2023年3月26日日曜日

Гүйгээд л 4

За энэ хагас бүтэн сайнгүй ажиллах ч цаанаасаа нэг ядардаг юм байна шүү. 3 сар л гүрийчихвэл гэж бодож байсан чинь, 4 сарын эхний хэдэн өдөр ажиллах болчихсон. 

Мөнгөнд хайртай, тэрбумтан болох гэж байгаа хүн чинь гар хөлөө зэрэг өргөөд л ажиллая аа гэчихсэн. Гайгүй байгаа, хавар цагийг ч хэлэх үү? Сунаад өгөх вий? Блогийн бичвэрийн зай холдоод унах вий... Хи хи. 

Мэдээж өдөр бүр ажиллахгүй ээ, ажлын өдөр дунд нь заавал нэг өдөр амарч байгаа. Хуулиндаа тийм заалттай гэсэн шүү. 

Гол нь би тэр өдрөө бүтэн амарч чадаж байна уу? гэхээр асуудалтай. Төгсөлт, худалдаа, гэр орны ажил...

Мөн өнөөхийн чинь хаврын синдром эхлээд дараагийн номнуудаа худалдаж авах уу? Болих уу? Мөнгөө цуглуулах уу? Яах уу? гэж өдрийн бодол шөнийн зүүд. 

Учир нь нэг таньдаг хүн монгол яваад ирэх гэж байгаа юм аа. Суугуул мужийн нэгэн хотын хүн. Алтан боломжийг алдаж боломгүй санагдаад. Цөөн хэдэн ч болтугай ном нааш нь дайчих юмсан гэж бодогдоод. 

Интерномын онлайн худалдааны сагсандаа 10-д ном хийчихсэн байвал яах уу? Энэ яг хаврын синдром байгаа биз дээ? Орчуулгын номнуудыг нь хасаад хасаад тэр шүү дээ. 

Ганц нэг л орчуулгын ном үлдээсэн. Бусад орчуулгын номыг эндээс япон хэлээр уншчих санаатай, хэл ус сайтай хүн чинь. Ха ха. 

Бага зулзага харин жаахан эрхлээд байна. Өмнө нь хөөрхөн үлдчихдэг байсан хүн чинь одоо учиргүй дагаж маяглаад. Усан нүдлээд...

Уг нь одоо нэг нас нэмчихсэн, 4 сараас анги дэвшинэ гээд томроод л байх шиг байх юм. Хань ижлийн хэлдгээр ээж эрхлүүлээд, ийм болгоод байна гэдэг нь л болж байх шиг. 

Хүүе, ажил ажил гэж гүйж байгаад хаврын ганц дурсгал болох "сакүра"-дахаа мартах гэж байна. Эгч сануулаад л байсан, "такояки (octopus dumplings)идмээр байна гэж. Сакүра чухал биш, идэх юм л чухал байх шиг...

Хаврын амралт эхэлчихсэн. Эхэлчихсэн ч гэж дээ, бага сургуулиа төгсчихсөн хүн чинь сургуулиас өгсөн гэрийн даалгаврыг хийсэн шиг. Дундуур нь баахан ном уншаастай. 

Үе үе үглүүлж байж гэрийн ажилд туслана. Дүүгээ элдэвлэж өднө, уйлуулна, хэрэлдэнэ. О.зулзага таг чиг байна, ойрд. Таг чиг байвал сайны шинж гэдэг юм билээ. Би ч гүрийж байгаа. Ха ха. 

Сакүрадах гэсэн хань ижил эзгүй. Ер нь жилээс жилд нэг тийм эзгүй байж таардаг. Ажил ихтэй, бүр олон хоногийн өмнөөс хошуугаа цорвойлгож байж хааяа нэг шөнийн сакүра харж баясдаг л юм. 

Гэснээс хань ижил эзгүй байх бас л эвгүй юм. Дээр үед нэг савангийн дууриас сонссон үг ер нь үнэн юм. "Эрэгтэй хүн бэлэгдлийн чанартай ч хамаагүй, гэрт байх хэрэгтэй юм" гэж. Ха ха. 

Арай хэтрүүлчихсэн үү. Хо хо. Ер нь энэ японд эр нөхөр, аав гэдэг хүмүүс жаахан нэр хүнд муутай, ээжүүд бол баздаг нь их юм шиг байна лээ. Мэдээж бүгд биш шүү...

"Эр нөхөр чинь эзгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ" гэж юутай үнэн үг вэ. Бага зулзага л уйдаж байх шиг байна. Утсаар ярихаараа "Яагаад харьж ирэхгүй байгаа юм?" гэж асуудаг. Эгдүүтэй.

Өө тийм, удахгүй баахан татварын бичиг ирнэ. Төлдөг л байх даа, одоо. Мөн дунд сургуулийн бэлтгэл гээд ажил их байна аа. Цэцэрлэг нэг их сүртэй зүйл бэлдэхгүй байх.

Шинээр худалдаж авах юм байхгүй. Амар. Эцэг эхэд санхүүгийн дарамт харьцангуй бага байдагт нь баярлана өө. Эндхийн боловсролын салбарын нэг сайхан нь илүү дутуу зардал мөнгө нэхээд байхгүй...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт, хайрыг хүсье.

0 件のコメント:

コメントを投稿