2023年5月31日水曜日

10 насандаа хийх 17 зүйл үргэлжлэл 2

Шууд эхлэнэ. 

3. Хорвоо ертөнцийн жам ёс, эцэг эхийн ярьж хэлж буйг нэг удаадаа эргэлзэн, тээнэглэзэн хүлээж авах. 

Юу ч боддоггүй хүмүүс дийлэнх хувийг эзэлдэг. Жишээ нь найзаас чинь захидлын хариу ирдэггүй, дугуйлангийн чинь холбоо харилцаа муу байх, амлалтаасаа биелүүлэхгүй байгаа нөхдийг хараад чи "энэ одоо юу бодож явдаг нөхөр вэ?" гэж боддог л биз дээ? 

Томчуудын хувьд ч энэ асуудал байж л байдаг. Найз нөхөд, ажлын хамтрагч, дарга, цэрэг, үйлчлүүлэгч гэх мэт хүмүүстэй харьцаж байхад "энэ хүн ер нь юу бодож байдаг байна аа?" гэж бодох явдал өдөрт дор хаяж 10 удаа гардаг. 

Ийм тохиодолд би "энэ хүн юу ч боддоггүй л хүн байна даа" гэж боддог болсон. Яагаад гэвэл үнэхээрийн хүмүүс юу ч бодолгүй, ямар ч бодолгүй л амьдарч байдаг. 

Ихэнх хүмүүс зөвхөн хариу үйлдлээр л амьдарч байдаг. Сэрүүлгийн дуунаар сэрж, ажилдаа явах, сургуульдаа явах, хийхгүй бол болохгүй дээ гэсэн зүйлээ л хийдэг. Алдвал уучлал хүсдэг, амжилттай байвал баярладаг, амжилтгүй байвал сэтгэлээр унадаг, аятайхан, хөөрхөн гэсэн хүн лүүгээ дөхдөг, үгүй гэж хэлэхээр сэтгэлээр унадаг, дотносхоороо баярладаг гэх мэт. 

Гэрлээд хүүхэдтэй болно, хүүхэд нь уйлахаар ядаргаатай юм гэж бодно, инээхээр нь өхөөрдөнө, өдөр хоногийг яаж ийгээд нэг юм өнгөрөөнө. Энэ бол өнөөгийн чиний гэр бүл. Ингэж л ихэнх хүмүүс амь зуудаг. 

Чи бодож, тунгааж амьдардаг уу? Эсвэл эргэн тойронд чинь болж буй зүйлд хариу өгөх гэж л амьдардаг уу? 

Энэ мэт боддоггүй хүмүүсийн дунд ганц нэг боддог хүмүүс амжилтанд хүрдэг. Ердөө 5-хан хувь нь л. 

Жишээлбэл бизнес эрхэлдэг бол "ийм үйлчилгээ байвал зүгээр юм даа" гэж бодон түүнийгээ хэрэгжүүлдэг хүн. 

Хайр дурлалд ч мөн адил. Найз охин минь ингэж бодох байсан даа, найз залуу минь ингэж бодох байсан даа гэж санаа тавьдаг хүн.

Хүмүүс хоорондын харилцаанд ч мөн адил. Ингээд хэлчихвэл гомдчихно доо, ингэж хэлбэл баярлана даа гэх мэт тунгаан бодож үйлдэл хийдэг хүн бусдыг өөртөө татдаг. 

Юу ч боддоггүй хүмүүстэй хэрхэн харьцах вэ? Тэдгээр хүмүүс нь нүдээ боочихоод л газраа онож ядан алхаж буй хүмүүс юм гэдгийг мэддэг байх. Тэгээд гэнэт мөргөлдвөл уурлалгүйгээр тэдний амьдрал ч хэцүү байгаа даа гэж бодох. 

Тэдний төлөө өөрийн сэтгэлийн амар амгалангаа алдах шаардлагагүй билээ. 

Хүмүүсийн 90 хувь нь эргэлзэнгээ амьдарч байдаг. Миний бие 40-өөд ном бичсэн. Тэдгээрийг уншсан хүмүүсээс ирдэг захидалд "өөрийн амьдралдаа би яг юу хийх гэж байгаагаа мэддэггүй" гэж бичсэн байдаг. 

Насны хувьд 20, 30, 40, 50, 60 настангууд. 10 хэдэн настай чиний өнцгөөс харахад томчууд улам л ухаантай болдог гэж бодож байгаа байх. Томчуудын амьдрал ч үнэндээ хэцүү, ажил, гэр бүл, мөнгө, хайр дурлал, хүүхэд өсгөх гээд л хийх зүйл асар их. 

Үнэхээр гүйлгээ ухаан сайтай бол чи өөрийн эргэн тойрны хүмүүсээ ажиглаж л байгаа байх. Өөрийн ээц аавыг оролцуулаад ихэнх нь буюу 90 хувь нь эргэлзэнгээ амьдардаг. Дараагийн 5 хувь нь "би зүгээр" гэж андуурдаг. Үлдсэн 5-хан хувь нь үнэхээрийн аз жаргалтай амьдардаг. 

Ажилдаа эргэлзэнэ, хайр дурлалд эргэлзэнэ, мөнгөнд эргэлзэнэ гэх мэт. Эргэлзээд байх юу байна аа, ажлаа солиход л болох юм биш үү гэж бодож магад. Гэхдээ томчуудын нийгэмд энэ нь бас л тийм амархан чадах зүйл биш. Яагаад гэвэл энэ нийгэм тийм төгс төгөлдөр бус.

Томчуудыг сайн ажиглах хэрэгтэй. Хэрэв юу ч бодолгүй амьдрах юм бол ийм болох нь гэдэг жишээ олныг цуглуулцгаая. Энэ бол энэ насны онцгой эрх юм. 

Хичээх л юм бол яаж ийгээд л болно доо гэдэг зүйл томчуудын ертөнцөд тийм ч  амар зүйл биш. Ажилдаа маш их хичээж зүтгэл гаргахаас илүүтэйгээр, олны итгэлийг олсон, олонд хүндлэгдсэн, олонд дэмжигдсэн хүн л амжилтанд хүрдэг гэдгийг мэддэг байх. 

Тэгвэл хичээхгүй байхад л болох юм биш үү гэж бодвол бас л эндүүрэл. Үлгэн салган ажиллах бус, өөрийн ажилдаа чин үнэнчээр зүтгэж буй хүнийг эргэн тойрон нь дэмжих сэдэл төрдөг. 

Мэдээж томчууд хичээж ажилладаг. Өөрийн ээж ааваа ажиглаад үзээрэй. Гэртээ юу ч хийхгүй, идэвхигүй байвал тэр чинь гэрээс гараад гадаад ертөнцөд маш их, бүр ядартлаа хичээжээ гэсэн үг. 

4. Аз жаргалтай, гайхалтай томчуудтай уулзаж танилцах. 

Хүний амьдрал ямар хүнтэй уулзаж танилцах, нөхөрлөхөөс ихээхэн хамааралтай. Жишээ нь хүн залилан байж мөнгө олдог хүнээр хүрээлүүлбэл тун удалгүй чи ч бас тийм л хүн болно. 

Хүн баяруулангаа ажилладаг бол хүн баярлахад баярладаг хүн болж, амжилтанд хүрэх нь элбэг. Хайраар дүүрэн хүмүүстэй хамтардаг бол мөн л хайр түгээсэн хүн болно. 

10, 20 насандаа ямар хүнтэй уулзаж нөхөрлөнө, тэднийхээ нөлөөнд маш амархан аввдаг. Маш амжилттай яваа хүнтэй учирвал юмыг яаж мэдэхэв амжилтанд хүрнэ, муу хүнтэй таарвал бас л нөлөөлөл нь муу уршигтай. 

Ямар хүн болмоор байна? Хүндэтгэл хүлээх хүнээ олж уулзах, ярилцах, нөхөрлөх. 

Ингэхдээ томчууд дунд ч аз жаргалтай хүн, аз жаргалгүй хүн байдгийг мэддэг байх. 

Аз жаргалтай гэгдэх томчуудын 3 болзол, нөхцөл. 1. Өөрийн хамгийн дуртай зүйлээ өдөр тутамдаа хийж буй хүн. 2. Хүмүүстэй найрсаг, сайхан харилцаатай байдаг хүн. 3. Өөрийгөө хэн бэ? гэдгийг мэддэг хүн. 

Мөн амжилттай яваа, аз жаргалтай хүмүүсийг хэрхэн олж уулзах вэ? Ядаж сардаа нэг удаа сайн дурын ажилд оролцох. Захидал бичих. Мэдээж тэр дороо хариу ирэхгүй нь ойлгомжтой. 

Ямартай ч энэ тухай өөрөө сайтар тунгааж бодож, эрэлхийлэх хэрэгтэй. Энэ аргыг өөрт чинь үлдээлээ. Нэг ёсондоо даалгавар...

5. 10 хэдэн настайдаа ээж аав чинь ямар байсныг төсөөлөх.

Чи яг одоо өөрийн ээж аавын үглээ, мөнгөний талаарх бодол, үйлдэл, биеийн галбир гээд л ямар нэгэн юманд нь сэтгэл дундуур байж магад. Энэ бол угийн та нарын дайраад гардаг жам. 

Гэхдээ ээж аавд чинь гэсэн 10 хэдтэй явсан үе бий гэж бодож үзсэн үү? Төсөөлөөд үздээ. Мөн асуугаад үз, ямар хүүхэд байсан тухай нь. Хамгийн ойрын жишээ шүү дээ. 

Хэрэв чи ээж аавдаа уур чинь хүрээд, эсэргүүцээд байвал чиний өөрийн дотор төстэй зан чанар байгаад, чи түүнийг хүлээж авмааргүй санагдаад байна аа гэсэн үг. 

Хэрэв тийм биш байсан бол "аан, иймэрхүү хүмүүс байдаг тэ" гэж бодоод л өнгөрөх байсан. 

Ээж аавынхаа хүүхэд насны тухай сонсоод хачин санагдаж магад. Гэхдээ л шантралгүй хойшид өөрөө яах ёстойгоо, юу хийх ёстойгоо тунгааж бодож болох юм. 

Удмын ген гээч зүйл чамд ч өвлөгдсөн учраас, хэрэв ээж аавын зан чанар таалагдахгүй бол чи өөрийн зуршлаа өөрчлөх, нэг бол авъяасаа хөгжүүлэх хэрэгтэй. 

Ээж аавынхаа багын мөрөөдлийг асууж үзэх. Юу бодож, ямар бэрхшээл тулгарч, бэрхшээлийг хэрхэн даван туулсан, мөрөөдөл нь биелсэн эсэх зэргийг нь асуух. 

Энэ мэт яриануудаас өөрийн явах зам, хийх ёстой зүйлээ тунгаан бодох хэрэгтэй. 

Мөн ээж аавынхаа сул тал, сайн чанарыг судалж үзэх. Өөрийн мэдэлгүй тэр сайн муу чанаруудыг нь чи дуурайх, өвлөсөн байж магад шүү дээ. Тэд аз жаргалтай байна уу? Тэдэнд сайн найз нөхөд байна уу? Тэдний мөнгөнд хандах хандлага гээд л...

Сайн муу чанарыг нь байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадвал чиний сэтгэл санаа ч амар, амьдрал амгалан тайван болно.

6. Дуртай зүйл, дургүй зүйлээ ялгаж салгаж, мэддэг болох.

Аз жаргалтай амьдарахын нэг үндэс бол өөрийн юунд дуртай, юунд дургүйг мэддэг байх. 

Хүмүүсийн 90 хувь нь эргэлздэг гэсэн дээ. Үнэндээ тэд багадаа дуртай зүйл дургүй зүйлээ мэдэж аваагүйгээс болсон гэж боддог. Японы боловсролд дургүй зүйлдээ аль болох дуртай бол гэж заадаг. Японы соёлын нэгэн өвөрмөц ухагдахуун. 

Дургүй зүйлдээ дуртай болно гэдэг нь дуртай зүйл нь алга болж эхлэнэ гэсэн үг. Хүн ямар нэг зүйлд дурлах, ямар нэгэн зүйлд дургүй байх нь байх л хэвийн үзэгдэл. Энэ хоёрыг эрт мэдэж авснаар дуртай зүйлдээ цаг зарцуулж жаргал мэдрэх хугацаа төдий чинээ урт байна гэсэн үг шүү дээ. 

Амьдралынхаа турш үргэлжүүлнэ дээ гэсэн дуртай зүйлээ олоорой. 

Ийм зүйлд дуртай, ийм зүйлд дургүй гээд шулуухан хэлчихдэг байна гэдэг зоримог занд татагддаг хүн их. 

Аз жаргалтай амьдрахын бас нэгэн үндэс бол "сэтгэл догдлуулсан зүйлс"-ийг сонгож хийх хэрэгтэй. Хэрэв ийм догдлуулсан зүйл олдохгүй бол "хамгийн аймар" гэсэн зүйлийг сонгож хийгээд үзээрэй. 

Нүдний чинь өмнө 5 хаалга бий. 1. Аюулгүй хаалга. 2. Эрсдэл өндөртэй хаалга. 3. Хөгжилтэй зүйл тохиолдож магад хаалга. 4. Хүсэл эрмэлзлэлээ алдаж магад хаалга. 5. Алдвал бүгдийг алдчихаж магад хаалга. 

Эхний буюу аюулгүй хаалгыг л сөхөөд байвал хэдийгээр эрсдэл багатай ч уйтгартай байх болно. Тэнд ямар баяр баясал, өөрчлөлт байхгүй. Хүн гээч нь өөрөө уйтгартай зүйлээс ямагт зугтаж байдаг шуналтай. 

Нэг л амьдрах амьдралдаа олон хаалгыг татаж үзээсэй гэж хүсэх байна. 

Хүний амьдралын 4 хэв маяг бий. 

1. Дуртай зүйлээ хийгээд, мөнгөтэй байх.

2. Дуртай зүйлээ хийгээд, мөнгөгүй байх. 

3. Дургүй зүйлээ хийгээд, мөнгөтэй байх. 

4. Дургүй зүйлээ хийгээд, мөнгөгүй байх. 

Ихэнх хүмүүс дуртай зүйлээ хийх амьдралыг сонгодоггүй. Учир нь багаасаа "цамаан" байж болохгүй гэдэг сургаалийг сонсож ирсэнд байдаг. 

Ажил бол угаасаа л хэцүү, сонирхолгүй зүйл, тэвчих ёстой гэж боддог хүн цөөнгүй...

Яагаад дуртай зүйлээ хийн амьдарч болохгүй гэж? Аливаа бүхний эхлэл нь дуртай зүйлээ хийх л байдаг шүү дээ.

Өнөөдрийн бичвэрийг ингээд дуусгая. Бүтэн ном орчуулаад эхэллээ, цаадах чинь. Хэ хэ. 

Үргэлжлэлийг нь сонирхолтой гэвэл бичиж оруулна аа. Нэг ч гэсэн хүн сэтгэгдэл бичсэн байвал шүү. Хи хи. 

Хүн уншдаг үгүй нь мэдэгдэхгүй, ганцаараа л ингээд бичээд байх заримдаа сонин санагддаг ч, дуртай юм даа бичих. 

Дуртай зүйлээ хийх нь аз жаргалыг мэдрүүлдэг гэж үнэн шүү. 

За түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье ээ.

0 件のコメント:

コメントを投稿