2023年3月28日火曜日

Өчигдөр

За "Өчигдөр" номоо уншлаа. Хорхойсож хорхойсож, монголоосоо авсан өдрөөс л цүнхэлж явсан. 

Аяа хорвоо, бас л зоригтой өвөрмөц бичих юм аа. Бичжээ. Өмнөх гурван ном ч бас нэг тийм таамаг, нэг тийм зэвүүн, нэг тийм харгис, нэг тийм хурц, нэг тийм хэрцгий, нэг тийм өрөвдмөөр...

4 сард бидний хэдэн бүсгүйчүүд Агота Кристофын 5 номын тухай ярилцана. Хэдэн жилийн өмнө уншсан "зэвүүн" гурван цувралаа нэг гаргаж ирж гялс уншина аа. 

Өнөөдрийн өндөрлөгөөс арай өөрөөр уншигдах байх...

Өөрийнх нь хэлснээр эх хэлээрээ бичсэн бол энэ байтугай зохиол бичих байсан байх. Гэхдээ бас өөрөө дүрвэж, хэцүү ширүүн зүйл амсаагүй бол ийм зэвүүн зохиол төрж гарах байсан болов уу ч гэж бодох...

Зохиолынх нь баатрууд бага насандаа их хэцүүг туулсан байх юм. Дайн, өлөн зэлмүүн амьдрал, түүний хор хөнөөлийг амсах жаалууд, багачууд, эмэгтэйчүүд...

Эмэгтэйчүүдийн үзэсгэлэнт төгөлдөр дүр гарахгүй, хүүхдүүдийн дүр цаанаасаа нэг тийм зэвүүн, хэрсүү, наснаасаа эрт насанд хүрчихсэн дүр, эрчүүд нь нэг тийм хийцгүйрсэн дүрүүд ихтэй.  

Номын төгсгөлд хоёр монгол залуугийн харилцан захидал харин их сонирхолтой санагдсан. Хүүе энэ хүмүүс чинь ямар сүрхий задлан шинжилж уншдаг юм бэ? гэж бишрэв. 

Миний бие одооноос л ингэж бодож, тунгааж уншдаг болох гээд үзэж тарж л байна. Гэхдээ би өөрөө яриандаа жаахан тааруу, сайн бэлдэж, сайн задалж чадаагүй гэсэн үг. 

Гол нь ярих зүйлээ маш сайн бичиж тэмдэглэж завдахгүй байгаа юм. Бусад бүсгүйчүүдийнхээ ярихыг сонсоод бас л "хөөх" гэж сонсон суудаг. 

"Бичиг үсэггүй хүн" номыг нь би их таалсан юм. Орчуулагч нь яагаав, шунал хөдөлгөгч маань. Бас л өвөрмөц зохиолыг айлгүй барьж аваад орчуулчихдаг их эд ээ. Би бол ийм зохиолыг манайхан яавч таалж уншихгүй гээд орчуулахгүй ээ. Хэ хэ.

Тэгэхээр зохиолчоосоо ч илүү зоригтой юу, айн?...

За тэгээд орчуулагдаж хэвлэгдээд удаагүй номыг үтэр түргэн олж уншсан өөрийгөө урамшуулаад, түр баяртай. 

Бүгдэд нь амжилт, хайр, мөнгө хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿