2023年6月1日木曜日

10 насандаа хийх 17 зүйл үргэлжлэл 3

7. Ирээдүйд юугаар хоолоо олж идэх вэ? гэдгээ бодох. 

Ямар ажил хиймээр байна вэ? Ингэж бодож байсан уу? Жишээ нь багш болмоор байна, өмгөөлөгч болмоор байна? Бизнес эрхэлмээр байна? Нийгмийн ажилтан болмоор байна? Төрийн албан хаагч, төрд ажилламаар байна?

Эдгээрээс аль нь вэ? 

Өөрийн авъяас, ур чадвар зэргээ аль хэзээний олж хараад, энэ чиглэлээр явбал зүгээр юм байна гээд төлөвлөчихсөн, шийдчихсэн ч байж магад.

Эсрэгээрээ энэ тухай хараахан бодож амжаагүй, ирээдүйд ямар ажил хийхээ шийдэж амжаагүй ч байж магад юм. 

Мэдээж яг одоо энэ тухай шийд гэж хэлэхгүй. Гэхдээ ирээдүйд юу хиймээр байна? Ямар ажил хиймээр байна? гэж бодож үзэх, энэ тухай тунгаах, бодож үзэх дадал суулгах хэрэгтэй. 

Бага багаар өөртөө ирээдүйнхээ тухай бодох дадал, өөрийгөө олох гэж эрэлхийлж байвал хэзээ нэгэн цагт өөрийн тань антеньд нэгэн бодол, сонголт ороод ирнэ гэдэгт найднам. 

Өөрөөр хэлбэл "хайгаад байсан зүйл минь энэ байна шүү дээ" гээд нэг л өдөр мэргэн санаа, оноо, шийдэл ургаад гараад ирнэ. 

Өдөр тутамдаа энэ сонирхолтой, энэ дажгүй, энэ онцгүй, энэ таалагдахгүй байна гэж өөртөө үнэнчээр мэдэрч, үнэлж, дүгнэж байх хэрэгтэй. Энэн дадал нь ирээдүйн чиглэлээ олох нэг арга болно. 

Энэ хорвоод маш олон төрлийн ажил, мэргэжил бий. Чиний мэддэг мэргэжил, ажил бол чи өдгөөг хүртэл эргэн тойрноосоо сонсож, харж байсан мэдээлийн хүрээнд л эргэлдэж байдаг.

Энэхүү мэдээллийнхээ хүрээг байнга тэлж байх хэрэгтэй. Мэдлэг мэдээллийн хэмжээ ихэсвэл мэдээж сонголт ч өргөн болно. 

Янз бүрийн салбарт цагийн ажил хийх үзэх. Ингэж цагийн ажил хийж үзсэнээр ном зохиолд заадаггүй, хүмүүсийн зааж өгдөггүй туршлагыг өөртөө хуримтлуулж чадна. 

Цагийн ажил хийх явцад бусад ажилтны хэлж зааж буй зүйл нь, зөвлөгөө нь, хүмүүс хоорондын харилцаа зэргийг олож харах нь үнэт зүйл юм. Ирээдүйд гарцаагүй үр ашгаа өгөх туршлага болж үлдэнэ шүү. 

Өөрийн хүндэтгэж явдаг хүнд шавь орох. 

"Энэ хүн шиг болмоор байна, энэ хүн шиг амьдармаар байна" гэж бодсон хүнтэй учирвал тэр хүндээ шавь орох төлөвлөгөө гаргаж болох юм. 

Нэг бол ирээдүйд ийм ажил хиймээр байна гэж шийдсэн үедээ тухайн ажил мэргэжлийн хүнтэй ойр байхыг эрмэлзэх хэрэгтэй. Ингэхдээ цалин хөлс, шан харамжийн тухай бодож болохгүй. 

Учир нь шавь нь болсон хүнийхээ дэргэд байж суралцах, тэр хүнийхээ энергиэс авч байна гэдэг нь өөрөө шан харамж болно.

Ингэж хэн нэгэн "гайхалтай" хүнд шавь ороход насны хэмжээ байна. 25 нас хүртэл. 25-с дээш насыг бол ажил төрөлд ороод, нийгмийн нэгэн гишүүн, насанд хүрсэн гэж тооцно. 

25 нас хүртэл эргэн тойрны чинь хүмүүс ч чамд зааж өгөхдөө дуртай, урамтай байх болов уу? Хэнийг багшаараа, ментороороо сонгох вэ гэднээ ирээдүйд ямар чиглэлээр явмаар байна? гэдгээсээ хамаарч сонгоно. 

Сайн дурын ажил ч байж болно шүү дээ, тухайн орчны уур амьсгалыг өөрийн биеэр мэдрэх, амсах нь чухал. 

Ажил мэргэжлээ сонгохдоо жаахан байхдаа юунд дуртай байсныгаа эргэн санаад үзээрэй. Жишээ нь зураг зурах дуртай байсан, жаахан хүүхэд харахдаа сайн, дуртай, хөгжилтэй байсан, хүүхэлдэйнийхээ болон хүний үс самнаж тоглох дуртай байсан, ээжийнхээ хоол хийж байгааг харах дуртай байсан, үсэг мэддэггүй байсан ч ном унших, үзэх дуртай байсан гэх мэт. 

Энгийн, жаахан зүйл санагдаж магад ч ирээдүйн амьдралыг чинь шийдэх "түлхүүр" нуугдаж байх нь ч бий. 

8. "Үзэл бодол, сэтгэл хөдлөл" хоёр нь хүний амьдралыг хөдөлгөж байдгийг мэдэх.

Өөрийнхөө бодож төсөөлж байгаа шигээ хүн болоорой. Бид дадал зуршлынхаа дагуу л амьдарч байдаг. Тэрхүү дадлыг хянаж байдаг нь бидний үзэл бодол, сэтгэл хөдлөл байдаг. 

Өдөр тутмын амьдралдаа мэдэрч байдаг зүйл, бодож байдаг зүйлийнхээ нөлөө, үр дүнгээр амьдардаг. Оюутан цаг үеийн мэдрэмж, сэтгэл хөдлөл, ажил болон санхүүгийн мэдрэмж, хайр дурлал нь бүтэмжтэй болох эсэхийг чиний үзэл бодол чинь шийдэж байдаг. 

Өөрийнхөө хүссэн шиг хүн болох хэрэгтэй. Сайн дүн авмаар байвал хичээлээ сайн хийхэд болно. Ингэж шилдэг нь байхдаа ханамж аван, түүнийгээ хадгалахын тулд байгалиасаа л зүтгэл гаргах биз ээ? 

Хичээлдээ сайн дүн авдаг хүн "сайн дүн л авах ёстой" гэж бодон хичээлээ хийдэг. "Сайн дүн авах юмсан" гэж боддог ч түүнийгээ үйлдлээрээ үзүүлдэггүй хүн одооныхоосоо өөрчлөгдөхгүй, муу дүн авсан хэвээрээ л байх болов уу? 

Энэ нь ч ирээдүйд ажил дээр гарахад ч нөлөөлнө. Ажилдаа сайн хүн зүтгэлтэй байдаг. Өөрийн хүчээ шавхаж дайчилдагт байдаг. 

Мэдрэмж, сэтгэл хөдлөл нь ч бидний амьдралд хүчтэй нөлөөлж байдаг нь гарцаагүй. Сэтгэл хөдлөлийн тухай зориуд бодож үзээгүй байж магад, хүн төрөлхтөн өөрийн мэдэлгүй л дотоод мэдрэмжийнхээ нөлөөгөөр ямарваа нэгэн үйлдэл хийдэг. Чи мөн адил, сэтгэл хөдлөлөөрөө аливаа зүйлийг хийдэг байж магад ч, сэтгэл хөдлөлийн нөлөөлөх хүчийг мэддэг байх хэрэгтэй. 

Сэтгэл хөдлөлөөрөө муу зүйл хийчихдэг, хэрэггүй зүйл худалдан авчихдаг шүү дээ. Энгийнээр хэлэхэд тэр хүнд дургүй учраас уулзахгүй, тэр дэлгүүр таалагддаггүй учраа явахгүй гэх зэрэг нь сэтгэл хөдлөлийн нэг илрэл юм. 

Нас ахих тусам хүний сэтгэл хөдлөл аажимдаа багасаж байдаг. 20, 30, 40 гээд л нас явах тусам хүний баярлах, туних, гомдох, уурлах гэх мэт сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэх, гаргах зэргээ мэддэг болно. 

Сэтгэл хөдлөл мэдээж энэ хорвоод байх ёстой зүйлийн нэг. Харин түүнийг хэрхэн ашиглах, хянах, мөн золгүй үйл явдал, бүтэлгүйтэл зэрэг ч сэтгэл хөдлөлөөс үүдэх нь бий гэдгийг мэддэг байх хэрэгтэй гэсэн үг. 

Өөрийн амьдралын өчүүхэн бүтэлгүйтэл, бухимдал, гонсойлт зэргийг эцэг эх, нийгмийн буруу гэж үзэхгүй байх. Нэг ёсондоо тэдгээрт бурууг тохохгүй байх. 

Учир нь чиний өмнө сонголт байна шүү дээ. Чи ямар хүн болох, ямар ажил хийх гээд л дандаа чиний сонголт гэсэн үг. 

Энэ насны нэг онцлог нь бүхий л зүйлд сэтгэл дундуур, эсэргүүцэж ханддаг талтай. Энэ нь юунаас болоод байна гэдгийг олж мэдэх хэрэгтэй. 

9. Юу сурах тухайгаа бодох, тунгаах.

Сургуульд заалгасан зүйлийн чинь 80 хувь нь бодит амьдралд нэг их хэрэг болдоггүй. Энэ тухай чи бараг гадарлаж байж ч магад юм. 

Яахав, сургуульд заасан зүйлийг сууриа болгоод, улам дэлгэрүүлж судлан,  хичээллэн түүнийгээ ажил амьдралдаа хэрэгжүүлж буй хүн ч бий. Гэхдээ маш цөөхөн хувьтэй гэж хэлэх байна. 

Хүний оюун ухаан ерөнхийдөө дараах 7 зүйлээс бүрддэг гэж үздэг. Хэл яриа, логик тооны ухаан, орон зай, биеийн хөдөлгөөн, дуу хөгжим, хүнтэй харьцах, дотоод сэтгэл. 

Эдгээрийг бүгдийг нь сургуульд зааж чаддаггүй. Хэл яриа, логик тооны ухааныг л заадаг. 

Мэдлэгээс илүүтэйгээр ур чадвар, мэргэн ухааныг эзэмших хэрэгтэй. Орчин үед интернет, компьютер байхад л мэдлэгийг олж авч чадахаар болчихлоо. 

Янз бүрийн тохиолдолд хэрхэн шийдвэр гаргах вэ? Хэрхэн хурдан уншиж сурах вэ? Мэдээллийг хэрхэн хурдан цуглуулж сурах вэ? Эмх цэгцтэй орчинг хэрхэн бүрдүүлэх вэ? Гэх мэт ур чадварыг энэ л насандаа эзэмшсэн байх нь ирээдүйн амьдралд чинь асар том үүрэгтэй. 

Миний бодож байгаагаар хүний амьдралыг жаргалтай болгох дараах 12 зүйл бий. Эрүүл мэнд, хүмүүсийн хоорондын харилцаа, сэтгэл судлал, санаачлагатай байдал, найз нөхөдтэй болох арга ухаан, мөнгө санхүүгийн зохицуулалт, бизнес, зорилгодоо хүрэх арга барил, эмх цэгцтэй байж сурах, хурдацтай унших арга барил, мэдээллийг зохицуулах арга барил. 

Юуг сурах нь хэдийгээр чухал ч гэсэн хэнээс суралцах вэ гэдэг нь үүнтэй зэрэгцэн чухалд тооцогдоно. Нийгэмд дээгүүр байр суурины хүнээс суралцвал тэр хүндээ дөхөж очно. 

Ном, интернетээс суралцахаас илүүтэйгээр хүнтэй харьцаж, амьд харилцаанаас хүний ой толгойд үлдэх нь хамаагүй үр дүнтэй гэж өөрийн туршлагаас хэлэх байна. 

Чиний эргэн тойронд чинь нийгмийн багш маань сонирхолтой гоё хүн байсан тул нийгмийнхээ хичээлд дуртай сайн байсан, англи хэлний багш минь их сайн заадаг хүн байсан учраас дуртай бөгөөд сайн суралцсан гэж ярьдаг хүн бий биз дээ. Энэ чинь л амьд харилцаа буюу хүнээс сонсож, ярилцаж сурахын давуу талыг хэлээд байна гэсэн үг. 

Энэ хүнээс л юм олж мэдмээр байна, энэ хүнээс л суралцмаар байна гэж төлөвлөж суралцах нь сайн суралцахын нэгэн нууц юм. 

10. Анхны "аялал"-д явах.

Мэдээж бага ангийн хүүхдүүдийг аялалд гар, аял гэж хэлэхэд хэцүү. 

Өөрийн мэдэхгүй газар, орчинд ганцаараа алхаад явахад догдолдог доо. 

Аялалын нэг сайхан нь чамайг хэн ч таньж мэдэхгүй ертөнцийн амтыг мэдрэхэд оршдог. Хэн ч чамайг таньж мэдэхгүй газраар аялахад маш их эрх чөлөөг мэдэрдэг. 

Хажуугаар нь айдсыг ч мөн мэдэрнэ. 

Хэрэв гадаад улсад аялж байвал тухайн орны хэлээр өөрийнхөө мэддэг хэмжээнд яриад, ойлголцоод, чамд эелдэг хандахад л өөрийгөө том болчихсон мэт мэдрэмж төрдөг. Энэ л мэдрэмж аялалын хамгийн тансаг амт юм. 

Аялалын явцад олон сайхан зүйлс, хөгжилтэй зүйлстэй тааралдахын хажуугаар аюултай, амь дүйсэн тохиолдлууд ч таарна. 

Хорвоод сайн хүн ч бий, саар хүн ч бий гэдгийг өөрийн биеэр мэдэрнэ. 

Аялалд гарч азаа турших, адал явдалтай учрах нь 10 хэдэн насны давуу эрх гэж хэлж болно. Учир нь залуу байна, маш их эрч хүч амтагдаж байна. Тийм үү? 

Гэхдээ энэ эрч хүчээ хэрхэн хаана, яаж зарцуулах вэ гэдгээ мэддэг байхгүй бол, уур бухимдал болж гарч мэднэ. 

Хэт их идэвхитэй болж ч мэднэ. Эдгээрийг зөв хянаж, зохицуулж, энергийн төвшингөө ахиулах хэрэгтэй. 

Заавал гадаад гэлтгүй, өөрийн очиж байгаагүй хажуугийн хот, аймаг, сум ч байж болно. Дугуйгаар жаахан зайтай газар жийгээд ирсэн ч болно шүү дээ. 

За үлдсэн 7-г нь дараагийн бичлэгээр нэг мөсөн бичээд дуусгахыг хичээнэ ээ. 

Намайг багад ийм ганц нэг ном байсан бол гэж бодох. Хэ хэ. 

За түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿