2023年3月25日土曜日

Жаргалтай болох зориг

Өнгөрсөн зун бэлгэнд авсан номын минь нэг. Уншиж амжихгүй явсаар, бага багаар нь, биш ээ нэг нэгээр нь уншиж л байна. "Өчигдөр" ном урдуур оочер дайрах гээд цүнхэнд яваад байна. 

Би ч овоо гүрийж байна. Хэ хэ. Эхэлчихснээр нь энэ номоо дуусгачих санаатай зүтгээд байна. Хажуугаар нь тэрбумтан болох тухай номоо уншаастай. Энэ тухай бичих эсэхээ шийдээгүй, зөвхөн өөртөө үлдээх үү, хуваалцах уу? Хо хо. 

Аяа бас л Адлер гэж айхтар хүн байжээ. Эхэндээ залуугийн талд орж уншина. Номын төгсгөлд Адлерийн талд яваад орчихно. Хэ хэ. 

"Ад үзэгдэх зориг" номноос бас л овоо хэдэн зүйл мэдэж авч байсан. Миний талаар хүмүүс юу гэж бодох нь миний асуудал биш. Тэдний л асуудал. Энэ их аятайхан санагдсан. Хэ хэ. 

Цахим ертөнцдөө идэвхитэй, элдэв зүйл бурж байдаг болохоор хааяа санаа зовдог байснаа, одоо бол би өөрөө л хүсэн, бичиж, оруулж байгаа тул хэнд хамаа байна гэж бодож энэ тэр. Ха ха. 

Гэхдээ байна шүү, эдгээр номнуудыг их ойрхон байлгаж, үе үе сөхөж харж байх зүгээр. Би одоохондоо тэгж амжихгүй л байна. Зулзагууд жаахан томроод гараас гарахаар өөрийн дуртай зүйлдээ цаг нарыг харамгүй зарцуулдаг болох байгаа...

Агуулгыг нь бичих илүүц биз ээ? Хамгийн сонирхолтой нь "Буруу үйлдлийг хийж буй цаад зорилгыг 5 үе шатанд хувааж үздэг нь. 

Уншиж байхдаа зулзагуудынхаа үйлдэж байсан, үйлддэг "буруу үйлдлийг" бодож үзэв. Хэт гүнзгийрэхээс нь өмнө л шийдэж байхгүй бол гэж бодогдов. 

1 дэх үе шат: Магтаал хүсэх.

2 дахь үе шат: Анхааралд өртөхийг хүсэх.

3 дахь үе шат: Эрх мэдлийн тулаан.

4 дэх үе шат: Өшөө авалт. 

5 дахь үе шат: Чадваргүйгээ батлахаар зүтгэх. 

3 дахь үе шатнаас дээшээ нэлээд хүнд тал руугаа гэж байна. Мэдээж номонд шат тус бүрийг дэлгэрэнгүй бичсэн. Сонирхвол олж уншина биз ээ. 

Мөн "итгэлцүүр", "итгэл" хоёрын тухай тайлбарлан таниулсан байна лээ. Ай хорвоо гэж, уншаад үзэхээр биелүүлж болмоор ч юм шиг, бодит амьдралд бол залуугийн хэлдгээр бүтэшгүй мэт...

"Итгэх, хайрлахыг өөрөөсөө эхэл, хүнээс бүү хүлээ" гэсэн ерөнхий санаа явна. Чи эхлүүлэхгүй бол хэзээ ч биелэхгүй, цаад хүн чинь чамд итгэхгүй, хайрлахгүй байж болно. Чи л нөхцөлгүйгээр итгэ, хайрла...

Айдас халддаг, зориг халддаг. Хүндлэл ч бас бусдад халддаг.

Чадах болов уу, би? 

Философийн тухай уншсан чинь 10 жилийн нийгмийн хичээл л санагдаад. Нэг тийм хатуу багш эмэгтэй багш ордог байж билээ. Түүхийн хичээлийг мөн заадаг байсан.

Тухайн үед их сургуулийн конкурсны шалгалтанд нийгмийн шалгалтандаа хамгийн өндөр оноо авч билээ. Тухайн багшийн нөлөө их байсан байх гэж талархдаг.

Гэснээс энэ номны япон эх нь байгаа, номын тавиурт минь өрөөстэй. Ажлын газрын хүүхэн, эхний ботийн хамт бэлэглэсэн. Бэлэглэсэн ч гэж дээ, би монголоор авахад цаг хугацаа шаардагдах гээд байсан тул зээлж авч уншаад, удаасан. 

Тэгсэн за за бэлэглэе" гэсэн. Алгаа ташаад л, алгаа тосоод л авчихсан.

 Харьцуулж унших гэдэг "үлгэр"-ээ ирээдүйд хэрэгжүүлнэ дээ. Бодож явахад бүтэх байгаа.  

Нэг хэсэг япон эх хувиуд нь ширээн дээр хөглөрөхөд зулзага олж харсан бололтой, саяхан 

-Ээж, манайд Ад үзэгдэх зориг байсан тийм ээ? 

-Тийм, байгаа. 

-Зээлж авлаа шүү...

Дуустал нь уншаагүй байх, арай ахадсан байх. Ганц хоёр жилийн дараа дахин сөхөн харах биз? Хамгийн чухал нь Адлер гэдэг нэр тогтоож авсан байсан. Саяхан бас нэрийг нь яриан дундаа хэлж байсан...

Ингээд л уншаад байх тусам унших юмсан гэсэн ном их гарч ирэх юм. Та нарт бас тэгж байна уу? Саяхан монголоос ирсэн 8 номоо, оны эхээр авсан 7 номоо гээд л уншмаар байх юм. Хэ хэ. 

Тэгсэн би амжихгүй, гүйгээд л байгаа хэрнээ...

"Би-гээр ангиржснаар бие даана" гэж байна шүү. Мөн "бие даах бол "хувиа хичээхээс ангижрах" явдал юм". 

Ингээд л үг бүрчлэн анхаарал хандуулж уншвал аяа бас л "Цаг үеэсээ 100 жилээр түрүүлэн алхсан гүн сэтгэгч Алфред Адлер" гэдэг үгийг ойлгох шиг л болно. 

За тэгээд нэг нэг алхмаар урагшилж өөрсдийн замналаа бүтээцгээе.

Түр баяртай, бүгдэд нь амжилт, хайрыг хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿