2023年9月20日水曜日

Вэн хот

За номын баяр болоод өнгөрлөө тийм ээ. Энэ жилийн сонин содон гэвэл хятадын зохиолч Үй Хуа ирлээ. 

Бид яг энэ сар түүний нэгэн зохиол болох Вэн хотыг уншиж ярилцах байсан. Зун уулзахдаа тэгж тохиролцсон юм. Сонин тохиол байна уу? 

За тэгээд мэдээж өмнөх номнуудтайгаа төстэй, хятадын энгийн ард түмний амьдралыг хүүрнэн өгүүлнэ. 

Энэ хятад хүмүүс дотор ийм хүн чанар сайтай хүн байдаг л юм байх даа гэж бодно. Ха ха. 

Түүнээс хятадууд бол хүний муу муухай бүхнийг агуулсан мэтээр сонсож өслөө шүү дээ. 

За тэр дээрэмчдийн хэрцгий үйлдэл бол зэвүүн, балиар, аймар, хүний ёсонд ийм зүйл байдаг аа гэж бодно. 

Гэснээс манайхныг шийтгэдэг тэр 9 эрүү энэ тэр чинь урд зүгээс гаралтай тийм ээ? Ёстой жигшин зэвүүцмээр...

Тэргүүн бүлгийн гол дүр Шяньфу үхчихдэг, зайлуул. Мөн түүнийг тойрсон хүмүүс үхэж үрэгдэх нь олон. 

Харин их зөв хүнтэй нөхөрлөж, ахуй амьдрал нь сайхан цэцэглэнэ. 

Эрдэмтэй, гартаа ур дүйтэй хүн хөрөнгөтэй байснаас ч илүү ирээдүйтэй гэж эцэг эх нь сургадаг нь чухам үнэнийг хэлчихсэн. Өөрөө ч түүнийг амьдралдаа хэрэгжүүлнэ. 

Төрсөн охиноо хаяад явчихдаг ээжийг нь хайсаар, сүүлд нь дээрэмчний гарт амиа алдчихдаг гунигтай. 

Охиноо хаяад өөр нэг эр дагаад явчихдаг бүсгүй Шиао Мэй. Эхэндээ ч өө ямар толгой нь эргэчихсэн хүүхэн бэ гэж бодон бодон уншина. Дэд бүлэгт түүний бага нас, төрж өссөн тосгон, айлд зарцлагдаж очих, тухайн айлд эзлэх түүний байр суурь зэргийг уншаад бас өрөвдчихнө. 

Үе үед, зуун зуунд охин хүүхдийн, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь их хэцүү байсан гэж бодохоор энэ цаг үед төрсөндөө баярлана. Охидыг нээрээ арай л бас дорд үздэг байжээ. 

Их сонирхолтой өрнөнө, цаашаа яах бол гэсээр л уншиж дууссан. Мэдээж уран зохиол тул зарим нэг зүйлд хэтрүүлэг орсныг үгүйсгэхгүй ч, бас гэнэн хонгор ард их юм аа л гэж бодон бодон уншлаа. 

Түүнээс хятад хүмүүсийн тэр зальжин ухааныг барж идэхгүй бла бла гээд л бид их ярьж бичдэг дээ. Муулж суухаар тэдний тухай унш, судал гэж бичээд байгаа даа, сүүлийн үед. 

Зөв л гэж боддог. 70 хэдэн жил оросыг уншлаа. Одоо өөр зүйл унших хэрэгтэй байх өө, тийм ээ. 

Сонирхолтой тул уншаарай гэж санал болгоно шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Уншдаг үндэстэн болцгооно шүү цугаараа...

0 件のコメント:

コメントを投稿