2023年5月29日月曜日

10 хэдэн насандаа хийх 17 зүйл үргэлжлэл

Шууд сэдэвтээ орох уу? Үгүй ээ, оршил бичилгүй боломгүй санагдаад байна. Хи хи. 

Сүүлийн үед уншихгүй байна тийм үү? Гэхдээ нэлээд олон жилийн өмнөөс л би тэгж дүгнээд байгаа. 

Ажлын шугамаар үе үе ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зохион бичлэгийг япон хэлэнд хөрвүүлэх шаардлага гардаг юм. 

Тэгээд л боддог юм, оршил явсаар л төгсчихдөг. Өрнөл гэж барагтаа л бичигдэхгүй, нэг бол баахан он сар өдөр бичээд л "төгсөв" болчихдог. 

Заримдаа ч өөрөө санаа оноо нэмээд, урд хойно нь оруулаад орчуулчихдаг л даа. Заримдаа ч үнэнийг нь хэлээд буцаадаг. "Энэ нэг л орчуулж боломгүй байна аа" гээд л...

Би өөрөө тийм гоц гойд байгаагүй л дээ. Гэхдээ чинь одоо цаг үед, хэрхэн сайн зохион бичлэг бичих вэ? Хэрхэн эссэ бичих вэ? гэх мэт зааврууд их болчихсон тийм ээ? 

Тэр мэт заавруудыг уншихад л болох юм угтаа. Түүнээс бүр википедиагаас улаан цайм хуулмааргүй л байгаа юм. Тийм үү?

За сэдэвтээ орох уу даа?

1. Хүний амьдралд зөв хариулт гэж байдаггүй.

100 хүн байвал 100 янзын л амьдралын хэв маяг бий. Баян ядуу, их сургуульд сурсан сураагүй, эмч, багш, гэрлэсэн гэрлээгүй, гадаадад амьдарсан, байр худалдан авсан аваагүй гэх мэт. 

Өмнө чинь үй түмэн сонголт бий. Хязгааргүй тэр сонголтоос алийг нь сонгох нь өөрийн чинь дур. Чи л өөрөө шийднэ. 

Гэр, сургууль, ажил, компани, хамтдаа хооллодог дотно хүн гэхэд л 10 хүрэхгүй л хүн байдаг гэсэн судалгаа бий. 

Чи том болоод өөрөө л хичээхгүй бол ерөнхийдөө дээрхтэй адил л байх болов уу? За 20-иод найз нөхөдтой байлаа гэхэд 10 нь чамайг илүү сайн мэднэ. Тэрхүү 10 хүн нь хэн байх вэ? Ямар хүн байх вэ? гэдгийг чи л сонгоно. Энэ маш чухал сонголт байх болно. 

Тэрхүү чиний сонгосон 10 хүн нь ямар  нэгэн байдлаараа чамтай төстэй байх болов уу? Амьдралын хэв маяг, үзэл бодол гэх мэт. 

Хаана, ямар хүрээлэлд харъяалагдах вэ гэдгээс шалтгаалж хүний амьдрал өөр өөр байх нь мэдээжийн хэрэг. Хүн гээч нь тухайн харъяалагдаж буй бүлгийнхээ нөлөөллийг ихээр хүртэж байдаг. Тийм учраас ирээдүйд хаана, ямар бүлэгт харъяалагдах вэ гэдгээ сайтар тунгааж, сонгох хэрэгтэй. 

Чи өөрөө л сонго. Яагаад гэвэл чи тэр хүрээлэлд орж амьдарна, чиний өөрийн л  амьдрал учир...

Янз бүрийн мэргэжилтэй хүнтэй уулзаж ярилцахдаа нэг зүйлийг ойлгосон нь "хүний амьдралд зөв хариулт гэж үгүй". Жишээ нь их сургуулийн багшийн гэр бүлд сургуульдаа онц сайн сурах нь зөв, тамирчны гэр бүлд биеэ бялдаржуулах нь зөв, шашны номлогчийн гэр бүлд олны өмнө чадварлаг ярьдаг байх нь зөв гэх мэт тухайн гэр бүлийн нийгмийн байр сууриас хамаараад хариултууд нь өөр өөр. 

Хүний амьдрал бол тэр чигээрээ сонголтын үржүүлэх байдаг. Ямар ахлах сургуульд орох, ямар их сургуульд орох, ямар ажил хийх, ямар хүнийг сонгож гэрлэх, ямар найз нөхдөөр хүрээлүүлэх гээд л сонголтууд өмнө чинь дурайж байна. 

Эдгээр сонголтуудаас шалтгаалж хүмүүс хоорондын харилцаа ч хамааралтай байдаг. 

Гэхдээ дээрх бичсэн зүйлд хэт их шаналж, толгойгоо гашилгаж, санаа зовох хэрэггүй. Нэг ёсондоо гүнзгий хямраад хэрэггүй. 

Бүх юм санаснаар бүтдэг, санаснаар болдог зүйл ховор шүү дээ. Тийм болохоор тухайн цаг үед төрсөн мэдрэмжээрээ л сонгоход болно. 

Шийдэж ядаад, шийдэж цөхөөд, хямраад цаг алдаж байснаас ямартай ч сонголтоо хийгээд, үзээд алдах хэрэгтэй. Энэ үед оносон нь ч их шүү дээ. 

Харин нэгэнт сонголтоо хийсэн бол идэвхитэйгээр, хүчээ дайчлаад зүтгэх хэрэгтэй. 

Томчуудын дунд зүгээр л нэг урсгалаараа амьдарсан, үлгэн салган амьдарч буй нь их байдаг. 

Нүдний чинь өмнө дурайж буй сонголтуудаас хамаарч амьдрал чинь өөр байж болдог гэдгийг санаж явах...

2. Нийгмийн бүтэц, тогтолцоог ажиглах. 

Хорвоо ертөнц, нийгэм тэр аяараа дүрэм журам, тогтолцооны дагуу хөдөлж байдаг. Ялангуяа өнөөгийн хөрөнгөтний нийгэм нь өөрийн гэсэн өвөрмөц дүрэмтэй...

Ашигтай, мөнгө их олдог салбар, ашиггүй, мөнгө барагтаа л олдоггүй салбар ч бий. Хэдэн жилийн өмнөхөн ашигтай гэгддэг байсан салбар нийгмийн өөрчлөлтөнд тэсэлгүй үнэ цэнээ алдаж байдаг. 

Нийгэм дэх мөнгөний урсгалын тухай, үнэлгээний тухай мэдэх шаардлагатай. 

Өөрийн гэр бүл, хамаатан садан нь нийгмийн ямар зэрэглэлд, ангилалд байдаг тухай мэдэх хэрэгтэй. Ээж аавынхаа хийдэг ажлыг, тэдний орлого, хамаатан садангуудын орлого хэр хэмжээний вэ? 

Нийгэмдээ ашигтай үйл ажиллагаа явуулдаг уу? Ямар арга барилаар ажилладаг вэ? Хувийн компанитай юу? Компанийн ажилтан уу? Хөрөнгө оруулагч уу? Бизнес эрхэлдэг үү? 

Хамаатан садангууд, ээж аав чинь аз жаргалтайгаар ажлаа хийдэг үү? Нийгмийнхээ сайн сайханд хувь нэмрээ оруулж байна уу? Эргэн тойрных нь хүмүүс тэднийг дэмжиж байна уу?

Гэр бүлээрээ амжилттай яваа нь ч бий, эсрэгээрээ гэр бүлээрээ хэцүүхэн байдалтай нь ч бий. Тэдгээр нэгэн удам? дотроо танай гэр бүл дээгүүрт орж байна уу? Эсвэл доогуурт орж байна уу? Хэзээнээс ийм болов?

Гэх мэт бодож тунгааж байтал өөрийнхөө гарал үүслийг мэдэх болно. 

Өнөөдөр нийгмийн доогуур байр сууринд байлаа гээд энэ муу зүйл биш. Өөрийн өнөөгийн байр байдлыг мэдсэнээр хойшид хэрхэн амьдрах арга барилаа олоход чинь тус болно. 

Мөн одоогийн байр сууриа мэдсэнээр олж авсан зүйл, золиослосон зүйлээ мэдэж, хойшид өөрийн явмаар байгаа, очмоор байгаа газартаа хүрэх арга замаа олно гэсэн үг. 

Гэр бүлийнхний чинь одоогийн байр сууринд байгаа нь ямар нэгэн шалтгаантай байж таараа. Түүнийг шалгаж мэдсэнээр чи амдьралын шинэ хэв маягийг сонгох боломж нээгдэнэ. 

Сургууль гэдэг маш өвөрмөц ертөнц. Энэ насанд чи хамгийн эрх чөлөөгүй, элдэв дүрэм журамд баригдсан ертөнцөд амьдарч буй. Хүний амьдрал дахь хамгийн эрх чөлөөгүй үе гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй л байх. 

Одоогийнхоос илүү эрх чөлөөгүй, баригдмал амьдрал гэвэл торны цаана хоригдох, нэг бол цэргийн амьдрал байна. 

Хаана амьдрах чинь ээж аавын сонголт, шаардлагаар шийдэгдэнэ. Хиймээр байгаа зүйл нь хязгаартай, мөн эдийн засгийн чөлөөт бус байдал. Хайр дурлал, өмчлөх эрх ч хязгаарлагдмал...

Дээрээс нь чиний одоо явж буй сургууль чинь нийгэм дэх хамгийн өвөрмөц ертөнц билээ. 100-гаад жилийн өмнө батлагдсан хөтөлбөрөөр багш нар хичээл заана.

Өнөөгийн нийгэмд 10 жилийн өмнөх, бүр 1 жилийн өмнөх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлбэл тэр компани тэр даруйдаа л дампуурах байх тийм үү? Ийм л хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд огтоосоо ч өөрчлөгдөхгүй байгаа нь сургууль.

30 жилийн дараагаар л "сурах агуулгаа сонгох нь сурагч хүний эрх" гэдэг заалт орж ирэх байх, тэр болтол өнөөгийн нийгэмд дээрх эрх зөвшөөрөгдөөгүй л байна. 

Юу түгээнэ, юу өгнө түүнийгээ л авна. Энэ хорвоод олон янзын хууль үйлчилдэг. Жишээ нь дэлхийн таталцлын хууль. 

Хүмүүсийн харилцаа, мөнгө, бизнес, эрүүл мэнд зэрэгт ч энэхүү хууль үйлчилдэг. Хуулийн тухай мэдэхгүй юм чинь гээд түүнээс зугтах, тойрч гарах аргагүй. 

Зүтгэл гаргалгүйгээр үр дүн хүлээх нь утгагүй юм. Хичээл хийхгүй байж дүн дээшилсэнгүй, эелдэг харьцаагүй байж бусдаас эелдэг харьцсангүй гэж хүсэх зэрэг нь ахархан бодол юм. 

Тасралтгүй хичээллэх, зүтгэл гаргахад гарцаагүй дүн ахина. Өгөөд л, түгээгээд л байвал гарцаагүй үр өгөөж нь ирдэг гэдгийг мэдэж, түүнийг хэрэгжүүлдэг хүн амжилтанд хүрдэг. Аз жаргалтай амьдардаг. 

Миний бие үүнийг 19 настайдаа л ойлгосон. Тэгээд надад буй зүйл гэвэл олигтой зүйл байсангүй. Тэгээд эргэн тойрныхоо хүмүүст халуун дотно сэтгэл, хайрыг түгээхээр шийдсэн. 

Жишээ нь харилцаж буй хүнийхээ сайн талыг олж хэлэх, магтах. Хүний сайн талыг олж харж чаддаг хүний дэргэд хүмүүс аяндаа цугладаг. Хүний муу талыг л хардаг, муулдаг хүнээс хүмүүс дөлдөг. 

Нэг ёсондоо чи юу тараана, юу түгээнэ, юу өгнө тэр чинь л чамд буцаж ирнэ гэсэн үг. Энэ бол нэг ёсондоо таталцлын хүч билээ.

Мөн талархах сэтгэлээ ч мартаж болохгүй. Жижиг зүйлд ч талархах. 

Хүүе өнөөдөртөө өндөрлөе. Бараг бүгдийг нь орчуулаад оруулчих шиг боллоо. Дараагийн удаад маш товч бичихийг хичээнэ ээ. Нэг бол бичихгүй ч байж магад. Номоо буцаагаад өгчихвөл бичихгүй л болов уу? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилтын дээдийг хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿