Эх оронд минь автын осол үнэн хэцүү юм аа тийм ээ?
Гарцаар гарч байсан охид, эгчийгээ нисэх дээр гаргаж өгчихөөд харьж явахдаа осолд орсон залуухан сайн бүсгүй гээд л их олон жишээ сонслоо, энэ жил.
Үнэндээ би ч их л айж байсан. Дүүгээ, аавыгаа машин барихад нь болгоомжтой гээд л, хааяа бол үглэлгүй, дуугай л дотроо залбирч явсан. Жолоочийн хажууд уулга алдаад байхаар жолоочид хэцүү хэцүү.
Японд ч мөн автын осол их гарна. Нэг ялгаатай нь хууль нь яс үйлчлээд, хуулиасаа илүүтэй нийгэм нь илүүд үзэн яддаг.
Зөвхөн жолоочоос гадна түүний гэр бүл, үр хүүхэд нь байж суух газаргүй болоод, эхнэр нь ч юм уу нөхөр нь салаад, овгоо солиод, тухайн газраас нүүж өөр газарт очиж амьдрах тохиодол их гэж сонссон.
Бүр жолооныхоо үнэмлэхийг сунгуулах гээд нэмэлт хичээлд сууж байхад тийм богино хэмжээний кино үзүүлчихдэг юм билээ. Олон зүйл нуршилгүй, нэг залуу халамцуугаар машин барьж яваад, хүн мөргөөд, тэгээд яг дээрх шиг зүйл болоод, хамаг амьрал нь сүйрдэг тухай...
Мэдээж хайртай хүнээ дайруулж, алдсан гэр бүл ч сэтгэлийн тамд унана. Дайрч алсан нь ч сэтгэлийн тамд унана. Ингэхдээ ганцаараа биш, гэр бүлээрээ, ээж аав, үр хүүхэд нь хүртэл...
Согтуугаар машин барихыг хатуу хуульчилж, хамт ууцгаасан хүмүүс нь хүртэл арга хэмжээ авахуулдаг болсон гээд энд тэнд албан газрууд ууж идэхдээ дарга нар нь машинаа унахгүй байх, дуудлагын жолооч дуудах мэтээр зохицуулаарай гэж байнга сануулдаг.
Бүр дугуйтай ч явж болохгүй, хэрэв уусан тохиолдолд дугуйгаа түрээд явцгаана.
Бид өөрсдөө л соёлжмоор санагддаг даа. Дүрмээ баримтлаад л, нэг нэгэндээ хүндэтгэлтэй харьцахад болох ч юм шиг. Мөн ойр зуур алхдаг болчихвол, мөн нийтийн унааг олшруулмаар, хөгжүүлмээр тийм ээ?
Ингээд бичих ч амархан л байх. Заримдаа ч үнэндээ төр засгийг хараамаар санагддаг, бухимддаг үе бий бий.
Өглөөд сэрээд ээж аав руугаа мэнд мэдэж асууна, дүүгийнхээ гэр бүлийн сонин сайхныг асууна. Зулзагуудынх нь хичээл ном сайн эсэхийг асууна. Аминдаа санаа зовж буй нь тэр.
Сургууль нь ойр юм уу? Онцын ажилгүй бол орж гарах гэсний хэрэггүй шүү гэж аавдаа байнга захина. Ахимаг насны та минь хүний элдэв гуйлганд бага яваарай гэж хүснэ.
Өнөөдөр надаас, танаас хол өнгөрсөн энэ ослууд хэзээ нэгэн өдөр дайрахыг мэдэхгүй шүү дээ, тэгэхээр уг нь ярьж хэлж, нэгэнт болчихсон тохиолдолд хуулийн хариуцлагыг нь яс тас хүлээлгэдэг баймаар байна тийм үү?
Тэгш эрхтэй л хариуцлага тооцдог, хариуцлага хүлээдэг иргэд, нийгэмтэй болмоор санагдах юм дөө.
0 件のコメント:
コメントを投稿