэг бүхэл бүтэн номын тавиур эзэгнэдэг. О.зулзага ашигладаг байсан. Эгчийнх нь номнууд бас гэхдээ өрөөстэй байгаа юм байна. Томроод унших байх... 

Би ч уншмаар байдаг, яаж ийгээд өөр ном гарч ирээд байдаг болохоос...

Номын тавиуртаа номоо хэрхэн өрж тавих нь их чухал гэнэ шүү. Мэдээж үүнд хавтас чухал үүрэгтэй. Мөн номнуудаа хооронд нь ямар  нэг байдлаар авцалдуулж, холбож өрж тавих зүгээр байдаг гэнэ. 

Мөн номноос хэн нэгэн шилдэг хүнийг өөрийн mentor болгоход чухал үүрэгтэй. Хүн гээч нь хэн нэгнийг үлгэр дуурайллаа болгон хүмүүждэг, хөгждөг... Үүнд нь номонд гарч буй шилдэг дүр, шилдэг хэн нэгэн их тус болдог.

Үе үе ном уншдаг газраа сольж байх. Гадаа уншсан ном сүүлд санах нь ээ сэтгэлд их тод үлддэг. Голын эрэг дээр зүлгэн дээр ном уншмаар санагдаад байдаг юм, дан тэрлэгтэй, толгойдоо тууз уясан байгаагаар төсөөлөөд...

Аялалаар явахдаа тухайн газрын, тухайн орон нутгаас гаралтай, тэнд төрж өссөн зохиолчийн бүтээлээс унших дуртай гэнэ шүү. Учир нь төрж өссөг газрын онцлог бүтээлд нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Түүнийг нь мэдэрч уншихад сэтгэлд тод үлдэх нь их...

За тэгээд номыг, уншихыг амьдралынхаа нэгэн хэсэг болгох хэрэгтэй. Хөгжимтэй хослуулж уншвал бас зүгээр байж болох. Мэдээж намуун зөөлөн, сонгодог гэх мэт.

Нэг л төрлийн биш, нэг л сэдвээр биш, нэг л зохиолчийн биш, олон төрлөөр, олон сэдвээр, олон зохиолчийн ном, бүтээл унших. Ингэх нь нэг үзэл санаанд хэт автахгүй байх, олон талын мэдлэг, мэдээлэлтэй болоход тустай.

Чанга дуугаар унших бас их зүгээр. Гэснээс би хааяа ингэж нүдээрээ гүйлгэж биш, авиа гаргаж уншдаг. Ялангуяа япон хэл дээрх номыг. Тэгвэл заримдаа толгойд илүү үлдээд байгаа юм шиг санагддаг. Тэр ханз, тэр өвөрмөц хэлцүүд гэх мэт нь. 

Мөн өөрийн эрхгүй уйлуулдаг ном сонгсож унших гэсэн байсан. 

Гэснээс би ном уншаад уйлсан минь Д.Норов гуайн "Мөнхийн дуудлага" тууж. "Зүрхэнд шивнэсэн үг" гэдэг кино байдаг даа. Тэр киноны эх нь шүү дээ. 

Өмнө нь киног нь үзсэн байсан ч саяхан "Тэжээвэр" номонд орсон байсан "Мөнхийн дуудлага"-ыг уншаад бас л уйлсан. "Мөн ч их хүлээсэн дээ гэж ээж хэлээрэй гэсэн" гэж бяцхан охин хэлдэг төгсгөлийн хэсэг байдаг даа. Ааяа бас л өөрийн эрхгүй уйлуулдаг тийм ээ? 

Зохиолыг нь заавал уншаарай гэж санал болгох байна...

За тэгээд энэ номын гол санаа, зохиолчийн бидэнд хэлэх гэсэн гол зүйл бол тэвчээр ухаан шаардсан шилдэг гэсэн номуудыг уншиж байж л та "унших чадвар"-тай болно. 

Би ч одооноос жаахан өөр төрлийн ном бас уншихыг хичээнэ ээ. Зулзагуудад зориулсан ном бол уншчихаад байгаа. Хэ хэ. 

Хойшид жаахан философилог зохиол, санхүүгийн чиглэлийн ном, улс төрийн сэдэв гэх мэт. Мөн шинжлэх ухааныг ч гэсэн сонирхон унших...

Гэснээс өнөөдөр надад 7 ном ирнэ. Ямар ямар ном ирсэн тухай зураг үзүүлнэ ээ. Хэ хэ. 

За түр баяртай. Бүгдэд нь уншихад нь, зулзагуудаа уншиж сургахад нь амжилт хүсье. 2023 оныг унших чадвар эзэмших жил болгоцгооё...

0 件のコメント:

コメントを投稿