2023年5月28日日曜日

Сургуулиар сонин сайхан

Хэсэгтээ дахиад л дунд сургуулийн тухай бичих байх шүү. Хэсэгтээ ч гэж дээ, 3 жил. Хүүхдүүддээ бол урт хугацаа, томчууд бидэнд богино хугацаа байдаг гэж өмнөх туршлагаасаа мэдэж авсан. 

Учир нь яг энэ үеэр эд нар чинь шилжилтийн нас, бие хаад нь өөрчлөлт орох гэх мэтээр ааш зан нь огцом өөрчлөгддөг үе...

Зулзага гар хөлөө өргөж байгаад ангийн дарга болсон гэж хэллүү. Нэг хөвүүнтэй хамтдаа. Хичээл ихийн хажуугаар ангийн дарга нарын цуглаан болно. Юу ч ярьдаг юм бүү мэд. Хо хо. 

Ээж бас зүгээр байж чадалгүй нэг албанд сонгогдчихсон, ангийн эцэг эхийн төлөөлөл болж. Саналаараа болох хүн байдаггүй. Сугалаа сугалаад, таарчихдаг юмдаа. 

Бусад бага сургуулиас бас ирж суралцдаг тул, намайг мэддэггүй нэг аав 
-Япон хэл хэр мэдэх вэ? 
-Ойр зуур, өдөр тутмын ярианы хэлтэй.
-Өө, тэгвэл асуудалгүй, бусад ээж аавуудын дэмжлэгтэй болчихно.
-Аан за.

Хэ хэ. Өнөөх нь тэгсэн япон хэлээр роман уншдаг шд. Даруухан загнасан байна уу? Мэдээж толь бичиг ашиглаж роман уншдаг ч...

Гэрийнх нь харъяа дунд сургуульд ойр хавийнх нь бага сургуулиас хүүхдүүд нийлж суралцдаг. Газар газраасаа өөр байх, зулзагын сугуульд нийт 3 бага сургуулиас ирж суралцана. 

Тэгээд л шинэ найз нөхөд, шинэ хүрээлэл, шинэ үзэл бодол гэх мэт ухаан санаа  нь тэлэгдээд явна...

Саяхан бидний хэдэн эцэг эхийн төлөөлөл нэг цугласан. Сургуулиас гаргадаг жижиг сэтгүүлийн агуулгыг шийдэж, зураг хөрөг сонгож, хэвлэлийн газар барьж очдог ажил. Би ч ус цас хэлээ ашиглаад бас санаа оноогоо хэлээд амжсан. 

1 жил л болно,  уг нь гайгүй. Гэхдээ үе үе оройд цуглах нь заримдаа өөр юмтай давхцаад төвөг болох шинжтэй шүү. 

Манайхны эцэг эхийн зөвлөлийн ажлыг бодвол гайгүй л санагдсан. Манайд чинь юу вэ? Хүүхдээсээ дутахгүй дуулж бүжиглээд, жүжиглээд, уралдаад, тэмцэлдээд, урлагийн үзлэг, спорт өдөрлөг зохиочихдог юм билээ, тийм ээ?

Миний хувийн бодол шүү, төвөгтэй л санагдсан. Зүгээр л ажлаа хийгээд, оройдоо гэрээрээ тайван амгалан л суумаар...

Бүжгийн хувцас, жүжгийн хувцас жигдрэх гээд л элдэв зардал гарна аа даа. Би тэгж ганц нэгхэн өмсдөг хувцсанд мөнгө зармааргүй л санагддаг. Хүн хүний сонирхол, идэвхи өөр өөр юм даа...

Хаврын үзлэгүүд явагдсан. Зүрхний бичлэг, шээс, хараа, дотор, шүд гээд л. Гэснээс дахиад л шээснээс уураг гараад, хоёр дахиа өгсөн, дахиад уурагтай гарсан. Одоо бүр мэргэжлийн газар дахин шинжилгээ өг гэсэн. Явж амжаагүй л байна. 

Асуултууд нь их зүгээр, жишээ нь ойр хавийн хамаатан саданд чинь зүрхний өвчнөөр нас барсан хүн бий юу? Зүрхний хагалгаанд орсон хүн бий юу гэж асуудаг. 

Дээхэн шүү дээ, нэг монгол хүүхдийн зүрхний цохилт шуугиантай? байна гээд, дахин том эмнэлэгт шинжилгээ өгөөд, цоорхойтой байна гэж оношлогдоод. Гэхдээ явцыг нь харна, өөрөө битүүрдэг ч тохиолдол бий гээд, жил бүр улсын зардлаар хяналтанд орж үзүүлээд...

Ашгүй өөрөө байгалиараа битүүрээд, хагалгаанд орохооргүй болсон жишээ ч бий. Хэрэв хүндэрсэн бол, хэрэв монголдоо байгаад, үзүүлж харуулаагүй байсан бол, мэдэхгүй явсаар, хагалгаанд орох болсон бол гэж бодохоор...

Манайд эцэг эхийн урлагийн үзлэг, спорт өдөрлөг гэж байхаар иймэрхүү хүүхэддээ чиглэсэн эрүүл мэндийн үзлэг зэрэг арга хэмжээ авбал зүгээр санагддаг. 

Түүнээс хүүхдүүдийн дунд явагддаг урлагийн үзлэг, элдэв тэмцээнүүдийг үгүйсгээгүй шүү, харин ч байх ёстой. Гол нь дуулж чаддаг, чаддаггүй, хөдөлгөөний эвсэлтэй эвсэлгүй гээд бүгдийг л хамардаг байх ёстой тийм үү? 

За юу ярьж байлаа? Корона харьцангуй гайгүй? болоод элдэв арга хэмжээ уламжлалт аргаараа зохион байгуулагдах төлөвтэй. 

Зулзага яг эгч шигээ үлээвэр хөгжмийн дугуйланд орсон. Спортоор угаасаа явахгүй гэдгээ мэдсэн тул урлаг уран сайхнаараа дагнахаар шийдсэн. Дүрслэх урлагийн дугуйлан гэж бий. Зургийн дугуйланд тусдаа явдаг тул ороогүй. 

Японы цайны ёслол, цэцгийн урлагийн дугуйлан ч бий. Нэг ажигласан зүйл гэвэл спортын дугуйлан секц төрөл нь нэмэгдсэн байсан. Урлаг уран сайхны дугуйлан цөөхөн, 4-хөн байсан. 

Тэгэхээр спорт, хөдөлгөөн энэ сурагчид, хүүхдүүдийн ирээдүйд асар их үүрэгтэй гэдгийг нь харуулаад байна тийм ээ? Тамирын хичээлээс гадуур спорт дугуйланд заавал хамрагдах гээд үзэж тарах юм эд нар...

Гэснээс зулзага жин нэмчихлээ, зуны бассейны хичээлээс өмнө энэ гэдсийг яаж ийгээд багасгахгүй бол гэж байсан. Ээжийн нүдээр бол, хөөрхөн л мах шөл нь таарсан л харагдаад байгаа юм даа. Хэ хэ. 

Удахгүй нэг бяцхан концертод оролцоно. Эгчийг нь сурч байхад шилжиж ирсэн багш одоо ч багшилдаг юм билээ. Таниад сүйд л болов. 

Нэг иймэрхүү сонинтой, шинэ хөгжмийн нэр мэдэж авсан. Учир нь эгчээсээ өөр хөгжим дарж буй тул...

Багш нарын ажлын ачааллыг багасгах, иргэдийнхээ ажил амьдралын хэв маягийг сайжруулах гэж төрөөс янз бүрийн л арга хэмжээ авч байх шиг. Үүний нэг жишээ нь хичээлээс гадуурх дугуйланг ажлын өдөр заавал нэг өдөр амраах. Мөн бүтэн сайны дугуйланг хичээллэхгүй байлгах гэх мэт. 

Гэхдээ тэмцээн, уралдаан дөхсөн үед бол гарцаагүй л "илүү цаг"-аар хичээллээд байна. Дөнгөж шинээр орсон дунд сургуулийн 1 дүгээр ангийнхан дасан зохицох гэж бас л үгээ хэлж байх шиг. 

Өглөө 7:30 гэж гарна, 30 минут алхаж сургуульдаа хүрнэ. Орой дугуйлантай үед хичээлээ тараад 30 минут алхаж ирсээр байтал 19:00 цаг гэж иртээ ирээд, хоолоо иднэ, даалгавраа хийнэ...

Оройд унтах цаг нь яаж ийгээд л оройтно. Ээж яахав өрөвч юм болохоор, тэртэй тэргүй охид томроод гэрийн ажил, үр хүүхэд гээд хүссэн хүсээгүй хийх  болно гэж бодоод, гэрийн ажилд туслуулахгүйг хичээнэ. 

Мэдээж уур хүрэхээрээ бүх гэрийн ажлыг хийлгэх гэж үглэнэ. Ажил хийж сур, хэн ч булаагаад авахгүй сурсан эрдмийг чинь бла бла... Хо хо. 

Томорч буй зулзагуудтай ээж аавууд минь яадаг вэ? Туршлага зэргээсээ хэлээрэй...
 
Түр баяртай, бүгдэд нь амжилтын дээдийг хүсье...

0 件のコメント:

コメントを投稿